Халиа, тошин, шар усны үер дуусаад хаврын гачиг үе эхэлж, зунаас бороо орж ахиад үертэй золгоно

Aдмин / Нийгэм

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам /БОАЖЯ/-аас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Сэлбэ голын халиа үүссэн нөхцөл байдалтай байгаа нь өнгөрсөн зуны хур бороо ихтэй байснаас мөн голын хамгаалалтын бүсэд газар олгож, барилга их баригдаж, цардсан талбай нэмэгдэж, хөрсний усыг шүүрүүлэн зайлуулж байгаа үйл ажиллагаатай холбоотой гэдгийг Усны газраас мэдээлэв.

Энэ талаар Усны Газрын дарга З.Батбаяр "Их хэмжээний цас орж зудын байдалтай байна. Их цас бол мөн устай холбоотой байгалийн гамшиг. Өмнө нь ажиглагдсан шиг температурын өөрчлөлтүүд гарч нэмэх температурт гэнэт орлоо гэж бодоход улс орны хэмжээнд шар усны үерийн аюул бодитоор нүүрлэнэ гэж харж болохоор байна.

"Байгалийн биш зохиомол байж болох бүх төрлийн үер манай улсад болж байна"

Байж болох бүх төрлийн үер манай улсад болж байна. Иймд урд өмнөхөөсөө илүү усны асуудалд анхаарах хэрэгтэй байна. Бид боломжит усны ашиглалт дээр анхаарал хандуулах ёстой. Улаанбаатарчуудын нэг сар хэрэглэх усыг ганцхан барилгын компани 2.6 жилийн дотор шавхан зайлуулсан байх жишээтэй. Халиа тошин, үерийн асуудалд хөрсний усыг шавхан зайлуулж байгаа үйл ажиллагаа нөлөөлж байна гэсэн үг. Байгалийн биш зохиомол үерүүд бий болж байна.

Бүтэн зургаан сарын турш улсын хэмжээнд үерийн байдалтай байлаа. Шар усны үер дуусаад цас хайлаад голын мөс унах үеэс эхлээд хаврын гачиг үе эхэлнэ. Түүний дараа зургаадугаар сараас бороо ороод ахиад үертэй золгож болзошгүй байна" гэлээ.

Үер болж байгаа нь голын болон усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдөөгүйтэй шууд холбоотой гэдгийг Усны Газраас онцолж байв.

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Усны газраас Сэлбэ голын үерийн эрсдэлийг бууруулах зорилгоор богино болон урт хугацааны дэд бүтцийн төлөвлөлт, инженерийн зураг төслийн шийдлүүдийг хэлэлцэх техникийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна.


Сэтгэгдэл

Хувьсгалын үеийн зохиолыг мартаж болохгүй. [66.181.160.26] 2024-02-23 15:36:12

Үнээн үнэн. Яг тэгнээ. Дахиад л "Болд хэрхэн хатаагдсан" гэх Островскийн зохиол дээр гардаг шиг бөөн тэмцэл, баатарлаг үйлс бүтээгднэ. Кх! Айлууд навс норчихсон нүүгээд л, шавар усанд зууралдаад л, хажуугаар нь том том ачааны машинууд өнгөрөөд л, цагдаа ба онцынхон бөөрөөр давсан усанд биеэ муутгаад л 7,8,9-р саруудыг өнгөрөөнө. Хотын захиргааных нь тэдгээрийг мэргэн удирдлагаар чиглүүлээд л бөөн сүр бадруулна. Бороотой зун ч сүртэй шүү.

зочин [103.57.94.243] 2024-02-23 14:13:39

Сэлбэ голыг хамгаалах хуулийн төсөл боловсруулж эрэг орчим усны гольдрогт байгаа айлуудыг нүүлгэн шилжүүлж хамгаалалтын далан бургас мод тарьж усны нөөцийг нэмэгдүүлэх тохижуулж эко орчин бүрдүүлэх хэрэгтэй


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.