ОХУ-ын Тула мужийн нэг хотын цахилгаан станцад гэмтэл гарсны улмаас 400 барилга хөлдөх аюултай болов
Ням гарагт ОХУ-ын Тула мужийн Новомосковск хотын дулааны цахилгаан станцад гэмтэл гарсны улмаас тус хотын орон сууц, нийтийн үйлчилгээний 400 орчим барилгын халаалт зогссон байна. Гэмтлийн шалтгааныг хотын захиргаа трансформаторын эвдрэлтэй холбон тайлбарлажээ. Одоогоор Новомосковск хотод өдрийн агаарын температур Цельсийн -13 хэм байна.
Нийт 372 орон сууц, 16 цэцэрлэг, 10 сургууль болон эмнэлгийн барилга халаалтгүй болоод байгааг хотын захирагч Руслан Бутов мэдээлээд осол гэмтлийг түргэн шуурхай засварлахад бүх хүчээ дайчлан ажиллаж байгааг хэлжээ.
Энэ нэгдүгээр сарын турш нийслэл Москва орчмын болон ОХУ-ын бусад олон бүс нутагт хуучирсан дэд бүтцийн осол гэмтэл дараалан гарч, олон мянган хүн амьдардаг орон сууцнууд халаалтгүй болсон юм. Дулаан хангамж тасалдах гэмтлүүд Климовск, Новосибирск, Пермь, Пенза, Астрахань зэрэг янз бүрийн бүс нутгийн олон хотод гараад байгаа.
Москва орчмын Яхрома хотын оршин суугчид өчигдөр гурав дахь өдрөө халаалтгүй нөхцөлд амьдарсан байна. Хотын удирдлагууд өмнөх өдөр нь нөөц уурын зуухыг ашиглалтад оруулсныг мэдээлсэн ч өчигдөр 74 орон сууц, 5 цэцэрлэг, хэд хэдэн сургууль халаалтгүй хэвээр байжээ.
Яхрома хотын захиргаанд 8,000 оршин суугч орон байр нь хөлдсөн талаар гомдол мэдүүлсэн байна.
ОХУ-ын баруун бүсийн Липецк хотын дулааны шугам Бямба гарагийн өглөө задарчээ. Эрх баригчид гэмтлийг өдөрт нь багтаан засварлахаа амласан ч засварын ажил сунжирч, Ням гарагт 42 байшин халаалтгүй хэвээр байгааг хотын захирагч Евгения Уваркина мэдээлсэн байна. Липецк мужийн захирагч Игорь Артамонов хотод өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм тогтоожээ.
Эх сурвалж: The Moscow Times
Сэтгэгдэл
Зочин [203.98.76.249] 2024-01-15 14:06:17
хугацаа ба норм байгаа хугацаандаа амжвал хөлдөхгүй