С.Оюунтуяа: Сонгогчдын санал нууцлалтай болохоор ямар нэг нөлөөнд автахгүйгээр өөрийнхөө итгэл үнэмшлээр сонгуулиа өгөх хэрэгтэй

Aдмин / Улстөр

Сонгогчдын боловсролын төвийн гүйцэтгэх захирал С.Оюунтуяатай ярилцлаа.


-Улс төрийн намууд УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ зарлалаа. Энэ удаагийн сонгуулиар парламент 126 гишүүнтэй болно. Сонгогчид хоёр саналын хуудас бөглөнө. Төөрч будлихгүйн тулд юуг анхаарах ёстой вэ?

-Үндсэн хуулиар УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлээд сонгуулийн системийг хуульчилж өгснийг бүгд мэдэж байгаа. Системийн тогтвортой байдлыг хангахад том шинэчлэл болсон. Ер нь аливаа сонгуулийн хуулийн шинэчлэлийг дандаа улс төрийн намууд, хууль тогтоогчид л хийгээд байдаг. Нөгөө талдаа саналаа өгдөг сонгогчдоосоо асуудаггүй, бас зөвлөлддөггүй. Сонгуулийн хууль шинэчлэгдсэний дараа манай төвөөс судалгаа хийж үзсэн л дээ. Нэг үеэ бодвол сонгогчид саналын хуудсыг яаж тэмдэглэхийг маш сайн мэддэг болсон. Харин тэд сонгуулийн системтэй холбоотой шинэчлэлийн асуудлаар мэдээлэл авахыг хамгийн их хүсч байна гэж хариулсан. Мөн улс төрийн намуудын болон нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй холбоотой мэдээллийг чухал гэж үзэж байна л даа. Өмнө “Улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрийг олж үзье, нэр дэвшигчид юу амлаж байна харъя” гэдэг хандлага үнэхээр сул тааруу байлаа шүү дээ. Тэгвэл сонгуулийн системийн өөрчлөлт шинэчлэлтийн үр дүнд сонгогчид намуудын бодлого мөрийн хөтөлбөрийг сонирхох хандлага дагаад сайжирч байна. Жишээлбэл, 2020 оны сонгуулиас өмнө Сонгогчдын боловсролын төвийн лавлах утсанд ирж байгаа дуудлагыг ангилж үзэхэд сонгогчдын мөрийн хөтөлбөртэй холбоотой нэр дэвшигчид, нам, эвслүүдийн амлалт нь улс орны хөгжлийн бодлого, алсын харааг юу гэж харж байгаа талаар тийм ч их асуулт ирдэггүй байсан. Тэгэхээр 2020 оны сонгуулиас эхлээд ялангуяа залуучууд маань улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр, амлалтыг нэлээд сонирхдог, сонгуулийг бодлого мөрийн хөтөлбөрийн өрсөлдөөн гэж хардаг шинэчлэл ажиглагдаж байна л даа.

-Сонгуулийн тойрог томссонтой холбоотой иргэд, сонгогчид, нэр дэвшигчдэд ямар зүйл ажиглагдаж байна вэ?

-Сонгуулийн хуулийн шинэчлэлийн хүрээнд манай улс холимог системийг хоёр дахь удаагаа хэрэглэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор нэг төвөгтэй зүйл нь гэвэл хоёрдугаар сарын 1-нд сонгуулийг товлон зарлахтай зэрэгцээд тойрог байгуулсан явдал.

Энэ удаагийн Сонгуулийн тухай хуульд орсон нэг өөрчлөлт нь системийн өөрчлөлт. Ерөнхийдөө 2020 онд сонгуулийг зохион байгуулж байсан хуулиараа үргэлжлүүлээд бид энэ сонгуулиа явуулах гэж байгаа. Уг нь сонгуулийн системтэй уялдуулж процедур нь хийгдэх ёстой. Гэтэл сонгуулийн процедур урьд нь хийгдчихсэн болохоор сурталчилгаа, улс төрийн намууд ямар дүрэм журмаар тоглох юм бэ гэдэг тэр бүх процесс нь өмнөх хуулиараа байгаа гэсэн үг. Гэтэл нэмээд тойрог байгуулж байна гэж дахиад орвонгоор нь эргүүлчихээр улс төрийн намуудад хүртэл сонгуульд орж өрсөлдөхөд нь төвөгтэй болчихож байгаа юм. Өөрөөр хэлбэл, гэнэт тойрог томсгочихоор сонгуулийн кампанит ажлын хугацаа их давчуу болчихож байгаа юм.

-Сонгуулийн зардал нэмэгдэж байгаа. Мөнгөний сонгууль болох нь уу?

-Ер нь сонгуулийн зардлыг яаж тогтоох юм гэдэг дүрэм журам нь өмнөх хуулиараа хийгдэнэ. Тойргоо томруулчихаар сонгуульд зарцуулах зардлын мөнгөн дүн дагаас өснө. Уг нь Сонгуулийн тухай хульд нэмэлт, өөрчлөлт оруулсан гол үзэл баримтлал нь сонгуулийг мөнгөний нөлөөнөөс бага болгох юм шүү дээ . Нам эвсэл улстөрчид нас, хүйс, албан тушаалын хувьд сонгуульд өрсөлдөхдөө гарааны тэгш байдлыг хангахад хамгийн гол бэрхшээл учирч буй зүйл нь мөнгө санхүүжилтийн асуудал байна гэж үзсэн. Ингээд Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа санхүүжилтийг бууруулна гэсэн. Тэгвэл эсрэгээрээ сонгуулийн тойргийг томсгож, санхүүжилтийг нэмэгдүүлснээрээ мөнгөний нөлөөг нэмэгдүүлэх гэж байна. Зарим тойрогт сонгогчдын тоо 200 мянга хүрч байна. Тэгэхээр сонгуулийн сурталчилгааны 18 хоногийн хугацаанд нам эвсэл, нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр, амлалт, зорилтуудаа танилцуулах боломж хомс. Тогтолцооны хувьд ийм тулгуу байгаа нь мөнгөний хүчин зүйлээр л нөхнө. Тийм болохоор энэ сонгуульд мөнгөний нөлөө нэмэгдэх юм болов уу гэж харж байна.

-Энэ удаагийн сонгуулийн сурталчилгаа ямар онцлогтой болохоор байна?

-Анх удаа маш олон нэр дэвшигчид, улс төрийн намууд сонгуульд оролцох гэж байна. Мажоритар тойрог дээр нэр дэвшигчдийн тоо намуудаа дагаад нэмэгдэж таарна. Сонгуулийн сурталчилгааны хувьд маш богино зайд яаж үр дүнтэйгээр, хүртээмжтэйгээр сонгогчидтойгоо ажиллах вэ гэдэгт бэрхшээл гарч таарна. Магадгүй илүү цахим талбарт сонгуулийн сурталчилгаа голдуу явагдах болов уу гэж харж байна. Яагаад гэвэл дөрвөн аймгийн 40, 50 суманд ийм богино хугацаанд хүрнэ гэдэг боломжгүй. Нөгөө талдаа сонгогчид сурталчилгааны 18 хоногийн хугацаанд яаж улс төрийн нам нэр дэвшигчдийн талаар бүрэн мэдээлэл авах юм бэ. Сонгогчдын хувьд өдөрт 10, 20 нэр дэвшигчдийн материал судлахгүй бол амжихгүй. Тэгэхээр цахим байдлаар сонгуулийн сурталчилгаа нэлээд өрнөх байх.

-Сошиал бол хуурамч мэдээлэл, хар пиар хүчтэй цацагддаг талбар. Тэгэхээр сонгогчид үнэн, худалд яаж шүүлтүүртэй хандах вэ?

-Сонгогчдын хувьд яалт ч үгүй цахим дээр байгаа мэдээллийн эх сурвалжийг нягтлах тал дээр илүү хэрсүү байх хэрэгтэй болж байна л даа. Хуурамч мэдээлэл, сонгуулийн далд сурталчилгаа, бусдын нэр хүндэд халдах технологи сонгууль болгоноор л хэрэгждэг шүү дээ. Тухайлбал, албан тушаалтай буюу УИХ-ын 76-гийн хувьд гишүүний ажлын тайлангаа тавих нэрээр сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө сонгогчидтойгоо уулзалт хийж л байна. Энэ нь сонгуулийн кампанит ажлын хугацаанд улс төрийн албан тушаал эрхэлж байгаа хүмүүст давуу тал бий болгож байна. Өөрөөр хэлбэл, сонгуульд өрсөлдөх гарааны тэгш байдалд гажуудал үүсч байгаа юм.

-Эцсийн бүлэгтээ сонгогчдод сонгох эрх нь байгаа шүү дээ. Тэгэхээр эрүүл ухаалаг сонголт хийхийн тулд яах ёстой вэ?

-Сонгууль бол ард түмэн төрийн эрх барих эрхээ хэрэгжүүлэх боломж. Ирээдүйгээ сонгож байгаа маш том боломж гэж ойлгох хэрэгтэй. Иймд сонгогчид маань хариуцлагатайгаар, мэдлэгтэйгээр, мэдээлэлтэйгээр, шүүлтүүртэйгээр сонголтоо хийх ёстой. Хэдийгээр бид төлөөллийн зарчмаар өөрийнхөө эрхийг бусдад шилжүүлж байгаа ч тэр төлөөлөл нь миний ашиг сонирхолд нийцсэн чиг үүргээр ажиллаж чадах уу гэдгийг бодох хэрэгтэй. Тэгэхээр улс төрийн намуудын бодлого мөрийн хөтөлбөрийг харьцуулж судлах нь байна. Сонгуульд оролцож саналаа өгөх боломжоо эдлэхийн тулд сонгогчийн нэрсийн жагсаалтаа шалгах нь байна. Сонгууль гэдэг бол гоё ганган үг, амлалтаар уралддаг биш. Бодлого мөрийн хөтөлбөрөөрөө уралдах ёстой. “Ирэх дөрвөн жилд таны ажиллах хөдөлмөрийн орчин ямар байх юм. Эрүүл аюулгүй амьдрахын тулд та ямар боломжоор хангагдах юм. Хэдий хэмжээний татвар төлөх юм бэ. Танай хүүхдүүдийн сурч боловсрох чанар, хүртээмжийн асуудал яаж сайжрах юм” гэдэг нь зөвхөн таны саналаас хамаарна. Тэгэхээр энэ болгоны төлөө саналаа өгч байгаа гэдгээ ойлгох ёстой. Нэр дэвшигчдийн өнөө маргаашийн бэлэг сэлтэд хууртах биш. Сонгууль бол сонгогчдын хувьд эрх баригчидтайгаа хариуцлага тооцдог нэг хэрэгсэл. Өөрөөр хэлбэл, одоогийн эрх баригчид үнэхээр таны амьдралыг сайжруулсан таатай бодлого хэрэгжүүлж байна гэж үзвэл үргэлжлүүлэн сонгоод итгэл үзүүлж болно. Хэрэв эд нар үнэхээр ажиллаж чадсангүй гэж бодож байгаа бол цэг тавиад хариуцлага тооцож болдог.

-Нийт сонгогчдын масс нь нийслэлийн гэр хорооллын иргэд, хөдөөгийн малчид байна. Тэгвэл улстөрчид, нэр дэвшигчид тэдэн рүү чиглэдэг. Тухайбал, хорооны хэсгийн ахлагчид амьжиргааны түвшин доогуур өрхүүдийг хүнсний талоноор нь хязгаарлана гэж сүрдүүлдэг ч юм уу. Эсвэл төрийн албан хаагчдыг ажил албан тушаалаар нь барьцаалж санал авахыг оролддог хандлагын талаар бишгүй яригддаг. Тэгвэл сонгуулийн дүнд жин дарах тэр том массын сонгогчдын боловсрол дээшилсэн болов уу?

-Энэ бол сонгогчид боловсролгүй, мэдээлэл дутмаг байгааг нь ашиглаж маневлаци хийж байгаа хэлбэр шүү дээ. Сонгогчдыг төөрөгдүүлж, айлган сүрдүүлж байна. Эсвэл саналыг нь хуурч авах гэж байна гэсэн үг. Сонгуулийн үйл явц ил тод байдаг ч гэсэн нууц байдаг ганц зүйл нь та хэнд, ямар улс төрийн намд саналаа өгч байгааг танаас өөр хэн ч харах, мэдэх боломжгүй. Тэгэнгүүт хүмүүсийг “Санал авах байранд суурилуулсан камераар хэнд саналаа өгч байгааг чинь харна шүү. Саналын тооллогын машин өөрөө эрэмбэлээд бүртгэлийн хуудасны дугаараар чинь чамайг олчихно” гэж хуурдаг ч юм уу. Тийм ямар ч боломж байхгүй. Сонгогч нэрийн жагсаалтад гарын үсэг зураад санал бэлтгэх бүхээгт орно. Дараа нь таны бөглөсөн саналын хуудсыг машинаар уншина. Тэр бүх үйл явцад таны санал нууцлалтай, аюулгүй байгаа гэдэгт итгэх хэрэгтэй. Та өөрийнхөө итгэл үнэмшлээр сонгуулиа өгөх ёстой. Сонгуулийн тухай хуульд сонгогч саналаа чөлөөтэй илэрхийлэх ёстой гэсэн үндсэн зарчим бий. Таны чөлөөтэй сонголтоо хийх энэ эрхэд хэн нэгэн айлгах юм уу, авлига өгөх замаар нөлөөлж болохгүй гэдэг зарчим. Таныг саналаа нууцаар өгөх бүх боломжийг сонгуулийн байгууллага хангаж ажилладаг. Мөн сонгуулийн санал авах үйл явц, сонгогчдын саналыг нууцалж чадаж байна уу гэдгийг хөндлөнгийн байгууллагууд, сонгуульд оролцож буй улс төрийн намууд гээд маш олон нүд харж, ажиглаж байдаг учраас сонгогчид ямар нэг айдасгүйгээр, дарамт шахалтгүйгээр өөрийнхөө хүсэл зоригийг илэрхийлэх боломжтой. Ийм боломжтойг сонгогчид мэдчих юм бол саналыг чинь худалдаж авах гэж оролдохгүй шүү дээ. Хэрэв хийдэг ажил, төрөөс авдаг нийгмийн халамж, туслалцаагаар чинь барьцаалж байгаа бол таны саналыг худалдаж авах гэж оролдож байна гэсэн үг. Хэрэв сонгогчид саналаа худалдах юм бол өөрсдийнхөө ирээдүйг, өөрсдийнхөө амьдралыг арилжаалж байгаатай адилхан. Нэгэнт таны саналыг худалдаж авах гэж байгаа хүмүүсээс бид сайн үр дүн, шударга ёс хүлээгээд хэрэггүй.

Ямар нэг байдлаар сонгогчдын саналыг худалдаж авах оролдлогууд хийсээр ирсэн нь худлаа биш. Яалангуяа сонгуулийн үед улсын хөрөнгө оруулалт шаардсан дэд бүтцийн мега төслүүдийг явуулна гэх нь элбэг. Энэ бол сонгогчдыг амлалтаар хуурч буй хэлбэр. Тэгэхээр сонгогчид маань худал, хууль зөрчсөн амлалтуудад маш шүүлтүүртэй, хэрсүү байх хэрэгтэйг дахин хэлмээр байна.

-Уул уурхайн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн санал гээгдсээр ирсэн. Явуулын хайрцгаар санал авах боломжтой юу?

-Сонгуулийн тухай хуульд сонгогчдыг саналаа өгөх уян хатан, олон янзын хувилбар байхгүй. Өөрөөр хэлбэл, иргэний үнэмлэхийн үндсэн хаяг дээр санал өгнө гэдэг ганцхан зохицуулалттай. Энэ бол маш хатуу шаардлага. Яагаад гэвэл сонгууль зуны дэлгэр цагт болдог. Амралт, зугаалгын цаг шүү дээ. Хамгийн чухал нь эдийн засаг идэвхждэг үе. Манай хөдөлмөрийн зах зээл дулааны улирлын чанартай байдаг. Зам тээвэр, уул уурхай, барилга, газар тариалан гээд ажлын байрууд олноор бий болдог. Үүнээс улбаалаад сонгогчдын оролцоонд тодорхой хэмжээнд асуудал үүсдэг. Дээр нь Хөдөлмөрийн тухай хуулиар уурхайн ажилтнууд 14:14 хоногоор ротын зохион байгуулалттай. Тэгэхээр өөрийнхөө үндсэн хаяг дээрээ саналаа өгөх хуулийн шаардлагатайгаа нийцдэггүй. Энэ нь маш олон тооны сонгогчид саналаа өгч чадахгүйд нөлөөлдөг. Том зургаараа сонгогчдын ирцэд ч нөлөөлдөг. Сонгуулийн үр дүнгээр байгуулагдах парламент аль болох олонхыг төлөөлөх ёстой. Гэтэл сонгуулийн ирц дөнгөж 50 хувьдаа хүрч байна. Энэ нь нийт улсынхаа 50 хувийн ашиг сонирхлын хүрээнд хууль тогтоох байгууллага бүрдэж байна гэсэн үг. Аль болох сонгогчийн ирц өндөр байх тусам ардчилал, олонхын хүсэл зорилго, олон ургалч үзэл маань парламнетад очиж тусгалаа олох ёстой. Тэгэхээр энэ тал дээр эрх зүйн хувьд дорвитой шинэчлэл хийхгүй бол техникийн энэ амьдралын технологийн хурдтайгаа сонгуулийн порцедур нийцэхгүй байна. Энэ нь эргээд сонгогчдыг сонгуульд оролцох боломж олгохгүйд хүргээд байна. Зөвхөн нэг шалтгаан нь уул уурхай дагасан шилжилт хөдөлгөөн байна.Томоохон уул уурхайд гэхэд 90 мянга орчим хүн албан ёсоор ажиллаж байгаа судалгаа бий. Тэдний 90 хувь нь эрэгтэйчүүд. 80 хувь нь 18-40 насныхан байгаа. Яг саналаа өгөх ёстой нийт сонгогчдын дотор 44 хүртэлх насны сонгогчид 63 хувь байгаа юм. Сонгуулийн үр дүнд нөлөөтэй эдгээр насны бүлэг амьдралын шаардлагаар олон удаа шилжилт хөдөлгөөнд ордог. Үүнээс үүдэн үндсэн хаяган дээр санал өгөх ёстой гэдэг шаардлагаас болж залуус сонгуульд санал өгөхөд төвөгтэй байдал үүсдэг юм уу гэж хардаг.

Сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амардаг хуулийн зохицуулалттай. Дөрвөн жилд ганц удаа олддог засгийн эрх барих эрхийг хэрэгжүүлэх өдөрт зориулж төр тусгайлан арга хэмжээ авч байгаа хэлбэр. Мэдээж сонгуулийн санал авах өдөр ажиллаж байгаа байгууллага байх юм бол удирдлага нь заавал ажилтнуудаа санал өгүүлэх үүрэгтэй гээд хуульд заасан. Тэгэхээр байгууллагын удирдлагууд сонгогчдыг саналаа өгөх боломжоор хангах үүргээ хэрэгжүүлж ажиллах ёстой.

-Жил ирэх тусам сонгогч-дын ирц буураад байна. Яаж дээшлүүлэх вэ?

-Хүмүүс сонгуулийн маргааш нь “Юу болчихов оо” гээд гайхцгаадаг. Тэгж хэлэхгүйн тулд бүгдээрэ санал авах байр руу очих ёстой. Очсоноос илүү очихгүй байгаа нь сонгуулийн үр дүнг шийддэг гэдэг. Хариуцлагагүй улстөрчид саналаа өгөөгүй сонгогчдын ачаар гарч ирдэг нь худлаа биш. Тэгэхээр бүгдээрээ очиж саналаа өгөхийн төлөө хичээцгээе. Ер нь ирц буурч байгаа нь бүхий л улс орнуудад ажиглагдаж байгаа зүйл. Ялангуяа ковидын дараа болж буй сонгуулиудад ирц буурч байна. Ер нь сонгуулийн санал авах уламжлалт хэлбэрийг өөрчлөх хэрэгтэй. Тэгэхгүй бол сонгогчдын хувьд сонгуульд оролцох нь бэрхшээлтэй, хүртээмжгүй байж болохгүй. Тэгэхээр сонгуульд оролцох боломж нь хүртэл сонгогчидтойгоо ойртсон ээлтэй хүртээмжтэй, тенологид суурилсан илүү хялбар байх тал дээр шинэчлэл хийх хэрэгтэй гэдгийг шинжээчид дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна л даа. Бид өнөөдөр сонгуулийн холимог системийг хэрэглэж байна. Ядаж шилжин суурьшсан байгаа сонгогчдын хувьд үндэсний хэмжээний улс төрийн намуудыг жагсаалтад орж байгаа пропорциональ системд саналаа өгөх боломжоор хангагдах ёстой. Жишээлбэл, Өмнөговь аймгийн сонгогч Өвөрхангайд саналаа өгөх боломжгүй байлаа гэхэд улс орон даяар бодлого мөрийн хөтөлбөрөө уралдуулж байгаа Улс төрийн намын жагсаалтад саналаа өгөх эрх нь бүх иргэдэд адилхан байж болохоор. Энэ бол техникийн болон зохион байгуулатлын л асуудал. Сонгогчдын хувьд өөрийнхөө хувь заяаг өөр хүнээр шийдүүлэхгүйн тулд санал авах байр руу эрт очоорой гэж захимаар байна. Яагаад гэвэл сонгуулийн систем өөрчлөгдсөнтэй холбоотойгоор сонгогчдын хувьд хоёр саналын хуудас бөглөнө. Арван мандаттай тойрогт 10 нэр дэвшигчийг олж, дугуйлж тэмдэглэнэ гэдэг бол сонгогчдоос нэлээд анхаарал, хугацаа шаардана. Санал авах байр хаагдах үед ачаалал үүсэх эрсдэлтэй. Тиймээс аль болох эртхэн очиж саналаа өгөөрэй гэж хэлмээр байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.