Жо Байден АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанаас нэрээ татаж, дэд ерөнхийлөгч Камала Харрисыг дэмжихээ мэдэгдэв
Сүүлийн үед улс төрийн хүрээний хүчтэй дарамт шахалтад ороод байсан Жо Байден АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанаас нэрээ татаж байгааг Ням гарагт зарлалаа.
Тэрбээр өөрийнхөө оронд Ардчилсан Намаас дэд ерөнхийлөгч Камала Харрисын нэрийг дэвшүүлэхийг дэмжиж байгааг мэдэгджээ.
Байденаас өмнө хамгийн сүүлд 1968 онд ерөнхийлөгч Линдон Жонсон хоёр дахь удаагаа сонгуульд нэрээ дэвшүүлэхээс татгалзаж байсан юм.
“Энэ шийдвэр намын болон улс орны эрх ашигт нийцнэ гэж би бодож байна. Би ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэлгүй, бүрэн эрхийнхээ үлдсэн хугацаанд өөрийн бүх эрч хүчийг төвлөрүүлэн ажиллахаар шийдлээ” гэж 81 настай Байден мэдэгджээ.
Тэрбээр удахгүй бүх ард иргэдэд шийдвэрээ илүү дэлгэрэнгүй тайлбарлахаа амласан байна.
Ардчилсан Намын үндэсний чуулган эхлэхээс сар хүрэхгүй хугацааны өмнө Байден шийдвэрээ гаргаж байгаа юм.
Уг чуулганаар энэ оны арваннэгдүгээр сарын 5-нд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшигчийг албан ёсоор зарлана.
Дэд ерөнхийлөгч Камала Харрис ерөнхийлөгчийн дэмжлэгийг хүлээж авсандаа баяртай байгаагаа илэрхийлээд “нэрээ дэвшүүлж, сонгуульд ялах” хүсэл эрмэлзэлтэй байгааг мэдэгджээ.
Өнгөрсөн сард Америкийн хоёр гол намын нэр дэвшигчдийг тэргүүлж байсан Жо Байден, Дональд Трамп нарын анхны телевизийн мэтгэлцээн зохион байгуулагдсан юм.
Энэ мэтгэлцээнд Жо Байден маш тааруу үр дүнтэй оролцож, түүний өндөр нас, сэтгэцийн эрүүл мэндэд эргэлзэх хүмүүсийн тоог улам нэмэгдүүлж байв.
Мэтгэлцээний дараа Байден болон түүний зөвлөхүүд алдсан нэр хүндээ сэргээх гэж нэлээд оролдсон ч төдийлөн амжилт олоогүй.
Улмаар Ардчилсан Намын гол хүмүүс, хандивлагчид сонгуулийн сунгаанаас нэрээ татаж, илүү залуу, эрч хүчтэй хүнд нэрээ дэвшүүлэх боломж олгохыг Байденд уриалж эхэлсэн юм.
59 настай Камала Харрис нь 2020 онд АНУ-ын түүхэнд тодорсон анхны эмэгтэй, анхны Африк болон Өмнөд Ази гаралтай дэд ерөнхийлөгч болж байв.
Гэхдээ өнгөрсөн хугацаанд түүний нэр хүнд төдийлөн сайн байгаагүй, судалгаагаар рэйтинг нь үргэлж Байденыхтай ижил, эсвэл муу түвшинд байсаар ирсэн юм.
Ардчилсан Намын үндэсний чуулганаар Харристай өрсөлдөх өөр улс төрчид ч бас байгаа.
Тиймээс түүнийг шууд нэр дэвшигч болсон гэж үзэх боломжгүй байна.
Байден шийдвэрээ зарласны дараа Дональд Трамп “Харрисыг ялах нь Байденыг ялахаас ч илүү амархан” гэж хэвлэлд ярьжээ.
Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Бүгд Найрамдаж Намаас албан ёсоор ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн юм.
Эх сурвалж: AFP
IKON.MN
Сэтгэгдэл
Зочин [202.126.90.165] 2024-07-24 17:56:50
Трамп АНУ ерөнхийлөгч болоосой. Бурхан хүртэл Трампыг дэмжиж байгаа.
Зочин [66.181.189.133] 2024-07-23 17:36:34
Энэ авгай чинь залуудаа их олон эртэй явсан гэж сонссон.