Найм дахь удаагийн парламент нь 12 чуулган, хүндэтгэлийн 5 хуралдаан хийж, 2200 хууль тогтоомж баталлаа

Aдмин / Улстөр

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы /2024.06.05/ өнөөдрийн үдээс хойших хуралдаан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм. Тэрбээр, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын дөрвөн гишүүний өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу хэлэлцсэн хэмээлээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, байр суурь илэрхийлэх гишүүн байсангүй. Хууль болон тогтоолын төслүүдийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав. Тэрбээр, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын зарим гишүүнээс хууль хоорондын ердийн өрийн удирдлагыг боловсронгуй болгох зорилгоор тогтоолын төслийг боловсруулсан. Энэхүү тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасны дагуу тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн хэмээн танилцууллаа.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж асуулт асуух гишүүн байсангүй. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг дэмжиж, эцэслэн батлав.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн илтгэв.

Хуралдаан даргалагч хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асууж, үг хэлэх гишүүд байгаа эсэхийг тодруулахын сацуу хууль болон тогтоолын төслүүдийн талаарх санал хураалтыг нэгдсэн журмаар явуулна гэснээр хуралдаан Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

2001 оноос хойш хэрэгжихгүй байсан Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт илтгэсэн юм.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталъя гэсэн саналын томьёоллыг гишүүдийн олонх дэмжсэнээр уг төслийг баталсан юм.

Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах Түр хорооны тайлан, санал, дүгнэлтийг хэлэлцэв

Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах Түр хорооны тайлан, санал, дүгнэлтийг хэлэлцсэн юм. Тайлангийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ илтгэв.


Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 2024 оны 05 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулсан нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль хэрэгжсэнээс хойших дөрөв дэх сонсгол юм. Нийтийн тээврийн автобус худалдан авах үйл ажиллагаанд хамаарах баримт бичиг, материалыг нийт 20 байгууллага албан газраас, нотлох баримтын 6729 хуудас баримт бүрдүүлсэн. Нөхцөл байдалтай танилцахын тулд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Тээвэр хөгжлийн банк, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз, Нийслэлийн Нийтийн Тээврийн газар, “Тэнүүн-Огоо” ХХК-д очиж ажиллажээ. Нийт 8 хянан шалгагч, шинжээчийг томилж, Авлигатай тэмцэх газар, Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг хууль хяналтын байгууллагын төлөөлөл, урилгаар Үндэсний аудитын газар, Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, Гаалийн ерөнхий газар, Нийслэлийн нийтийн тээврийн газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар зэрэг төрийн байгууллагуудыг оролцуулсан. Зургаан асуудал хөндсөн сонсголд 96 гэрч оролцохоос 66.7 хувь нь ирсэн. Нээлттэй сонсгол нь иргэдийн мэдэх эрхийг хангаж, иргэний төрд тавих хяналтын тогтолцоог бэхжүүлж, томоохон өөрчлөлтийг авчрах үр дүнтэй хэмээн Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны дарга танилцуулаад, хуулийн дагуу цуглуулсан нотлох баримтад үндэслэн гаргасан дүгнэлтийг илтгэв. Уг асуудал нь хуулийн байгууллагаар шийдвэрлэгдэж байгаа тул хууль хяналтын байгууллагаар шалгах саналыг тусгаагүй бөгөөд хууль тогтоомжийг боловсронгуй болгох, төрийн байгууллагын үйл ажиллагаа, сахилга хариуцлагыг дээшлүүлэх хүрээнд таван санал боловсруулсныг танилцууллаа. Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд төрийн худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй, тэгш өрсөлдөх боломжоор хангаж хуулийн дагуу зохион байгуулах, үндэслэлтэй тооцоо, судалгаанд тулгуурлаж, хүрэх түвшинг нарийвчлан тодорхойлох шаардлагатай. Сонсголд гэрчээр дуудагдсан этгээд нь гишүүний бүрэх эрх, халдашгүй байдалд халдаж, зүй бус үг хэллэг хэрэглэн сонсголын дэг зөрчсөн тул хуулийн дагуу хариуцлага тооцуулах саналыг хууль хяналтын байгууллагад хүргүүлнэ. Төрийн захиргааны байгууллагын шат, шатны үүрэг, хариуцлагын тогтолцоог сайжруулах, автотээврийн салбарт бодлогын түвшинд шийдвэр боловсруулах чадвартай хүний нөөц бэлтгэх асуудлыг төрийн бодлогод тусган хэрэгжүүлэх, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “Автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах давтамж, оношилгооны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай” 213 дугаар тогтоолын 2-т “Автотээврийн хэрэгслийг үйлдвэрлэсэн оноос хойших 2 жилд техникийн хяналтын үзлэгт оруулахгүйгээр зөвхөн автотээврийн хэрэгслийн тооллогод хамруулж байсугай” заалтыг өөрчлөх, шаардлагатай тохиолдолд хүчингүй болгох шаардлагатай гэсэн саналыг ирүүлжээ. Ийнхүү Хянан шалгах түр хороо Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу тайлан, санал, дүгнэлтээ танилцуулж, Түр хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, байр суурь илэрхийлэх гишүүн байсангүй.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Хянан шалгах түр хорооныхонд талархал илэрхийлээд, сонсгол явуулахад амаргүй байсан талаар өмнөх Түр хороод, Ажлын хэсгийн туршлагад тулгуурлан дурдлаа. “Хянан шалгах түр хороо тайлан, санал, дүгнэлтээ Улсын Их Хуралд танилцуулснаар уг хороо татан буугдсанд тооцно” гэсэн хуулийн заалттайг тэрбээр сануулсан. Түр хорооны саналын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, баталсан.

113 хуулийн төслийг эцэслэн батлав

Чуулганы нэгдсэн хуралдаан санал хураалтаар үргэлжилж, хуралдаан даргалагч үдээс өмнөх хуралдаан болон түрүүхэнд Байнгын хороодын санал, дүгнэлтийг танилцуулж, хэлэлцүүлсэн хууль, тогтоолуудын төслүүдээр нэг бүрчлэн санал хурааж эхэллээ. Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60,8 хувь нь дэмжсэнээр батлав. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хоёр жилийн турш томилолтоор явж, хэлэлцүүлсний эцэст Архангай аймгийн нутаг дэвсгэр дэх Булган уул дархан цаазат газрын нэг болж батлагдаж байгааг онцлон тэмдэглэсэн юм. Түүнчлэн Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул баталлаа. Мөн Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлт, тогтоолын төслийг баталж, Хянан шалгах түр хороог татан буулгасанд тооцов.

“Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенцын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн юм. Энэ өдрийн хуралдаанаар нийт 113 хуулийн төслийг эцэслэн баталлаа. Тухайлбал Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Сонгуулийн автоматжуулсан системын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Төрийн ордны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эрүүл мэндийн тухай хуулийн төсөл, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зар, сурталчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, Ахмад настны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хууль, тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталсан юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.18-д “Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг товлон зарласан үед Улсын Их Хурлын дарга Зөвлөлийн саналыг харгалзан чуулганыг 30 хүртэл хоногийн хугацаагаар түр завсарлуулж болно” гэснийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан Улсын Их Хурлын чуулганыг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түр завсарлуулах тухай Улсын Их Хурлын даргын 2024 оны 89 дугаар захирамжийг Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн саналыг харгалзан гаргаж, танилцуулж байна гэсэн юм. Захирамжийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс дагаж мөрдөх мөрдөн хэмээв.

Улсын Их Хурлын чуулганыг түр завсарлуулахтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы танхимд хүрэлцэн ирж, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, өнгөрсөн гурван жилийн хугацаанд олон зүйлээр хамт ажилласанд талархаж байгаагаа илэрхийлэх гэсэн юм. Баярлалаа. Энэ Улсын Их Хурал бол маш онцлогтой Улсын Их Хурал байлаа. Миний хувьд Ерөнхий сайдаар томилогдох үед бүгдээрээ масктай, бүгдээрээ шилэн хоргоны цаанаас хоорондоо харилцаж, хил хэзээ нээгдэх нь тодорхойгүй, эрх зүйн орчин маш хүнд, улсын төсөв 30 орчим хувиар тасарчихсан байсан. Та бүхэн цар тахлыг даван туулах Засгийн газрын багц бодлогыг дэмжсэн. Парламентын гишүүд хүнд үед нэгдмэл байж, том зургаар харж, ажилласнаараа бид цар тахлыг давж чадсан хэмээн онцоллоо. Мөн Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд өөрсдөө төрийн тендерт оролцохгүй гэсэн улс төрийн том шийдвэрийг парламент гаргаж чадсан. Эрдэнэт, Оюутолгой зэрэг олон асуудалд эрх зүйн хувьд цэг тавьж, Цахим бодлогын байнгын хороо байгуулж, цахим яам байгуулахыг дэмжсэн парламент байлаа хэмээв.

Монгол Улсын Ерөнхий сайдыг үг хэлсний дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 126 гишүүн хүлээн авах Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимын засварыг 2024 оны 06 дугаар сарын 28-наар эцэслэн дуусгахыг Тамгын газарт үүрэг болгоод, чуулганыг завсарлуулахдаа үг хэлсэн юм.

Тэрбээр, хаврын ээлжит чуулган ажлын 58 өдөр чуулж, 240 гаруй хууль тогтоомжийг хэлэлцэн баталсан байна…2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан 8 дахь удаагийн парламент ээлжит болон ээлжит бус 12 чуулган, Хүндэтгэлийн 5 хуралдаан хийж, нийт 2200 шахам хууль тогтоомж баталсан байна. Манай парламент батлан гаргасан хууль тогтоомжийн тооноос гадна чанарын үзүүлэлтээр амжилт тогтоосон, ажил хэрэгч парламент байж чадлаа. Ард түмний засаглах эрхийг хангах, шударга ёс, хуулийн засаглал тогтоох шинэчлэлүүд хийж, шударга ёсны төлөөх нийгмийн давалгааг эрх зүйн шинэчлэлээр дэмжсэн нь цэгцрэх хөдөлгөөнийг түрж, түүчээлсэн манлайлал болж чадсан. Тиймээс шинэтгэгч парламент болж түүхэнд үлдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна… Бидний “томилолтын” хугацаа өндөрлөх дөхөж байна. Намчирхал, талцлыг хойш тавьж, Монголоо сэргээн мандуулах, Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн тогтолцоог эрүүлжүүлэх эрхэм зорилгын төлөө гар, сэтгэл нийлж ажилласан эрхэм гишүүддээ талархал илэрхийлье. Та бүхэндээ болон Монголынхоо нийт ард түмэнд амжилт ялалт, баяр бахархлыг хүсэн ерөөе. Улсын Их Хурлын тухай хуулийн 22.18-д заасны дагуу 2024 оны хаврын ээлжит чуулганыг завсарлуулж байгааг мэдэгдье гэснээр чуулганы хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


Сэтгэгдэл

1 [66.181.190.158] 2024-06-07 16:28:10

МОНГОЛЫН ЭСРЭГ ХУУЛЬ МАШ ИХ БИЙ.

ЗОЧИН [202.126.88.186] 2024-06-07 09:40:19

УИХ-Д ДАХИН НЭР ДЭВШИЖ БУЙ ТЭТГЭВРИЙН ХӨГШЧҮҮЛЭЭС САЛЦГААЯ ТУХАЙЛБАЛ 10 ХУВИЙН ДАВААСҮРЭН, БАТТӨМӨР БАТЭРДЭНЭ ГЭХ МЭТЧИЛЭН ЭД НАР ДАХИН ГАРВАЛ ЮУ Ч ХИЙХГҮЙ МӨНГӨ ИДЭХЭЭ Л ХИЙНЭ.

Иргэн [202.9.46.71] 2024-06-07 08:13:13

Ямарч их хууль вэ. Утга учраа алдаад дуусаж бна даа.

ЗАЙЛ [202.9.46.22] 2024-06-07 07:59:44

ЭХ НУТАГАА ХАРИЙХАНД ӨГӨХ ГЭСЭН МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛД ХАМГИЙН ИХ ӨНГӨЛЗСӨН ХУВИЙН ХЭВШЛИЙГ ХАМГИЙН ИХ ХААЖ БООСОН ХАМГИЙН ИХ ХУЛГАЙ ЛУЙВАР ХИЙСЭН УЛС ЭХ ОРНОО УЛАНДАА ГИШИГСЭН ШӨЛӨГНҮҮД ЗАЙЛЦГАА

зочин [122.201.19.99] 2024-06-06 12:13:26

2200 хууль гэнэ монгол улсын хуулийг дураараа өөрчилсөн МАНгарууд бнаа.Хуулийн дархлаа гэж юм монголд лав алгаа өөрт хэрэгтэй хууль батлаал дараагийн 126-дахин засах бх даа хөөрхий


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.