УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ДУУРЬ ЭГШИГЛЭВ
Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар Монголын анхны дуурь Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр тоглож, иргэд, жуулчдын хүртээл болголоо.
НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр, “Өнөөдөр та бид үндэснийхээ түүхэн дуулалт жүжгийг нэгэн шинэ дүр төрхтэй нээж байна. Их зохиолч Дашдоржийн Нацагдорж, Билэгийн Дамдинсүрэн, Борис Смирнов нарын хамтын бүтээл “Учиртай гурван толгой” дуурийг анх Бөмбөгөр ногоон театрт Донровын Намдагийн найруулгаар жүжиг болгон тавьснаас хойш 90 жил өнгөрчээ. Олон янзын найруулга, олон өнгө төрхөөр Монголчуудын мэлмийг баясгаж байсан “Учиртай гурван толгой” дуурийг нэгэн шинэ өнгөөр та бид угтаж байна” гэлээ.
“Учиртай гурван толгой” дуурийн найруулагчаар МУСТА С.Баттулга, удирдаачаар Ц.Тэлмүүн-Очир ажиллажээ. Харин Юндэнгийн дүрд дуучин Э.Анхбаяр, Нансалмаагийн дүрд УДБУТ-ын дуучин Б.Энхнаран, Балганы дүрд УБДЭТ-ын дуучин О.Хүрэлбаатар, Хоролмаагийн дүрд УБДЭТ-ын гоцлол дуучин Б.Одонзаяа, Худалдаачны дүрд тус театрын гоцлол дуучин Э.Отгонбат, Бүүвэйчийн дүр гоцлол дуучин М.Дариймаа нар тоглосон юм.
Сэтгэгдэл