“Тэтгэврийн зөрүүг цаашид үүсгэхгүй байхаар жил бүр инфляцтай уялдуулж тэтгэврийг нэмнэ” гэв
2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой хуулийн зарим шинэчлэлийг холбогдох албаныхан танилцуулсан юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Нийгмийн даатгалын шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн жил баталсан. Энэ хуулийг баталснаар тэтгэврийн даатгалын тогтолцоог хуваарилалтаас хагас хуримтлалын тогтолцоо руу шилжүүлсэн. Өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэдийн шимтгэлийн 17 хувь нь тэтгэврийн санд хуримтлагдаж ахмадын тэтгэвэр болдог. Энэ 17 хувиас хоёр хувийг нь мөнгөжүүлж гэр бүлийнхэнд нь өвлүүлдэг болно. Давхардсан тоогоор 1.3 сая иргэн нийгмийн даатгалын шимтгэл төлж байна.
Ахмад настны тоо манай хүн амын 10 орчим хувийг эзэлж байна. 25 жилийн дараа энэ тоо хоёрд дахин нэмэгдэнэ. Ажил хийж байгаа хүмүүсийн тоо энэ тооноос бага байгаа учраас бид хуримтлалын тогтолцоо руу шилжүүлж байна. Тэтгэврийн сангаас 10 жил ажиллаж байж хувь тэнцүүлсэн, 20 жил ажиллаж байж бүрэн тэтгэвэр авдаг. Мөн тэтгэврийг өвлүүлдэг тогтолцоог нэвтрүүлж байна.
Түүнчлэн улсын тэтгэврийн сангаас гадна хувийн тэтгэврийн сангаас тэтгэвэр авдаг байх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. 2023 онд бид төрийн албаны цалингийн тогтолцоог сайжруулсан. Өмнө нь салбарын сайд нь салбарынхаа ажилчдын цалинг нэмчихдэг байсан бол үүнийг нэг мөр болгосон.
Тэтгэврийг сонгуулийн өмнө биш инфляцтай уялдуулан нэмэх, тэтгэврийн зөрүү үүсгэхгүй байх, нийгмийн даатгалын засаглалыг сайжруулах хуулийн зохицуулалт хийсэн. 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ. Хуулийн шинэчлэлээр тэтгэврийн нөхөн төлөлтийг хориглосон. Тэгэхгүй бол шударгаар төлж байгаа нэг нь дундын санд хийгээд зардал нэмэгдэж байна” гэлээ.
Сэтгэгдэл
ЗОЧИН [202.126.89.237] 2024-01-09 11:26:18
ТЭТГЭВРИЙН ЗӨРҮҮ МОНГОЛД БАЙНГА ҮҮСНЭЭ ТА НАРЫН БӨӨЦИЙЛӨӨД БАЙГАА МАЛЧИД ЧИНЬ НДШ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ШҮҮ ДЭЭ ТЭД НАРЫН ТЭТГЭВЭР БАГА ТОГТООГДОНО ТҮҮНИЙХЭЭ ЗӨРҮҮГ АРИЛГАЖ БАЙНА ГЭЭД НАСААРАА ЗҮТГЭН НДШ ТӨЛСӨН ИРГЭДЭЭ ШИМЭГЧИЛЭХЭЭ БОЛИОЧЭЭ.
Зочин [103.57.92.221] 2024-01-11 00:05:13
Үнэн л дээ. Малчидаас өөр бас шимэгчилдэг хүмүүс байгаа шүү. Малчид ч яахав халуунд халж хүйтэнд хөрж хөдөлмөрлөдөг хүмүүс