Бусдын машины толийг гараараа цохиж хугалсан иргэнийг 200 мянган төгрөгөөр торгожээ
Цагдаагийн байгууллагаас энэ сард бүртгэгдсэн зөрчил болон гэмт хэргүүдийг дараах байдлаар шийдвэрлэжээ.
Шийдвэрлэсэн зөрчлүүд:
Тээврийн цагдаагийн албанаас иргэн “Н” нь энэ сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Mersedes Benz маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ урсгал сөрж замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж, 50 нэгжтэй тэнцэх 50,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Тээврийн цагдаагийн албанаас иргэн “Б” нь энэ сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Mitsubushi маркийн тээврийн хэрэгслийг явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35 хэсгийн 35.2-д зааснаар 20 нэгжтэй тэнцэх 20,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас иргэн “М” нь энэ сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцох үедээ Toyota маркийн тээврийн хэрэгслийн толийг гараараа цохиж хугалсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 8.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200 нэгжтэй тэнцэх 200,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Мөн шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн зарим хэргийн талаар:
Эрүүгийн цагдаагийн албанаас нэр бүхий иргэд бүлэглэн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2023 онд Хүннүгийн үеийн НТӨ II зуунаас НТ I зуунд хамаарах соёлын биет өв, XVII-XIX зууны үеийн түүх соёлын дурсгалт зүйлсийг бусдад зарж борлуулахыг завдсан үйлдэлд иргэн “Э”, “Г” нарт Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлэх саналтай Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн.
Мөн Эрүүгийн цагдаагийн албанаас нэр бүхий иргэд бүлэглэн насанд хүрээгүй хүний биеийг нь үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгт оруулан ашиг олох зорилгоор хууран мэхэлж, ар гэрийнхэнтэй таагүй харилцаатай байсан эмзэг байдлыг нь далимдуулан ятган, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд насанд хүрээгүй хохирогчийн биеийг гадаад улсын иргэнтэй бэлгийн харьцаанд оруулсан, мөн яллагдагч гадаад улсын иргэн нь хохирогчийг 16 насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан хэдий ч бэлгийн харьцаанд орсон хэрэгт “Х”, “Э” нарт Эрүүгийн хуулийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлжээ.
Эх сурвалж: ЦЕГ
Сэтгэгдэл
Зочин [202.9.41.13] 2024-01-30 09:16:17
Дүрэм журам зөрчиж дураараа авирлагчдыг хатуу шийтгэх ёстой.
Зочин [139.5.219.74] 2024-01-30 08:51:38
Яасан их хүний юм хугалдаг юм өөрийнх нь гарыг хуга цохь.
Зочин [203.98.76.249] 2024-01-29 18:25:11
торгууль нь улсад орно. иргэнээ дээрэлхэж дээрэмдэхдээ маш гарамгай юм даа