Сонгууль дууслаа. Сонгосон ард түмэндээ үйлчлэх цаг ирлээ

Aдмин / Улстөр

Монголчууд саяхан УИХ-ын ээлжит сонгуульд оролцож, УИХ-ын гишүүдийг сонголоо.Сонгуульд 19 нам, 2 эвсэл, 40 бие даагч нийт 1341 нэр дэвшигчид УИХ-ын 126 суудлын төлөө өрсөлдөв. 2.2 сая сонгогч саналаа өгөхөөс 1.4 сая сонгогч саналаа өгчээ.

  • Сонгуулийн урьдчилсан дүнг харвал МАН тойрогт 50 суудал, нэрсийн жагсаалтаар 18 суудал, нийт 68 суудал буюу 51,0 хувийн санал авч сонгуульд ялжээ.
  • АН тойрогт 26 суудал, нэрсийн жагсаалтаар 16 суудал нийтдээ 42 суудал буюу 33.3 хувийн санал авчээ.
  • Гуравт, ХҮН нам тойрогт 2 суудал, нэрсийн жагсаалтаар 6 суудал, нийт 8 суудал буюу 6.3 хувийн санал авчээ.
  • Дөрөвт, Үндэсний Эвсэл нэрсийн жагсаалтаар 4 суудал буюу 3.2 хувийн санал авчээ.
  • Тавд, ИЗНН нэрсийн жагсаалтаар 4 суудал буюу 3.2 хувийн санал авчээ.

Сонгуульд ялсан намын дарга сонгуулиар Монголын ард түмэн яллаа хэмээн мэдэгдэж байна. Үгүй шүү. Энэ сонгуулиар Ардын нам ялсан болохоос биш, Ард түмэн ялсан юм биш. Ард түмэн хэзээ ялдаг юм бэ гэвэл улс орон нь өндөр хөгжилтэй болж, шударга ёс тогтож, ард түмэн баян чинээлэг болсон цагт ялдаг юм. Харин энэ сонгуулиар гурван өөр намын төлөөлөл сонгогдсон тул ардчилал өмнөхөөсөө арай нэмэгдсэн байна гэсэн үг. Намуудын байдлыг ажвал Ардын нам өмнөхөөсөө амьдлаг болж авилгал хулгайтай тэмцэн, ард түмнийхээ гүнд орж амьдрал ахуйтай нь танилцаж, хэлэх үгтэй, хийсэн ажилтай төлөвшсөн нам болсон байна. Ардчилсан нам дотроо хагаралдаж тамга тэмдэгний төлөө тамтгаа алдатлаа тэмцэлдэж нэр хүнд нь навс унасан ч гэсэн ард түмэн ардчилалд дуртай тулдаа олон санал өгч, харин ч суудлаа ахиулж чадлаа. ХҮН нам харин сонгуульд сайтар бэлтгэсэн тул сайн үр дүн үзүүлж, парламентад найман суудал авчихлаа. Сонгуулийн үед ХҮН нам гэсэн ухуулах хуудастай том оврын автобуснууд энд тэндгүй яваад л байсан юм. Ямар ч байсан ХҮН нам амжилт гаргалаа. Үндэсний эвсэл анх удаа сонгуульд оролцож, парламентийн дөрвөн суудал авсан нь үнэхээр том амжилт байлаа. ИЗНН дөрвөн суудал авсан нь чамлахааргүй том амжилт юм. Одоо шинэ бүрэлдэхүүнтэй болсон УИХ улам эрчимтэй ажиллан, бөөгнөрсөy асуудлыг шийдэж, эх орноо хөгжүүлэх ажилд шуудран орох шаардлагатай боллоо.

Намууд сонгуулийн өмнөхөн 8 жилийн асуудал, 34 жилийн асуудлыг ярих юм. 8 жил, 34 жилийг дэмий өнгөрөөлөө гэх юм. Ийм өчүүхэн бага хугацааны тухай ярих хэрэггүй. 100 жилээр ярих хэрэгтэй. Өнгөрсөн зуун жилд Монголчууд хөгжиж чадсан уу, хөгжөөгүй бол юунаас болов. Ирэх 100 жилд яаж хөгжих юм бэ гэж ярих ёстой.

Өнгөрсөн 100 жилд Монгол Улс үсрэнгүй хөгжиж чадаагүй, ази тивдээ хамгийн ядуу буурай орон хэвээр хорьдугаар зууныг өнгөрөөсөн шүү. 1921 онд Монголд Ардын хувьсгал яллаа, Ардын нам яллаа гэдэг байсан боловч, ард түмэн ядуурсаар 70 жил өнгөрсөн юм шүү. Хамаг мал сүргээ хураалгаж, эсгий гэрээс өөр өмчгүй, эв хамтын тунхагаас өөр уриагүй ард түмэн яаж өөдлөхөв дээ. Монгол Улс 1990 оноос л хойш туурга тусгаар улс болж ард түмэн нь эрх чөлөөтэй болж хөгжих замдаа орсон доо. Удаан ч гэсэн бид урагшилсаар байна.

Өнгөрсөн зууны ерээд оноос сонгуульд ялсан эрх баригч намынхан “Бидний дайсан ядуурал. Бид ядуурлыг устгана” хэмээн амлаэ байсан боловч, Монголын хүн амын 33.0 хувь нь ядуу гэсэн үзүүлэлт гучин жилийн турш хэвээр үлджээ.

Мөн тэр үед эрх баригчид Монгол Улсыг аж үйлдвэржүүлнэ гэсэн уриа гаргасан боловч ган, зэс, нефтийн үйлдвэр, арматурын үйлдвэр, цахилгаан станцаа барьж чадсангүй. Зүү тариа, хадаас ч үйлдвэрлэж чадсангүй, эх орноо хамгаалахад нэн шаардлагатай буу зэвсэг, бууны сумаа ч үйлдвэрлэж чадсангүй, байлдааны танк, нисэх онгоцоо цэнэглэх шатахуунаа ч үйлдвэрлэж чадсангүй зуун жил болов. Монгол Улсыг аж үйлдвэржүүлж гадаадын хөрөнгийг их хэмжээгээр татаж чадсангүй. Гэтэл өнгөрсөн зууны жар, далаад онуудад Азийн өмнөд Солонгос, Сингапур, Тайланд,Тайвань, Малайз улсууд аж үйлдвэржиж гадаадын хөрөнгийг их хэмжээгээр татаж улсаа хорь, гучхан жилийн дотор хөгжүүлж чаджээ.

Монголчууд бид ардчилал, зах зээлийн замд орсон 34 жилээ ашиглаж хөгжиж чадсангүй, ядуу буурай орон хэвээр үлдсэн. Одоо л бид хориннэгдүгээр зуунд хөгжил энэ тэрээ ярьж хүний дайтай хүн, улсын дайтай улс болох замдаа орж байна. Хөгжлийн индексээр Монгол Улс эдүгээ дэлхийн 200 орны тэг дунд нь л явж байна. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн эдүгээ 68 их наяд төгрөг буюу 19.9 тэрбум доллар байгаа нь дэлхийд 124 дүгээр байранд жагсаж, Африкийн Мозамбик, Замби улсын ард оржээ. Ичмээр юм. Саяхан л бидэнтэй адилхан социалист орон байсан хөрш Казахстан улсын ДНБ эдүгээ 260.5 тэрбум ам доллар болж дэлхийд 49 дүгээр байранд, зүүн европын социалист орон байсан Польш улсын ДНБ эдүгээ 844.6 тэрбум ам доллар болж дэлхийд 21 дүгээр байранд жагсаж байна.

Аливаа улс орны иргэдийн амьжиргааны түвшинг “GDP per capita” буюу “Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн”-ээр нь хэмждэг. Нэг тэрбум дөрвөн зуун сая хүн амтай бидний өмнөд хөрш Хятад улс сүүлийн 30 жилд 800 сая хүнийг ядуурлаас гаргаж ядуурлыг устгаж нэг хүнд ногдох ДНБ нь 12720 ам.доллар болж, дэлхийн эдийн засгийн хоёр дахь хүчирхэг гүрэн болж чаджээ.

146 сая хүн амтай бидний хойд хөрш Орос Улсын нэг хүнд ногдох ДНБ нь 15720 ам.доллар болжээ. 19 сая хүн амтай бидний баруун хөрш Казахстан улсын нэг хүнд ногдох ДНБ нь 11492 ам.доллар болжээ. Харин 3.5 сая хүн амтай, мал сүрэг, байгалийн баялгаараа дэлхийд дээгүүр ордог Монгол улсын нэг хүнд ногдох ДНБ нь 5000 ам.доллар болж, дэлхийд 103 дугаар байрт жагсаж байна. Энэ бол тун хангалтгүй үзүүлэлт. Бид эдийн засгийн хөгжлөөрөө доогуур байна гэсэн үг. Саяхан л бидэнтэй адилхан социалист улс байсан Эстони улсын нэг хүнд ногдох ДНБ нь 28247 ам.доллар, Чех улс 27227 ам долларт хүрчээ. Азийн бар улсууд аль хэдийн өндөр хөгжилтэй баян чинээлэг улс болжээ. Азийн Сингапур улсын нэг хүнд ногдох ДНБ нь 82808 ам доллар болж дэлхийд 5 дугаар байрт жагсаж байна. Монгол Улс дэд бүтцээ хөгжүүлж чадсангүй. Мянганы зам тавьсан нь том амжилт мөн. Гэхдээ хүн амын тээврийн асуудлаа одоо болтол зохицуулж чадаагүй байх юм. Ганц жишээ хэлье.

Би таван жилд нэг удаа өмнөд хөрш рүү зорчиж өмнөд хөршийн хөгжлийг зориуд хардаг юм. Өнгөрсөн жилийн зун би өмнөд хөрш рүү яваад ирлээ. Замын Үүд- Бээжин явах автобусны үнэ арван жилийн өмнөх шигээ 200 юань гээд тогтвортой байх юм. Гэтэл УБ-Замын Үүдийн галт тэрэгний билетний үнэ хэд дахин өсчээ.

Таксины үнэ ч мөн тэнгэр тултал өссөн. Учир нь би Хятадын Эрээнээс нутаг буцах гээд Замын Үүд дээр үдээс хойхно буутал галт тэрэгний билет ч дуусчихсан байдаггүй , автобус ч явдаггүй, таксины жолооч нар энэ хүн байдлыг ашиглаж үгсэн хуйвалдан, УБ хүртэл 80 000 төгрөг байсан үнийг хөөргөдөж 150 000 төгрөг болгоод иргэдээ “дээрэмдэж” байх юм. Би УБ-аас Багануур байнга явдаг. Гэтэл автобусаар явах гэхлээр үе үе хүндрэл гарна. Багануурын автобус нийслэлийн нэг алслагдсан дүүргийн харьяа асуудал гээд нийтийн тээврийн асуудлыг хувь хүнд буюу нэг жолоочид хариуцуулаад хаячихжээ.

Том автобус явуулах гэхлээр хүн цөөхөн явдаг гээд заримдаа 10 хүн явах нь ашиггүй гээд зогсоход хүрчээ. Гэтэл аймгуудын том оврын автобус цагийн хуваарийн дагуу яваад байдаг. Алслагдсан Багануур дүүргийн автобус үе үе явахгүй гацаад байдаг. Тэгэхлээр Багануурын автобусыг бусад аймгууд шиг цөөхөн хүнтэй ч байсан явдаг болгох хэрэгтэй байна. Гэтэл өмнөд хөрш Хятадын хотуудын төмөр замын буудлын дэргэд автобусны том том буудлуудыг байрлуулж, олон том оврын шинэхэн автобуснуудын жолооч нар аль хот явах вэ гээд ярайтал зогсож байх юм. Хэзээ манай Монгол улсын иргэд өмнөд хөрш рүү яваад буцаж Замын үүд дээр ирэхэд бүх аймаг, хот руу автобус явна гээд олон шинэ автобус ярайж байх юм бол. Хэзээ Монгол Улс хурдны суман галт тэргээр УБ - Замын Үүдийн хооронд хоёрхон цаг явдаг болох юм бол.

Одоо шинэхэн УИХ-ын гишүүд улсаа хөгжүүлэхийн тулд юу хийх вэ гэдэг талаар иргэн хүний хувьд би саналаа товчхон бичье.

1.Засгийн Газраа алсыг харж улсаа хөгжүүлэх чадвартай мэргэжлийн сайдуудаас бүрдүүлж тогтвортой ажиллуулах

2.УИХ өмнөх жилийн адил олигархиудын авилгал, хулгайн хэргийн талаар сонсгол хийж ард түмэнд мэдээлэх

3.Шүүх, Прокурор, Цагдааг авилгалаас ангид, улс төр - бизнесийн бүлэглэлээс хараат бус болгож хууль хяналтын байгууллагад шударга ёсыг тогтоох

4.Аливаа улс орон аж үйлдвэржүүлэлтийг хэрэгжүүлж , гадаадын хөрөнгө оруулалтыг татаж хөгждөг гэсэн бичигдээгүй хуулийг анхаарч энэхүү бодлогыг хэрэгжүүлэх талаар холбогдох хууль тогтоомжийг баталж, таатай нөхцөлүүдийг бүрдүүлэх арга хэмжээ авах

5.Ард түмэн ажил орлого, амьдрах орон сууц гэсэн хоёрхон зүйлийг хүсдэг.Энэхүү хүсэлтийг хэрэгжүүлж ажлын байр, орон сууцыг олноор нь буй болгож ипотекийн зээлийн хүүг 3 хувь болтол нь бууруулах

6.Эрүүл мэндийн төв, эмнэлгүүдийг олноор нь барьж, орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангаж, эмч нарын чадварыг дээшлүүлж, өвчтэй хүн улсын эмнэлэгт цаг аваад сарын дараа эмчид үзүүлэх биш, цагийн дараа эмчид үзүүлдэг хурдан шуурхай үйлчилгээг нэвтрүүлэх.

7.Нефть, гангийн үйлдвэр, нүүрс химийн үйлдвэр, зэс алтны үйлдвэр, өнгөт болон хар төмөрлөгийн үйлдвэр, нүүрсээс байгалийн хий гаргах үйлдвэрийг барих

8.Цахилгаан станц, атомын цахилгаан станц барьж, төмөр замаа цахилгаанжуулж хурдны галт тэрэгний зам тавих

9.Монгол Улсын дотоодын нийт бүтээдэхүүнийг 100 тэрбум ам долларт хүргэж, нэг хүнд ногдох ДНБ-нийг 10 000 ам долларт хүргэж, нэг хүний дундаж цалинг 5000 ам долларт хүргэх хэрэгтэй байна. Сонгууль дууслаа. Сонгосон ард түмэндээ төр үйлчлэх цаг ирлээ. Ард түмэн “төр надад юу өгөх вэ” гээд бэлэнчлэх биш, би эх орондоо юу бүтээх вэ гэдгээ бодох цаг болжээ.

Доржийн СҮХБААТАР


Сэтгэгдэл

Ц [202.179.18.213] 2024-07-01 22:14:14

Жинхэн монгол хун унэнииг эрэл хииж маш сайхан санааг дэвшуулжээ. Монгол тумнии минь магнай тэнииж ажил уйлс нь Энэ Монгол хунии амны билигээр хогжил дэвшилд хурдан хурэх хусэж байга.

Зочин [103.57.92.83] 2024-07-01 14:17:09

Тэр худлаа болох биз юун сонгосон ард түмэнд үйлчлэх шууд зангаа нүүрээ хувиргана биз харин яаж боломжоо ашиглаад өөртөө ажиллах вэ гэдгээ бодох биз

Зочин [202.55.191.130] 2024-07-01 11:38:37

yu gej dee, ehnii 2 jildee "sharhaa nuhnu" daraagiin 2 jildee ashigaa hiine shde

zochin [203.23.49.64] 2024-07-01 10:06:08

ireed naaldaad teberch unseed bsan humuus odoo yaah boloo


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.