Ж.Цэвээнжав: Газрын тосны хуулийг урж хаядаггүй юм аа гэхэд хурдхан өөрчлөх ёстой
Монгол Улсын гавьяат багш, Монголын Газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал, Олон улсын Газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн болон Инженерийн ухааны Академийн гишүүн, Газрын тосны сургалт-судалгаа-мэдээллийн төвийн захирал, техникийн ухааны доктор, профессор Ж.Цэвээнжавтай газрын тосны талаар ярилцлаа.
Тамсагийн орд нөөцгүй болж, БНХАУ-ын төрийн өмчит “Петрочайна Дачин Тамсаг” ХХК манайхаас цаашид хийх хөрөнгө оруулалтаа татаж, Орос руу хөрөнгө оруулахаар болсон тухай яригдаж байна. Үнэхээр Тамсагийн орд нөөцгүй болсон уу. Манайх газрын тосны хэр нөөцтэй вэ?
-Монгол Улс бол төрөл бүрийн эрдсийн баялаг түүний дотор газрын тос гэх мэтчилэн стратегийн ашигт малтмал ихтэй улс л даа. Би өөрөө эрдэс баялгийн Мэргэжлийн зөвлөлийн гишүүн хүн. Энэ утгаараа багшлах, эрдэм судлалын ажлынхаа хажуугаар томоохон ашигт малтмалын ордууд болох Оюу толгой, Таван толгой, Тамсаг, Тосон уулын нөөцийг хүлээж авсан хүн юм.
Стратегийн салбар гэж юуг хэлэх вэ гэхээр манайхан мөнгө их олдгоор нь уул уурхай. Мах сүүгээр хангадгаар нь ХАА гэх гээд байна. Миний хувьд дэлхийн олон орноор явж үзсэн. Тухайлбал, өндөр хөгжилтэй гэгдэж байгаа Америк, Канадаас эхлээд хөрш Орост ч очиж газрын тосны үйлдвэрлэлтэй танилцаж явлаа. Тэгэхээр газрын тосны салбар бол аливаа улс оронд ялангуяа Монгол Улсад аюулгүй байдал, тусгаар тогтнол, нийгэм эдийн засагт жинхэнэ нөлөөлдөг стратегийн бөгөөд суурь салбар гэж би ойлгодог.
Энэ утгаараа газрын тосны салбар бол тэргүүлэх салбар мөн. Манай улсын хувьд 332.6 сая тонн газрын тосны таамаг геологийн нөөцтэй. Энэ нь ерөнхийдөө байж болох тоо юм. Манайх Энэтхэг, Судантай ойролцоо нөөцтэй гэсэн үг. Дотоодын нөөцийн 98 хувь нь Дорнодод бий. Алтай, Хангай уулс хоорондын газар Дорнод талдаа газрын тос нэлээд гүнзгий, Дорноговь талдаа гүехэн байдаг
Өвөрхангайн цаад талын Онги тав, Аж богдын нурууны наад тал руу газрын тос их гүнд таван мянган метрт агуулагдаж байдаг. Мөн таамаг нөөц бол байгаа. Түүнчлэн Тосон уул буюу Дачингийн 19 дүгээр талбай дээр 21 сая тонн, Тамсаг буюу 21 дүгээр талбай дээр 22 сая тонн, үндсэндээ 43 сая тонн ашиглалтын баталгаат нөөцийг 2010 онд хүлээлгэж өгсөн. Мөн Үндэсний үйлдвэрлэгчид 20 дугаар талбай дээр 5.8 сая нөөц байгааг тогтоосон. Үндсэндээ манайд газрын тосны ашиглалтын баталгаат 50 орчим сая тн нөөц бий. 1998 оноос хойш 10 сая тн-ыг нь үндсэндээ олборлоод, боловсруулаагүй Хятад руу экспортод гаргасан. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр цооногийн амсар дээрх өртгөөр бодсон үнэ Монгол руу орж байгаа нь үнэн. Үүнийг энэ салбарыг хөгжүүлээд байна гэж ерөөсөө бодож болохгүй.
-Тамсагийн орд дээр та юу хэлэх вэ?
-Янз бүрийн шалтгаан байгаа л байх. Би өмнөх жил явж үзсэн л дээ. Эзэн орон бол хараад, хянах ёстой. Шингэнийг нь соруулаад гарахгүй болохоор нь ус шахаж байгаа юм. Их ус шахахаар усан далай болоод эхлээд овоо гарч байснаа сүүлдээ ус л гарч байх жишээний.
Хэвлийд байгаа нөөцийн арваад хувийг одоогоор ашиглаж байна. Доороо бол газрын тос өтгөрчихсөн, суучихсан байх нь байгаа. Үүнийг анхнаас нь шийдвэрлэх ёстой байсан. Монгол Улсын хуульд байгалийн баялгийг иж бүрнээр нь аль болох бүрэн ашиглах ёстой. Түүнээс биш 100кг юм байхад 20 кг-ыг нь ашиглачихаад үлдсэн нь гарахгүй юм байна гээд хаяад явж болохгүй.
-Бүтээгдэхүүн хуваах зарчим гэдгийг тодруулбал?
-Бүтээгдэхүүн хуваах гэрээний зорилго маш тодорхой. 1960 онд Индонезийн нэг компаниас эхлэлтэй шийдэл байгаа юм. Мөнгөө гаргаад эрж хайна, хайгаад юм олдвол хуваана шүү л гэсэн санаа бүхий гэрээ юм. Хамгийн гол нь тогтолцоондоо байдаг. Дэлхийн жишгийг харсан ч тэр газрын тосоо өөрсдөө хайж олдог. Энэ бол геологи, уул уурхай гэсэн үг. Манай тухайн үеийн төрийн удирдлагууд газрын тос, бензин хоёроо хоёр өөр яамны харьяанд оруулсан. Энэ хоёр нь хоорондоо нягт уялдаатай байх ёстой атал салгачихсан нь маш буруу шийдвэр болж байсан. Түүнчлэн хэдэн жилийн өмнөөс “Дотоодын нөөцөө ашиглах үйлдвэр барь” гэсэн нь маш зөв шийдвэр. Мөн Газрын тосны үйлдвэрийг тосгүй газар барьдаг нь маш буруу. Тосны нөөц нь зургаан сая тонн гэж байсан. Жилдээ 50 мянган тн-ыг гаргана. Зүүнбаянгийн тогтоогдсон тос бол дуусч байгаа гэж байна лээ. Хайгуул нэмж хийгээд Галбын 11 дээр тос гарсан нь үнэн. Гэхдээ үйлдвэрээ барьчихаад тосоо хайдаг юм биш. Дорнодод Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Лантуугийн Сэрчиндорж 1954 оны өвөл газрын тосны хайгуул хийж, өрөмдөж байсныг мэргэжлийн хүн надад ярьж байсан.
-Бид газрын тосны нөөцөө хэрхэн ашиглах ёстой вэ?
-Нөөц яах вэ, байж болно, түүнийг яаж ашиглах уу, өрөмддөг, соруулдаг мэргэжлийн улсууд нь хариулах ёстой. Жилийн олборлолтоос өдрийн олборлолт руу шилжсэн тооцоолол байдаг. Орос гэхэд жилдээ 646 сая тн газрын тос олборлосон түүх бий. Тиймээс Газрын тосны хайгуул түргэн хий гэж хэлмээр байна.
Мөн олборлололтын горимыг тогтоож өгөхгүй бол болохгүй. Ажил хариуцсан төрийнхөн бол хариуцлагатай байх хэрэгтэй. Мэддэггүй юм аа гэхэд мэргэжлийн хүмүүсээс асуух хэрэгтэй. Би ч өмнө н хэлж байсан. Манай улсын хувьд газрын тосны олборлолт 600-800 мянга байх ёстой. 2019 онд нэг сая ч тонн хүртэл өсгөөд цочмог унасан. Одоо газрын тос гарах нь багасч байна.
-Газрын тосны хууль энэ салбарт хэрхэн нөлөө үзүүлж байна вэ?
-Газрын тосны бодлого, хуулийг урж хаядаггүй юм аа гэхэд маш түргэн бүрэн өөрчлөх ёстой. 1991 оны арваннэгдүгээр сарын 28-нд батлагдаад өөрчлөгдөөгүй явсаар 2014 оны долдугаар сарын 1-нд наадмын өмнө шинэчлэгдэн батлагдсан газрын тосны тухай хууль. Түүнд ерөөсөө хөрөнгө оруулалтын л гэрээ тусгагдсан. Ганцхан өөрчлөгдсөн нь уламжлалт бус газрын тос гээд нүүрсний газ гэсэн юм л орсон. Газрын тосны анхны инженер доктор, порфессор Ц.Багмид, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун гээд 11 гишүүнтэй зөвлөл байсан. Бид бүх зөвлөгөөгөө өгсөн. Гэхдээ бидний нэг ч саналыг хуульдаа тусгаагүй. Буруу хууль гарсан. Газрын тосны бүтээгдэхүүний хууль мөн 2006 оны долдугаар сарын 1-нд батлагдсан. Бүх юмны зөвшөөрөл, бензин оруулбал, шатахуун түгээх газар байгуулбал гээд баахан тусгай зөвшөөрөл тусгачихсан. Төрийн өмчит компаниуд их дампуурч байна. Авлига, хээл хахууль их нүүрлэж байна.
-Газрын тосны хуулийг яаж өөрчлөх ёстой вэ?
-Өөрөөр хэлбэл, үндэсний байгууллага, мэргэжилтнүүд 80 хувь үүрэг гүйцэтгэх ёстой. Монгол хүн манаач, цэвэрлэгч хийж байна. Хамгийн дээд тал нь их сургууль төгссөн хүнийг оператор, дээшилбэл ахлах оператораар авч ажиллуулж байгаа юм. Хятадын менежмэнтээр явж байна. Үүнийг өөрчлөх ёстой хүмүүс нь Уул, уурхайн яам, салбар хариуцсан хүмүүс л дээ.
Хууль гаргахын өмнө бодлогоо боловсруулаад түүнийгээ үндэслээд хуулиа гаргасны дараагаар журамнууд нь гардаг л юм билээ. Гэтэл анхнаасаа бодлогоо гаргахдаа шинжлэх ухаан, судалгааны ажил хийгдээгүй байх жишээний. Хамгийн гол нь төрийн удирдлагуудад доод түвшнийх нь хүмүүс мэдээллийг зөв өгөх ёстой юм. 2024 оны сонгуулийн дараа хуулиа өөрчлөх ёстой. Өөрийн байгаа нөөцөө оновчтой ашиглах хэрэгтэй. Оросоос түүхий нефть авъя гэсэн чинь Орос Украины дайнаас болоод Орос түүхий газрын тос гаргахгүй, бензинээ зарна гэсэн байгаа юм. Манайх хамгийн наад зах нь анхныхаа бүтээгдэхүүн хуваах гэрээний амлалтаа өөрчилж болохгүй ч Гаалийн хуулиндаа өөрчлөлт оруулж болох юм. Үүнд ухаан хэрэгтэй. Алт, зэс, жоншноосоо илүү стратегийн ашигт малтмалаа өгөөд хуваах зарчмаар явж ирсэн. Үүнийг аажмаар чангалах ёстой байсан. Газрын тосны салбар бол чухал салбар. Бодлого, хууль эрх зүйн хувьд нэлээн дорой. Газрын тосыг экспортод гаргахыг өөр гаалийн хуулиар хориглох нь зөв. Манайхан аль болохоор газрын тосоо өөрсдөө боловсруулах хэрэгтэй. Өөрсдөө тосоо олборлож, зөөж чадна. Шатахууны үнийг үе шаттай тогтворжуулах ёстой.
-Гаднаас импортоор газрын тос оруулж ирэхийг төр бодлогоор дэмжих тухай яригдах болсон. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?
-Бензин авах, тос авахад ямар ялгаа байна. Адилхан хүний гар харна гэсэн үг. Хараат хараатдаа бол манайх хамгийн эрчим хүч, газрын тос хоёр дээрээ илүү байна. Миний мэдэж байгаагаар газрын тос боловсруулах 16 үйлдвэрийн төсөл гарсан байдаг. Түүний нэг нь Дарханы газрын тосны үйлдвэр. Дорноговийн Өндөрширээтийн үйлдвэрт очихдоо их ичиж байсан. Газрын тосны нөөцтэй огт холбоогүй газарзүйн байршил буруу газар барьсан л даа. Төмөр замтай гэдэг ч юмуу утгаар нь тайлбарлаж байгаа юм. Одоо бид цагийг маш буруу ашиглаж, алдаж байна.
Гаднаас импортолно гэхээр Орос дайнаас болоод бидэнд газрын тосоо өгөхгүй нь тодорхой боллоо. Хятад яаж ч гуйгаад мөн л өгөхгүй. Энэтхэг газрын тосны 19 үйлдвэртэй. Газрын тосоо Саудын Арабаас усан онгоцоор тээвэрлэдэг. Далайд гарцтай орнуудын хувьд газрын тосны тээвэрлэлтийн зардал хямд тусч байгаа юм. Манайх онгоцоор зөөх үү гээд асуудал байна. Далайд гарцгүй орныхоо статсусыг ашиглаад, бусад орнуудын тусламжийг аваад хил гааль, татварын олон асуудлыг зохицуулж болно. Түүнчлэн нүүрс тээвэрлэдэгтэй адил тээвэрлэлтийн олон асуудал үүснэ л дээ.
-Дарханы газрын тосны үйлдвэр хэзээ ашиглалтад орох нь бас л хүлээлт дагуулж байна даа.
-Итгэл найдвар хамгийн сүүлд бөхдөг гэдэг. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй.
Л.Минжмаа
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [66.181.186.155] 2024-05-26 19:43:01
Оюу толгойн гэрээг даваасүсэн албаар хаявуу чимээгүй болсон
Зочин [76.136.159.153] 2024-05-26 10:40:02
yamar lalartsan oron geheer iim damartsan baidag yum be uneheer teneg nudnii bulainuud yumaa
Зочин [202.126.91.148] 2024-05-26 10:39:18
Дарханы газрын тосны үйлдвэрийг байршил, дэд бүтэцдээ ойр гэж байна. Тэр нь үнэн л дээ. Гэхдээ тэнд цэвэр монгол залуучууд технологи ( хими ) талаасаа хийж, оролдож гаргаж байсан давуу талтай. Тийм залуучуудыг дэмжээд, нөөц дээр нь лиценз олгоод өгвөл гэж боддог байлаа. Таны тавьсан санал зөв байна. Хятадууд авсан талбайн блокуудаа үнэхээр сорчилж ашиглаж, хүний нутагт хүйтэн ханддаг нь үнэн.
Zochin [202.9.46.217] 2024-05-25 19:52:10
Энэ их хурлын гишүүд энэ хуулийн өөрчлөлтийг хурдан хиймээр юм. Ийм чухал зүйлийг яагаад хийхгүй байгаа юм бол. Ажлаа хийхгүй байна даа.
Зочин [202.9.46.19] 2024-05-25 16:37:39
Дорнод аймагт байгаа газрын тос олборлогч петрочайнадачинтамсаг компанийн өөдөөс юу ч дуугарч чадахгүй хэрнээ монгол шатахуунаар оросоос хараат байна гэж мөөрөлдөнө.
Зочин [66.181.182.140] 2024-05-25 20:36:22
Яг тийм. Хятадтай дайн хийхэд бэлэн бай. Бид өөрийнхөө эрх ашгийн төлөө дайтахаас бүү ай.
Зочин [202.131.225.197] 2024-05-25 14:20:35
Dampuu songuuliin show hiideg uls turchid iim l zavaan yum hiij baigaa yum daa
Зочин [118.79.91.114] 2024-05-25 13:14:59
chadvarlag mundag mergejiltnuudee demjmeer bgaa yum daa. gazriin tosoo gargachihaad oorsdoo benzin guigaad suuj bdag manaih shig teneg bogood uls ornoo gesen setgelgui uls toriinhon delhiin haana ch bhgui