С.Одонтуяа гишүүний батлуулсан "Шүүхийн зөвшөөрөлгүйгээр бусдыг баривчилдаг, хэлмэгдүүлдэг байдлыг таслан зогсоох" хууль энэ оны наймдугаар сараас хэрэгжиж эхэлнэ

Aдмин / Улстөр

Хэн нэгнийг дур зоргоороо баривчилж, хойшлуулшгүй арга хэмжээ гэх нэрээр баяр амралтын өдрүүдэд цагдан хорьдог, ажил цуглахаар зөвшөөрөл авдаг хачин жигтэй тогтолцоо манай улсад тогтоод удаж байна. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн санаачилсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдүгээр сарын 17 /2024.01.17/-ны өдрийн хуралдаанаар баталснаар дээрх асуудал үгүй болох юм. Тодруулбал, “Шүүхийн зөвшөөрөлгүйгээр, дур зоргоор баривчилдаг байдлыг зогсоох” тухай юм.

УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн хувьд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга. Тэр ч утгаараа их хэлмэгдүүлэлтийн үе буюу 1930-1940 онд хүний эрхийг хэрхэн, яаж зөрчиж байсан тухайг баримт нотолгоотойгоор мэддэг болж, тухайн үед хэлмэгдсэн хүмүүсийн үр, хойчтой уулзаж, мэдээллийг боловсруулж, орчин цагт тэрхүү хэлмэгдүүлэлт, хүний эрхийн зөрчил ямар хэлбэрээр явагдаж байгааг төвөггүй мэддэг болсон.

Тиймээс УИХ-д дээрх хуулийн төслийг өргөн барьсан хэрэг. Хууль батлагдсанаар Монгол Улс олон улсын түвшинд хүний эрхийг хангаж ажилладаг гэгдэх боломжтой болж байгаа юм. Тодруулбал, НҮБ-ын өмнө Монголын нэр хүнд бүтэн боллоо гэсэн үг. Учир нь НҮБ-ын шинжээчид ирсний дараа Монгол Улс бүх баривчилгаагаа шүүхийн шийдвэргүй хийдэг юм байна гэсэн ЦОЧРОМ мэдээ гарсан.

Тухайн үеийн дүгнэлтэд “Ихэнх тохиолдолд сэжигтэн 48 цагаас дээш буюу зөвшөөрөгдсөн дээд хэмжээнээс илүү хугацаанд саатуулагддаг. Мөн олон тохиолдолд цагдаа иргэдийг эхлээд гэрчээр мэдүүлэг өгүүлэхээр дууддаг ч сэжигтэн болж хувирдаг байдал газар авсан” гэсэн нь ч бий. Мөн 2020-2021 онд хийгдсэн баривчлах ажиллагааны 98-99 хувь нь шүүхийн зөвшөөрөлгүй байсныг ч тодотгосон. ХЭҮК-ийн 22 дахь илтгэлд ч дээрхийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэгвэл дээрх хууль хэрэгжиж эхэлснээр долоо хонгийн долоон өдөр 06-22 цагийн хооронд тойргийн журмаар баривчилгааны болон цагдан хорихын шүүгч ажиллаж, асуудлыг хүний эрхийн зөрчилгүйгээр хуулийн дагуу шийдвэрлэдэг болсон.

Мөн анхны байцаалт болон баривчлах ажиллагааны үед тухайн иргэний хууль ёсны өмгөөлөгч заавал оролцохоор тусгаж өгчээ. Хэрвээ ямар нэг байдлаар оролцох боломжгүй бол томилсон өмгөөлөгчийг байлцуулна. Өөр нэг асуудал нь зарим хүнийг олон сар, жилээр “Мөрдөн шалгаж байна” гэх шалтгаанаар цагдан хорьдог явдлыг таслан зогсоож, хугацааг тусгайлан зааж өгчээ.

Мэдээж сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах тохиолдлууд бий. Үүнийг тодорхой заалтуудаар тусгасан байна. Тодруулбал, гэмт хэрэг үйлдэж байх үед, эсхүл үйлдсэн дор нь эсхүл гэмт хэрэг үйлдсэн газраас зугтах үед барьсан бол, гэмт хэрэг үйлдсэн даруй гэрч, хохирогч шууд заасан хэргийн газарт болон тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн бол баривчилна зэргээр заасан.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт холбогдсон сэжигтнийг дээр заасан гурван үндэслэлээс гадна хэн болох нь тогтоогдоогүй, Монгол Улсад оршин суух хаяг тодорхойгүй, эрхэлсэн ажилгүйн улмаас түүнийг мэдэгдэх хуудсаар дуудах боломжгүй, эсхүл Монгол Улсад байнга оршин суудаггүй гэсэн гурван үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол шүүхийн шийдвэргүй баривчилж болохоор тусгагдсан. Мөн Эрүүгийн хуулийн тусгай заалтаар хорих ялаар шийтгүүлэх хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авдаг. Тэгвэл дээрх хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэлснээр тухайн хүн хамгийн дээд тал нь 90 хоног, найман жилээс дээш ял авахаар байгаа бол түүнийг 18 сараас илүүгүй хугацаагаар хорих талаар тусгасан байгаа юм. Дээрх хуулийн хэрэгжилт энэ оны наймдугаар сараас эхлэх бөгөөд Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн гэрээ конвенцоо биелүүлж, хүний эрхийн үзүүлэлтүүд олон пунктээр урагшлах боломж бүрдэх аж.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.