Хятад улс хилийн боомтууд дээрээ сармагчны цэцэг өвчний хяналт шалгалтыг эхлүүллээ
Сармагчны цэцэг өвчин (mpox) дэгдсэн улс орнуудаас ирсэн зорчигчдод тусгайлан хяналт тавихаар болсныг Хятад улсын хил гаалийн захиргаа Баасан гарагт мэдээлжээ.
Тухайлбал уг зорчигчдоор сармагчны цэцэг өвчтэй хүнтэй харьцсан болон өвчний шинж тэмдэг илэрсэн эсэх талаар асуумж бөглүүлж, илэрсэн тохиолдолд тусгаарлах арга хэмжээ авах юм байна.
Мөн өвчин дэгдсэн орнуудаас ирэх автомашин, чингэлэг, ачаа бараа зэргийг ариутгах арга хэмжээ авахаар болжээ.
Африк тивийн Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс болон хил залгаа орнуудад нь сармагчны цэцэг өвчин дэгдсэнтэй холбогдуулан Лхагва гарагт Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
олон улсын хэмжээнд эрүүл мэндийн онц байдал зарласан юм.
Маргааш нь буюу Пүрэв гарагт Швед улсад энэ дэгдэлтийн вирусийн халдвар авсан хүн бүртгэгдсэн нь Африк тивийн гадна илэрсэн анхны тохиолдол болжээ.
Сармагчны цэцэг өвчний вирус 1970 онд анх удаа хүнээс илэрч байв.
Уг өвчний вирус амьтнаас хүнд халдварлаж, цаашаа хүнээс хүнд биет харилцаагаар (физик контакт) дамжин тархдаг.
Халдвар авсан хүнээс халуурах, булчин өвдөх, арьсан дээр том хэмжээтэй цэврүү хэлбэрийн тууралт гарах шинж тэмдгүүд илэрдэг байна.
Эх сурвалж: Associated Press, IKON.MN
Сэтгэгдэл