Хятадад хар салхины улмаас 150 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ
Хятадын зүүн нутгийн Фүжянь мужийг “Геми” хар салхи дайран өнгөрөх төлөвтэй байгаатай холбогдуулан өнөө өглөөний 07:00 цагийн байдлаар 156 800 оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн тухай орон нутгийн эрх баригчид мэдэгджээ. “Геми” бол энэ он гарсаар нүүрлэж буй гурав дахь хар салхи юм.
Үүний зэрэгцээ тус мужийн эрэг дагуух зорчигч тээврийн 73 гатлага онгоцны аяллыг түр хойшлуулж, 97 нислэгийг цуцалжээ. Үерийн аюулыг хянах албанаас мэдээлснээр, эргийн дагуу загас агнуурын завин дээр ажиллаж байсан 29 мянга гаруй хүнийг эрэг рүү нүүлгэн шилжүүлж, 733 загас агнуурын завийг боомтуудад байрлуулж, усан онгоцны тавцан дээр байсан 3200 орчим хүнийг эрэг рүү гаргасан байна.
Хар салхи Тайванийн зүүн хэсгийн Йлань тойргийг пүрэв гаргийн шөнө дундын үед дайран өнгөрсний улмаас хоёр хүн амиа алдаж, 201 хүн гэмтэж бэртсэн байна. Одоогоор шуурга баруун хойд зүгт 15 км/цагийн хурдтай урагшилж байна. Үүнээс үзэхэд пүрэв гаргийн үдээс хойшоос орой хүртэл Фүжянь мужийн Ляньжянаас Шиюйгийн эргийг дайран өнгөрч, түүний дараа хойд зүгийг чиглэх төлөвтэй байна.
Хар салхины нөлөөгөөр лхагва гаргийн өглөөний 6 цагаас пүрэв гаргийн өглөөний 6 цаг хүртэлх хугацаанд Фүжянь мужийн 20 тойргийн 104 сууринд 50 мм-ээс дээш хур тунадас унасан бол 25 сууринд 100 мм-ээс давсан байна. Харин Фүдин хотын Гуаньян тосгонд хамгийн их буюу 178.7 мм хур тунадас унасан гэж орон нутгийн цаг уурын алба мэдээллээ.
ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ
Сэтгэгдэл
Зочин [45.133.5.206] 2024-07-25 18:01:23
Хамгийн их хүлэмжийн хий ялгаруулдаг хятад улс байгалиас хариугаа авч байна.
веган болохгүй бол [192.82.65.180] 2024-07-25 13:49:43
веган болохгүй бол бөөнөөрөө усанд живж үхэх ял сонсоод байгаадаа.