Н.Баатарбилэг: Иргэд орон нутгийнхаа онцлогт тохируулан хөв, цөөрөм байгуулах боломжтой

Aдмин / Эдийн засаг

МУИС-ийн профессор, Ой судлалын ухааны доктор Начингийн Баатарбилэгтэй ярилцлаа.


-Хөв цөөрөм гэж юуг хэлэх вэ. Ач холбогдлыг нь та тайлбарлахгүй юу?

-Хөв цөөрөм гэж холбож хэлээд байгаа. Энэ нь хоёр өөр ойлголт. Хөв гэдгийг бага хэмжээний хашлага хаалт хийгээд усыг цуглуулах маягаар мал, амьтан ундаалах зорилготой бий болгодог.

Бидний ярьж заншсанаар тогтоол ус юм. Хонхор газрыг ашиглан түр хугацаанд усыг хуримтлуулах юм. Цөөрөм гэдэг байгалийнх ч байна, хүн зориудаар хийж болдог ч бий. Цөөрмийн ус нь нэг талаасаа эхтэй, нөгөө талаасаа гарцтай байдаг. Олон жижиг горхиудын усыг нийлүүлж, цуглуулаад тусгай инженерийн байгууламжаар хонхор хотгор болгон бариад тэндээ ус цуглуулна. Тэр ус мөн гарч байх ёстой. Байгалийн цөөрөм гэдэг нь нуураас бага хэмжээний, улирлын чанартай ус хуримтлагдаж, зарим чийг багатай үед ус нь алга болдог зохилдолгоотой.
Манай орон шиг дөрвөн улиралтай, өвлийн хур тунадас буюу цас их ордог, хавар хэсэгхэн хугацаанд хайлж урсаад алга болчихдог, өндөр уулсын системд байгаа ийм улс орнуудад хөв цөөрмийн байдлаар ус хуримтлуур хийж гадаргын усыг ашиглах туршлага олон оронд бий. Хавар овгор, товгор зэрэг бүх л газраас цас хайлж урсдаг. Үүнийг байгаль аяндаа суваг шуудуу, жалгаар урсгаж байгаа. Тэр газрыг нь олоод усыг хуримтлуулж чадах юм бол зуны бороо хүртэлх хаврын хуурай хугацааг устай даван туулах боломжтой. Зуны хур тунадас ихтэй долоо, наймдугаар сард ч усыг хуримтлуулж болно. Цөөрмийн ус нь намар хэрэг болоод зогсохгүй хөлдсөн ч хавар гэсэхэд нь дахин ашиглана.

-Манай орны хувьд говийн бүсдээ хөв цөөрмийн усыг илүү ашиглах шаардлага бий байх. Энэ тохиолдолд яах ёстой вэ?

-Усны хомсдол ихтэй хээрийн болон говийн бүсэд эзлэх хэмжээ ихтэй манай орны хувьд хөв цөөрөм ихээр бий болсноор түүний усаар говь хээрийн бүсээ хангах боломж бүрдэнэ. Сүүлийн үед энэ тал дээр анхаарч байна. Амжилттай жишээ нь гэхэд Говь-Алтай аймгийн Тайшир суманд орших үүсмэл “Гэгээн нуур” юм. Газрын зураг дээр томоохон нуурын хэмжээнд харагддаг, хиймэл нуур. Усан цахилгаан станцын усыг далан босгож хамгаалж хийсэн. Эрдэнэтийн уурхайг усаар хангадаг гоё цөөрөм бий. Бусад усан цахилгаан станцууд далан ашиглаад ус хуримтлуулж байгаа. Энэ нь маш зөв туршлага. Усан цахилгаан станцууд цахилгаан гаргаж авах далимдаа цөөрмийг бий болгох боломж байна. Малчид, сум орон нутаг өөр өөрсдийн хэмжээнд хөв цөөрөм байгуулаад явж болно.

-Хөв цөөрөм байгуулахад төсөв их орох уу. Иргэд өөрсдөө хийх боломжтой юу?

Хүмүүс хөв цөөрөм байгуулна гэхээр их хөрөнгө зарж, инженерийн байгууламж барьж хийх юм байна, тэгэхээр бид хүчрэхгүй гэж бодоод байж магадгүй. Энэ бол том хэмжээний хөв цөөрөм байгуулахад л хамаатай. Бага хэмжээний ус хуримтлуур хийхэд далан барих асуудал л яригдана. Далангаа өргөн, нарийн барих уу гэдгээ л шийдэх хэрэгтэй. Ус яг хаана хуримтлагдаж байна вэ гэдэг орон нутгийнхаа онцлогийг харгалзан өөрсдийн хүч хүрэх хэмжээгээр ус хуримтлуур хийх нь зүй юм. Малчин өрхүүд нийлж, жижиг горхиуд дээр ус хуримтлуур хийж болно. Хонхор, хотгор газрыг ашиглах гээд олон боломж бий.

-Тэрбум мод тарих хүрээнд ч юм уу, хүнсний ногоо, мод тарихад ус, усалгаа их шаардагддаг. Хөв цөөрөм байгуулан усны асуудлыг нь шийдэх боломж бий юу?

-Төв аймгийн Батсүмбэр суманд Үдлэгийн баг гэж бий. Энэ багийн Үдлэгийн голд далан хийж, 1970-аад онд байгуулсан цөөрмийн хэмжээний хиймэл нуур байна. Тус сумынхан маш их хүнсний ногоо тариалдаг. Тав, зургаан сард энэ хиймэл нуураасаа ногооны талбайгаа сувгаар усалж байгаа. Тус сумынхан ийм их ногоог яаж амжилттай тариалж байна вэ гэхээр тэр цөөрмийн усыг ашигладаг. Зуны турш тасралтгүйгээр устай байдаг тогтоц.

Тэрбум хөдөлгөөний хүрээнд бид гүний усыг ашиглаж байна. Ер нь ногоон байгууламжуудаа бий болгохдоо усан сан, зохиомол хөв цөөрмүүдийг түшиглэн усаар хангагдах байдлаар зохион байгуулж чадвал илүү үр дүнтэй.

Хөв цөөрөм байгуулахдаа улирлын чанартай гэдгийг мөн анхаарах. Зарим жил цас их орохгүй байх тохиолдол бийг тооцох нь зүй ч хөв цөөрөм байгуулах нь хэрэгтэй.

-Болгар улс хөв цөөрөм байгуулж, газар тариалан болон бусад зүйлд ашигладаг туршлагаараа дэлхийд тэргүүлдэг гэж сонссон. Өөр бусад орны туршлагаас тодруулбал?

-АНУ-д зургаан том хотыг усаар хангадаг уулсын хөндийд байгуулсан хиймэл далан байна. Очоод үзэхэд хүн хиймлээр хийсэн гэж мэдэгдэхгүй. Ийм маягаар цөөрөм хийх боломж бий. Гол нь цөөрөм нь цас, борооны ус орох орцтой, гарах гарцтай байх. Хөв цөөрмийн эхэнд усыг барьж тогтоодог ой мод байх ёстой. Ой мод байхгүй бол голууд усаар байнга тэтгэгдэх боломжгүй болно. Манай томоохон гол мөрнүүд уулсын хөндийгөөс тэжээгддэг. Хэрлэн, Туул, Сэлэнгэ мөрний ус багасч байгаагийн цаад шалтгаан нь усаар байнга тэжээж байдаг ой модыг нь устгасантай холбоотой. 1970,1980-аад оны үед модны үйлдвэрлэл хөгжиж, мод их огтолсноос борооны ус шууд хөндийгөөр урсчихдаг болсон. Уг нь ой мод өөртөө усыг бариад, доош нь урсгаж байдаг горимтой ч түүнийг нь алдагдуулсан. Одоо бороо орсон ч шууд урсчихдаг болсон нь ой модгүй болсноос л үүдэлтэй. Гол мөрний усыг их байлгая гэвэл гол мөрний эхэнд байгаа ой модыг тайрахгүй, ойн санг хамгаалах, нөхөн сэргээлт хийх шаардлагатай. Ой байхгүй бол ус байхгүй.

-Нийслэлд хөв цөөрөм байгуулах нь хэр зөв бэ. Үерийн уснаас хамгаалах нэг шийдэл болох уу?

-Нийслэлд хөв цөөрөм Сэлбэ голын эхэнд байгуулсан байдаг. Одоо Сэлбэ голыг зохицуулж буй гэж яриад буй.

Ямар ч хот шороон дээр байж болохгүй. Аль ч хотын жишгээр иргэдийн ая тухтай байдлыг бодсон ч цементлэх л шаардлагатай. Хотын дундуур үерийн далан гэж нэрлээд байгаа сувгууд явах ёстой. Манайх хоёр, гуравхан шугамтай. Тэр нь бөглөрчихлөө, барилга барьчихлаа гээд байна. Ийм сувагчлалуудыг маш ихээр хийж чадвал уснуудыг цуглуулж чадна. Байшин барилгын дээврээс ус гоожих нь тодорхой. Асфальтан зам дээгүүр ус урсах нь ойлгомжтой. Хамгийн гол нь тэр уснууд цуглаад нэг суваг шуудуу руу орж байх ёстой. Манайд байгаа үерийн далангуудыг сэргээх шаардлага бий.

Барилгаа барихдаа усаа хаашаа урсгахыг тооцоолох. Гаднах талбайг хийхдээ анхаарах зүйл нь заавал тэгшхэн байхаар тооцох шаардлагагүй. Тэгшхэн хийснээс энэ тэндээ хонхойж ус тогтох магадлал өндөр байдаг. Ямар ч зам талбайг ус урсах хэмжээний налуу хийгээд тэр ус нь нэг тийшээ урсдаг байх нь зүй. Нэг хороолол, нэг гудамжны ус хаашаа урсах вэ гэдгийг л тооцох юм. Энэ бүрт усны болон барилга байгууламж, сувгийн инженерүүдийнхээ хүч хөдөлмөр, мэдлэг боловсролыг ашиглах ёстой. Гэр хороолол төлөвлөхөд ч тэр дүүрэгт байгаа инженерүүд шийдлийг гаргаж өгөх болохоос биш баг, хороо, дүүргийн дарга нар хаана гэр хороолол шинээр бий болгохыг шийдэх ёсгүй юм. Инженерийн мэдлэг, шийдлийг ашиглахгүй бол энэ хот ерөөсөө хөгжихгүй. Хэзээ ч соёлжихгүй, ус шавхаа, түгжрэлээсээ салахгүй. Байшин бүрээс нэг яндан гаргаад Туул гол хүртэл татахгүй нь ойлгомжтой. Баг, хороогоор нь инженерийн шийдлийг гаргаад, гурван хороо нэг суваг татлаа гэж бодоход тэр ус нь хаа хүрэх юм гэдэг дээр инженерийн сүлжээг бий болгохгүй бол хүрз бариад шуудуу ухаад, уутанд элс хийгээд энд тэнд овоолж тавиад нэмэр болохгүй.

-Сэлбэ, Дунд голын бургасыг нүүлгэн шилжүүлсэн. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Улаанбаатар хотын Дунд болон Сэлбийн голын дунд байгаа үерийн далангууд бол инженерийн байгууламж. Инженерийн байгууламжуудыг яах гэж барьсан гэхээр энд байгаа гол мөрний усыг үер болоход тэр далангаар урсах ёстой, ийш тйиш салаад урсгачихгүйн тулд зориуд тэр цементэн хавтангуудыг нь хийж, суваг болгож хийсэн юм. Тэнд хэзээ ч зүлэг, мод байгаагүй. Тэр бургасууд усны урсацаар, байгалийнхаа аясаар салхинд үр нь хийсч ирж ургасан.

Дэлхийн олон оронд том, том голууд нийслэл, хотынх нь дундуур урсаж гардаг. Энэ гарч байгаа гол мөрнүүдийг дунд нь цементээр хашсан ус л байгаа. Өөр юу ч байхгүй. Манайх ч гэсэн ийм байхыг нь эсэргүүцэх шаардлагагүй. Далан дүүрэн ус урсаж байвал хотдоо хэрэгтэй. Агаарын чийгшил нэмэгдэж, зөөлөн уур амьсгалыг бий болгоно. Далангийн гадна талд дугуйн болон явган хүний замын хажууд тэр бургасыг ургуулж болно. Гол дотор бургас байх нь буруу. Бургасыг авч буйг зөв гэж хэлнэ. Суваг л байгаа бол тэнд зөвхөн ус л урсаж байх ёстой. Гагцхүү үүний дараа яаж устай байлгах вэ гэдгийг бодох ёстой. Баахан ухаад тонхичуулаад, шороог нь гаргаад орхичихож болохгүй. Одоо борооны улиралд устай байгаа ч ирэх хавар хуурай шороо болчихно. Тэрүүгээр нь дүүрэн хог овоороод байвал утгагүй. Зарим улс оронд сувгийн доод хэсгийг нь мөн цементэлж тэгшилж өгдөг. Хэдий гүехэн ч гэсэн өргөн ус урсаж байгаа юм шиг тарж урсдаг. Одоо бол байгалийнхаа голдрилоор горхи шиг урсаж байна. Тархай байдлаар усан толио мэт урсацыг хийж өгвөл зүйтэй болов уу.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН


Сэтгэгдэл

Төсөв байхгүй. [66.181.160.49] 2024-07-29 10:09:42

Хөв цөөрөм байгуулах мөнгийг тэр иргэд чинь хэдийнээ сумынхаа ойн наадамд зарчихсан. Одоо тэгээд сумууд өөр юманд зарах төсөвгүй болчихсон. Иймд ойрын хэдэн жил наад яриа чинь хэрэгжих ямар ч боломжгүй, профессор оо.

Зочин [66.181.189.212] 2024-07-29 01:32:04

Цагийн юмийг цагт нь хийхгүй бол асуудал улам хүндэрдэг

Зочин [103.57.93.177] 2024-07-26 07:16:50

энэ хүнд бөгс долоохоос өөр мэддэг юм байдаг юм уу?

Зочин [82.144.201.2] 2024-07-25 12:53:53

Усны аюулаас хүн гол нь хүүхдүүд амь насаа алдаад бдаг, энэ хөв цөөрөм барина нтр гээд хошуураад байх юм, бороо ихтэй бхад тэр хөв цөөрөм хэрэг бнуу, бас мөнгө угаах арга юм болов уу...айн

Зочин [202.179.15.130] 2024-07-26 08:54:35

Эргүү балай нь мэдэгдэхгүй юм асуухаа болиоч


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.