Израилд суугаа Бразилын Элчин сайдыг эргүүлэн татжээ

Aдмин / Гадаад мэдээ

Израил улс Бразилын Ерөнхийлөгч Луис Инасу Лулу да Силваг “персона нон грата” буюу тааламжгүй этгээд гэж зарласны дараа Бразилын эрх баригчид Тель-Авивт суугаа Элчин сайдаа эргүүлэн татжээ. “Correio Braziliense” цахим хуудсанд мэдээлснээр, Израилын талын хийсэн мэдэгдлийн дараа Ерөнхийлөгч Лула да Силва үүсээд буй нөхцөл байдлыг хэлэлцэхээр сайд, зөвлөхүүдээ ерөнхийлөгчийн албан ёсны өргөөнд дуудаж "яаралтай" уулзалт хийсэн байна.

Израилын дээрх мэдэгдлийн хариуд Бразилын эрх баригчид Тель-Авивт суугаа Элчин сайд Фредерик Мейерийг зөвлөлдөх уулзалт хийхээр эргүүлэн татжээ.

Бразилын Ерөнхийлөгчийн зөвлөх Селсу Аморим мэдэгдэхдээ, Лулу да Силвагийн талаарх Израилын мэдэгдлийг “ямар ч утгагүй зүйл” гэсэн байна. Хэдийгээр Бразилын эрх баригчид дээрх асуудлаар одоог хүртэл албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа боловч Бразилиа хотод суугаа Израилын Элчин сайд Даниэль Зоншайныг Гадаад хэргийн яаманд дуудсан гэж Бразилын хэвлэлүүд мэдээлсэн байна.

Өмнө нь Ерөнхийлөгч Лула да Силва Газын зурваст явуулж буй Израилын ажиллагааг “геноцид” гэж мэдэгдэж, нацистуудын удирдагч Адольф Гитлерийн үйлдэлтэй зүйрлэжээ. Тэрбээр мэдэгдэхдээ, Газын зурваст болж буй үйл явдал бол “дайн бус харин үй олноор нь хоморголон устгах ажиллагаа” гэжээ.

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху энэ мэдэгдлийн хариуд “Бразил улс улаан шугамыг давлаа” гэсэн байна. Израилын Гадаад хэргийн сайд Исраэль Кацын мэдэгдсэнээр, Лула да Силва Газын зурваст явуулж буй Израилын ажиллагааг Адольф Гитлерийн үйлдэлтэй зүйрлэсний хариуд түүнийг тааламжгүй этгээдээр зарлажээ.

Д.ЖАРГАЛ

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.