ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2024.05.29) хуралдаан 15 цаг 10 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдаанаар эхлээд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 14 дүгээр захирамжаар Рагчаагийн Батрагчааг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хуралд санал болгож буйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулав.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Р.Батрагчаа нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 46 настай, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг байна. Нэр дэвшигч Р.Батрагчаа нь 1995 онд Улаанбаатар хотын 10 жилийн 77 дугаар дунд сургууль, 1999 онд “Отгонтэнгэр” их сургуулийг олон улсын эрх зүйч /бакалавр/, 2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн, хууль зүйн магистрын зэрэгтэй. Англи, орос хэлтэй.
Тэрбээр 1999-2000 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь Сум дундын прокурорын газарт хяналтын прокуророор, 2001-2003 онд “Түшээ” хууль зүйн дээд сургуульд Эрх зүйн тэнхимийн багшаар, 2005-2006 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын “Берримен” хуулийн фирмд туслах хуульчаар, 2007-2008 “Датамо” ХХК болон “Кью Жи Экс Монгол” ХХК-д хуульчаар, 2008-2016 онд “Эй энд Эй Глобал” хуулийн фирмийн захирал, өмгөөлөгчөөр, 2016-2019 онд Төрийн орон сууцны корпораци төрийн өмчит үйлдвэрийн газрын Захиргаа, санхүүгийн газрын даргаар, 2019-2020 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар, 2020-2022 онд Эрчим хүчний яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар, 2022-2024 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байгаад 2024 оны 01 дүгээр сараас Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль зүйн бодлогын зөвлөхөөр томилогдон ажиллаж байгаа юм байна. Хуульч мэргэжлээр 17 жил ажилласан нэр дэвшигч Р.Батрагчаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй байх шаардлагыг бүрэн хангаж байгааг Я.Содбаатар дарга хуралдаанд танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.3-т “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд нэр дэвшүүлсэн байгууллага болон нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлж болно” хэмээн заасан байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Цэцийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлсэн дээрх саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух, нэр дэвшигчид хандан үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд санал болгож буй нэр дэвшигч Р.Батрагчааг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 54 хувь нь дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаар захирамжаараа Бямбадоржийн Болдбаатарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хуралд санал болгож буйг танилцуулсан.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Б.Болдбаатар нь 1968 онд Улаанбаатар хотод төрсөн. 56 настай, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг байна. Нэр дэвшигч Б.Болдбаатар нь 1986 онд Улаанбаатар хотын 10 жилийн 33 дугаар дунд сургууль, 1992 онд Москва хотын Авто замын дээд сургуулийг инженерээр /бакалавр/, 2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр /бакалавр/ тус тус төгссөн. Орос, англи хэлтэй.
Нэр дэвшигч Б.Болдбаатар нь 1990-1991 онд Гадаадад суралцагч монгол оюутны холбооны ерөнхийлөгчөөр, 1992-1997 онд “Боловсрол” ХХК-д менежер, 1997-2004 онд “Түшээ” дээд сургуульд гүйцэтгэх захирал, багшаар, 2004-2005 УИХ дахь “Эх орон-Ардчилал” эвслийн бүлгийн ажлын албаны ахлагч, 2005-2006 онд Улаанбаатар төмөр зам ХНН-д Хуулийн хэлтсийн Хууль зүйн албаны даргаар, 2006-2010 онд УИХ дахь Ардчилсан намын зөвлөл, бүлгийн ажлын албаны даргаар, 2012-2016 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар, 2017-2021 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Элчин сайдын яаманд зөвлөхөөр тус тус ажилласан бөгөөд 2021 оноос УИХ-ын Тамгын газарт зөвлөх, Хууль эрх зүйн газрын даргаар ажиллаж байгаа юм байна. Хуульч мэргэжлээр 19 жил ажилласан нэр дэвшигч Б.Болдбаатар нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй байх шаардлагыг бүрэн хангаж байгааг Я.Содбаатар дарга танилцуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Цэцийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлсэн дээрх саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа асуулт асууж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатараас хариулт авав. Байнгын хорооны хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд нэр дэвшигчид хандан үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд санал болгож буй нэр дэвшигч Б.Болдбаатарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 11 гишүүний 8 буюу 72.7 хувь нь дэмжсэн. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.
Цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хурлаас нэр дэвшүүлсэн саналыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ талаар Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн Цэдэвийн Цолмонг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хурлаас санал болгон, нэр дэвшүүлж байна гэлээ. Энэ саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, гишүүдийн олонх дэмжсэн байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Ц.Цолмонг нэр дэвшүүлэхдээ онол, эрдэм шинжилгээний болон судалгааны ажлын мэдлэг ур чадвар, хууль тогтоох байгууллагад ажилласан туршлага, ур чадвар, гүйцэтгэх засаглал буюу Засгийн газрын түвшинд ажилласан туршлага болон шүүх байгууллагад ажиллаж байсан туршлагыг үндэслэн хууль зүйн өндөр мэргэшилтэй, улс төр, хуулийн салбарт ажилласан туршлага, онол, практикийн мэдлэг боловсролыг харгалзсан хэмээн Г.Занданшатар дарга танилцуулсан юм.
Нэр дэвшигч Ц.Цолмон нь нийслэлийн 52 дугаар дунд сургуулийг төгссөн. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Их Британийн Эксетерийн их сургууль, 2013-2014 онд АНУ-ын Колумбын их сургуульд тус тус суралцаж хууль зүйн ухааны магистрын зэргийг хамгаалсан.
Тэрбээр ажлын гараагаа Улсын Их Хурлын Тамгын газарт мэргэжилтнээр эхэлсэн бол 1998-2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Иргэний эрх зүйн тэнхимийн багшаар, 2004-2013 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын даргаар, 2016-2019 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар, 2020-2022 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирлаар тус тус ажиллаж байсан бөгөөд өдгөө Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч, арбитрчаар ажиллаж байгаа мэдлэг, туршлагатай нэгэн болохыг Улсын Их Хурлын дарга танилцууллаа.
Улсын Их Хурлаас Цэцийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлсэн энэхүү саналтай холбогдуулан гишүүд асуулт асуух, нэр дэвшигчид хандан үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу Улсын Их Хурлын 11 гишүүний 6 нь Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд санал болгож буй нэр дэвшигч Ц.Цолмонг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжив. Иймд энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Я.Содбаатар дарга Байнгын хорооны хуралдаанд танилцуулав.
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.17 дахь хэсэг, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Очирсүхийн Машбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томилуулах асуудлыг зөвшилцөхөөр Улсын Их Хуралд саналаа хүргүүлсэн гэв. О.Машбат нь 1981 онд Дорноговь аймагт төрсөн. 43 настай, ам бүл 5. Тэрбээр 1998 онд Дорноговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийг дүүргэж, 2002 онд Чингис хааны нэрэмжит “Их засаг” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2005 онд “Их засаг” их сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалжээ. 2005 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлагаар, 2007 онд АНУ-ын Колорадогийн их сургуульд суралцаж эрүүгийн эрх зүйд суурилсан шинжлэх ухааны удирдлагын магистрын зэрэг хамгаалсан байна. О.Машбат нь 2003-2005 онд УИХ-ын Тамгын газарт туслах ажилтнаар, 2008-2009 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтэн, 2009-2013 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргаар, 2015-2017 онд Улсын Ерөнхий прокурорын газарт хяналтын прокуророор, 2017-2019 онд Нийслэлийн Прокурорын газарт хэлтсийн дарга, ахлах прокуророор, 2019-2020 онд Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга, ахлах прокуророор, 2020-2024 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Шадар сайдын зөвлөх, Ерөнхийлөгчийн Тамгын газарт Хуулийн бодлогын газрын даргаар тус тус ажиллаж байжээ. 2024 оны 01 дүгээр сараас Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, ахлах прокуророор ажиллаж байгаа юм байна. Тэрбээр 2004 онд хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцэж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээгээ авчээ. Хуульч мэргэжлээр 20 жил ажиллаж байгаа бөгөөд Прокурорын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-д заасан “Хуульчийн мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, гучин таван насанд хүрсэн прокурорыг Улсын ерөнхий прокурор, түүний орлогчоор томилно” гэсэн шаардлагыг бүрэн хангаж байгааг Я.Содбаатар дарга танилцуулав.
Хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд нэр дэвшигчийн танилцуулга болон нэр дэвшигчээс асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бол Д.Цогтбаатар гишүүн үг хэлэв. Тэрбээр О.Машбатыг шаардлага хангаж буй мэдлэг, туршлагатай нэгэн гэдгийг тэмдэглээд “Хууль сахиулах үүргээ чандлан биелүүлж нягт, нямбай ажиллахын сацуу хүний эрхийн мэдрэмжтэй ажиллаарай. Хууль хяналтын байгууллагууд төрийн нэрээр хүний эрхийг зөрчиж байгаа тохиолдол олон байгаа талаар иргэд ярьж байна. Та хуулийн манаанд зогсохдоо хамт хүний эрхийн манаанд зогсох юм. Гэм буруутан бүр гарцаагүй ял шийтгэл хүлээдэг зарчим үйлчлэх ёстой. Гэсэн ч байнга хүний эрхийг хангах талаар бодож, анхаарч ажиллаарай” гэв.
Ийнхүү гишүүн үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор О.Машбатыг томилохоор Монгол Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 54.5 хувь нь дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа.
Хуулийн төслүүдийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн юм. Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир ажлын хэсгийн ахлагчаар ажилласан бол бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Л.Мөнхбаатар, М.Оюунчимэг, Б.Энх-Амгалан нар ажиллажээ. Ажлын хэсэг 2024 оны 05 дугаар сарын 27, 29-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын 7 томьёолол, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх 22 санал, төслийн бүтэц нэр, томьёо, хэл найруулга, дэс дараалал, зүйл заалтын дугаар, эшлэлийг нийцүүлж өөрчлөх 1 саналын томьёоллыг бэлтгэжээ. Энэ хүрээнд шүүх хуралдааны нээлттэй, ил тод байдлыг хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар олон нийтэд үнэн бодит мэдээллийг авах боломжийг тэгш хангах зарчмыг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэж байгаа нь нууцын холбогдох хууль тогтоомжийг шүүхийн шатанд хэрхэн зохицуулах талаар уялдаа холбоог хангаж нарийвчлан тусгажээ. Шүүх Монгол Улсын шүүхийн тэргүүн, дэд, гутгаар, дөтгөөр, тавдугаар түшээ гэсэн зэрэг дэвтэй байх төслийн зохицуулалтыг өөрчлөн найруулж, шүүгчид зэрэг дэв олгох журмыг Улсын Их Хурал батлахаар, “шүүхийн цахим платформ” гэж шүүхийн үйл ажиллагаанд мэдээлэл цуглуулах, боловсруулах, хайх, илгээх, хүлээн авах, ашиглах болон түүний аюулгүй байдлыг хангах зорилго бүхий үндсэн программ хангамж, техник хангамж, мэдээлэл, хуулийн сан, бусад бүрэлдэхүүн системийг хэлнэ гэсэн тайлбарыг төсөлд тусгах, Ерөнхий зөвлөл энэ хуулийн 32.2.1, 32.2.2-т зааснаас бусад тохиолдолд шүүгчийн сул орон тоо гарсан бол энэ хуулийн 34.9-д заасан нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн эрэмбийн дарааллийг баримтлан энэ хуулийн 35.1-д заасны дагуу өргөн мэдүүлэх, иргэд нээлттэй шүүх хуралдааныг хөндлөнгөөс ажиглах зорилгоор шүүх хуралдаанд оролцох дэг журмыг баримтлан шүүх хуралдааны танхимд чөлөөтэй нэвтрэх зэргийг тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Байнгын хорооны хуралдаанд оролцож буй гишүүд ажлын хэсгийн танилцуулга болон төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэн ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Дараа нь Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтын зарим хэсэг 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтын зарим хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэн, шийдвэрлэлээ.
Улсын Их Хурлаас 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр баталсан Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтын холбогдох хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцжээ. Тус хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр /илтгэгч/, Д.Гангабаатар, Л.Өлзийсайхан, Э.Энхтуяа нар хуралдсан байна. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг томилогджээ. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар дээрх маргааныг хэлэлцээд, гаргасан дүгнэлтийг Ц.Мөнхцэцэг гишүүн Байнгын хорооны хуралдаанд танилцуулав.
Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагчид … дараахь зүйлийг хориглоно:” гээд 69.1.8 дахь заалтад “нам, үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх, албаны бие бүрэлдэхүүний дотор аль нэг нам, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа, улс төрийн үзэл баримтлалыг сурталчлах, дэмжлэг үзүүлэх;” гэж заасны “…, үйлдвэрчний эвлэлийн …, үйлдвэрчний эвлэлийн …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтын “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол …-ын үүднээс … олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. …” гэснийг зөрчсөн байна хэмээн дүгнэжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат асуулт асууж, Ц.Мөнхцэцэг гишүүн хариулт, тайлбар өгөв. Цэцийн 2024 оны 02 дугаар дүгнэлттэй холбогдуулан гишүүд үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжсэнгүй. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Төгсгөлд нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд дээрх төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Байнгын хороо хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг явуулахад санал хураалт явуулах шаардлагагүй хэмээн Д.Цогтбаатар дарга танилцуулав. Ийнхүү хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Үүгээр Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Сэтгэгдэл