Улаан тэнгис дэх халдлагаас улс орнуудад учрах хохирол
АНУ ба түүний холбоотнууд Йемений хуситуудад цохилт өгсөөр байгаа боловч тэдний Улаан тэнгист явуулж буй халдлага зогссонгүй. Энэтхэгийн далайгаас Суэцийн сувгаар дамжин Газар Дундын тэнгист нэвтэрдэг далайн тээврийн маш чухал зам бол Улаан тэнгисийн Баб-эль-Мандебын хоолой юм. Үүгээр дамжин өнгөрч буй хөлөг онгоцууд руу хуситууд пуужингаар харваж, дроноор довтолсон хэвээр байна. Дэлхийн худалдааны бараа эргэлтийн 15 хувь нь дамжин өнгөрдөг тэнгисийн энэ бүс нутагт аюул занал арилсангүй.
Хуситууд 11 дүгээр сараас хойш гадаадын хөлөг онгоцууд руу довтолж байгаа юм. Тэдний зорилго бол, Израил ба түүнийг дэмжигч улсуудад шахалт үзүүлэх замаар ХАМАС-ын эсрэг явуулж буй Израилын цэргийн ажиллагааг зогсоох явдал. Лалын шашинт улсууд, бүлэглэлүүд ХАМАС-т туслах гэж зориглохгүй байхад зөвхөн хуситууд л Израилд дайн зарлаад байна.
Эхэндээ хуситууд алсын тусгалтай баллистик пуужингуудыг Израил руу харваж байсан боловч тэдгээрийг АНУ, Саудын Арабын пуужингийн довтолгооноос хамгаалах системүүд хялбархнаар амдан сөнөөж байв. Иймээс тэд 11 дүгээр сарын дунд үеэс эхлэн тактикаа өөрчилж, худалдааны хөлөг онгоцууд руу довтолж эхэлжээ. Хуситууд зөвхөн Израил руу болон Израилаас явж хөлөг онгоцууд руу дайрна гэж мэдэгдэж байсан боловч бусад улсын далбаа бүхий хөлөг онгоцууд дайралтад өртөх боллоо.
Үүний хариуд америкчууд Йемен дэх хуситуудын объектуудыг бөмбөгдсөөр байна. Нисэх онгоц тээгч "Эйзенхауэр" хөлөг онгоц тэргүүтэй Америкийн тэнгисийн цэргийн хүчний цохилтын бүлэг Йемений эрэгт ирснээс гадна Их Британи, Францын тал эскадрилийн мина тээгч хөлөг онгоцуудаа Улаан тэнгис рүү илгээжээ. АНУ ба түүний холбоотнууд тус бүс нутагт усан замын тээврийн аюулгүй байдлыг хангахын тулд “Хөгжил цэцэглэлтийн харуул манаа” гэдэг нэртэй, 2,4 тэрбум долларын өртөгтэй тэнгисийн цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлснээ зарлалаа.
Үүний улмаас Суэцийн сувгаар дамжин өнгөрч буй хөлөг онгоцуудын тоо 1 дүгээрд сард 36 хувиар /өмнөх оны мөн үетэй харьцуулахад/ цөөрч, 1362 болжээ. Үүнийг дагаад Суэцийн сувгаас Египетэд ордог орлогын хэмжээ 1 дүгээр сард 428 сая доллар болж буурчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад /804 сая доллар/ бараг хоёр дахин багассан тоо юм. Ташрамд дурдахад, TEU хэмжээтэй 20 мянган чингэлэг тээж буй хөлөг онгоц Суэцийн сувгаар нэг удаа нэвтрэхдээ 700 мянган доллар төлдөг байна. 2022 онд Египет улс Суэцийн сувгаас 7,9 тэрбум долларын орлого олсон нь түүхэн дээд үзүүлэлт байсан бөгөөд тус сувгаар жилдээ дунджаар 23 мянган хөлөг онгоц нэвтэрдэг байна.
Улаан тэнгис дэх халдлага улам даамжрах төлөвтэй байгаа нь ачаа тээвэрлэлтийн өртгийг нэмэгдүүлж, үүний улмаас дэлхий даяар бараа бүтээгдэхүүний үнэ өсөх магадлал тун өндөр болжээ.
Хамгийн нарийхан хэсгээрээ 26 км өргөн Баб-эль-Мандебийн хоолойг хянахад хялбар тул хуситууд халдлагаа үргэлжлүүлсээр байна. Иймээс чингэлэг тээврийн дэлхийн дөрвөн том компани, тэдгээрийн дотор Maersk компани Улаан тэнгисээр дамжин өнгөрөх тээвэрлэлтээ зогсоож, Өмнөд Африкийн Сайн итгэлтийн хошуугаар тойрон өнгөрөх чиглэлийг сонгожээ. Ингэснээр тээвэрлэлтийн хугацаа хамгийн цөөндөө гэхэд 10 хоногоор уртсаж байгаа юм. Жишээ нь, Катарын шингэрүүлсэн хийг ачсан хөлөг онгоц Суэцийн сувгаар дамжин Европт хүрэхэд 17 хоног шаардлагатай бол Африк тивийн өмнүүр тойрсноор энэ хугацаа 30 хоног болон уртсаж байна. Улаан тэнгис гэх мэт эрсдэл өндөртэй бүс нутгаар дайран өнгөрөх тээвэрлэлтийн даатгалын хураамж ч дагаад нэмэгджээ. Тайван цагт хураамжийн хэмжээ нь хөлөг онгоцны үнийн 0,07 хувьтай тэнцэж байсан бол сүүлийн өдрүүдэд 0,5-07 хувь болж огцом өслөө.
Харин нөхцөл байдал хэдий хугацааны дараа хэвийн болох вэ, Улаан тэнгист дэгдсэн байлдааны ажиллагаа хэр удаан үргэлжлэх вэ гэдгээс дэлхийн далайн тээвэрт учрах хохирлын хэмжээ багцаагаар тодорхой болно. Жишээ татахад, 2021 онд "Ever Given" гэдэг чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоц бүтэн долоо хоногийн турш Суэцийн сувгийг хөндөлдөн хааж гацсаны улмаас 10 тэрбум долларын хохирол учирсан гэх тооцоо бий.
Барааг тээвэрлэх хугацаа уртсах нь Газрын Дундад тэнгисийн ба Европын өмнөд хэсгийн улс орнуудад, ялангуяа Грек, Болгарын эдийн засагт хамгийн түрүүнд хүчтэй нөлөөлнө. Мөн Суэцийн сувгаар дамжих худалдааны эргэлтээс ихээхэн хамааралтай Иордан, Шри-Ланк зэрэг улс багагүй хохирол амсахаар байна.
Хуситууд гэж хэн бэ?
1992 онд бий болсон хуситуудын хөдөлгөөнийг түүнийг үндэслэгч Хусейн аль-Хусигийн нэрээр нэрлэдэг. Тус бүлэглэлийн цөмийг бүрдүүлж буй лалын шиитүүдийн зейдит урсгалынхан Йемен улсын хүн амын 1/3-ийг эзэлдэг ажээ. 2004-2010 онд хуситууд Йемений хууль ёсны төр засгийн эсрэг зэвсэглэн дайрч, тус улсын газар нутгийг бүхэлд нь эзлэн авахыг оролдож байв. Гэвч Арабын орнуудын холбоотны цэргийн хүч тэднийг өмнөд нутгаас хойд нутаг руу түрэн шахжээ.
Гэсэн хэдий ч тус бүлэглэл Йемений нийслэл Сана хотыг хяналтандаа байлгаж, бүс нутаг дахь нөлөө бүхий хүч гэдгээ харуулсаар байна. “Хуситуудын зэвсэгт бүлэглэл” гэж ярьж бичиж байгаа боловч үнэн хэрэгтээ энэ бол их буу, хуягт техник, баллистик пуужингаар зэвсэглэсэн де-факто бүхэл бүтэн арми юм.
Ираны тал янз бүрийн загварын нисгэгчгүй онгоцууд, далавчит ба баллистик пуужингуудыг хуситуудад нууцаар нийлүүлсээр иржээ. Эдгээр зэвсгийг жижиг хөлөг онгоцуудаар нууцаар тээвэрлэн авчирч, газар дээр нь угсардаг аж. Харьцангуй хямдхан боловч цэц сайтай эдгээр зэвсгийг хол зайд буй байг устгах зорилгоор нэгэн зэрэг олноор нь хэрэглэх боломжтой. Тухайлбал, саяхан болсон нэгэн парадын үеэр хуситууд “Гадер” гэдэг дунд тусгалын пуужингуудыг үзүүлсэн бөгөөд эдгээр нь 2000 км-ийн цаана байгаа объектыг онилон довтлох чадвартай ажээ. Түүнчлэн зайнаас удирддаг, тэсрэх бодисоор дүүргэсэн жолоочгүй хөнгөн завинууд/катер/, хөлөг онгоцны эсрэг хэрэглэдэг тусгай баллистик пуужин зэрэг зэвсгүүд хуситуудад бий.
Улаан тэнгисийг орлох хувилбар
Улаан тэнгист үүссэн хямрал нь Оросын нефть олборлогчдод нэлээд бэрхшээл учруулахаар байна. Учир нь, Оросын экспортлогчид голдуу Суэцийн сувгаар дамжуулан түүхий нефть ба бензин шатахуунаа гадаадын худалдан авагчдад хүргэж байгаа юм. Тухайлбал, 2022 оны эхээр өдөрт 1,7 сая баррель газрын тосыг уг чиглэлээр тээвэрлэж байсан бол 2023 оны 6-11 сард энэ тоо хоёр дахин өсөж, 3,5 сая баррельд хүрчээ. Оросын экспортын бүх нефть, нефтийн бүтээгдэхүүн Йемений эргээс холгүй газраар нэвтэрдэг тул танкерууд руу довтлох магадлал өндөр, иймээс тээвэрлэлтийн чиглэлийг өөрчлөх шаардлагатай болж байна. Үүний улмаас нефтийн үнэ нэмэгдэх бөгөөд тэр тусмаа Оросын нефтэнд 60 долларын үнийн дээд хязгаар тогтоосон байгаа үед нөхцөл байдал улам хүндэрнэ.
Яг ийм тохиолдолд Суэцийн сувагтай өрсөлдөхүйц чиглэл бол Хойд тэнгисийн зам бөгөөд энэ замаар Роттердамаас Иокохама хүрэхэд ердөө 20 хоног шаардлагатай буюу Суэцээр дамжсантай харьцуулахад 14 хоног хэмнэнэ, харин Африкийн Сайн итгэлтийн хошуугаар тойрсноос 27 хоногоор татуу. Тэгээд ч энэ чиглэл хамгийн аюулгүйд тооцогдож байгаагийн зэрэгцээ Арктикийн мөс эрчимтэй хайлж байгаа учраас 2024 оноос эхлэн бүтэн жилийн туршид ачаа тээвэрлэх боломж бий болно гэж үздэг. Энэ онд 80 сая тонн ачаа тээвэрлэнэ гэж /Суэцийн сувгаар жилд 1,5 тэрбум тн/ төлөвлөж байгаа бол Оросын эсрэг авсан барууныхны хориг арга хэмжээний улмаас уг зорилтот үзүүлэлтэд хүрэхэд хүндрэлтэй. Гэхдээ Улаан тэнгист үүссэн нөхцөл байдал улам хурцдах аваас тээвэрлэлтийн хэмжээ огцом нэмэгдэж магадгүй.
Нөгөөтэйгүүр, Арктик дахь томоохон нефтийн ордыг ашиглаж эхэлснээр 2030 оноос хойш Хойд тэнгисийн замаар газрын тос тээвэрлэх боломж бүрдэнэ. Арилжааны хувьд ашигтай байдлаар транзит тээвэрлэлтийг хийж болох боловч Оросын Мурманск, Архангельскт боомтын дэд бүтэц хүрэлцээгүй байгаа нь үүнд саад болж байна. Түүнээс гадна, барууны компаниуд эдийн засгийн гэхээсээ илүүтэй улс төрийн шалтгаанаар Хойд тэнгисийн замыг ашиглахаас цааргалах магадлалтай.
Б.Адъяахүү
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
Сэтгэгдэл