Ж.Хунан: Есдүгээр сарын 1-нээс хойш ашиглалтад орох барилгад хүүхдэд ээлтэй эсэх дүгнэлт гаргуулдаг болно

Д.Тулга / Улстөр

ХЭҮК-оос ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Хүүхэд хамгааллын хуулийн талаар өчигдөр олон нийтэд мэдээлэл өгөв. Энэ үеэр Комиссын гишүүн Ж.Хунантай ярилцлаа.


-Хуулийн шинэчилсэн найруулгад орсон хүүхэд хамгааллын чухал заалтуудыг танай байгууллага яаж харж байгаа вэ?

-Шинэ хуулиар хэд хэдэн чухал зүйл заалт, зохицуулалтууд бий болсон. Юуны өмнө хүүхэд хамгааллын ажлууд салбар бүрт хэрэгжих эрхзүйн орчныг бүрдүүлсэн гэж харж байгаа. Үүнээс хүүхэд хамгааллын зардлыг байгууллага, салбарын төв байгууллага болох орон нутгийн байгууллагууд өөрийн төсөвтөө тусгадаг байх зохицуулалтуудыг оруулж өгсөн. Ингэснээр хүүхэд хамгааллыг бодлого үр дүнтэй хэрэгжүүлэх нөхцөл бий болж байна гэж харж болно.

ХЭҮК-оос хүүхэд хамгааллын хуулийн шинэчлэлтэй холбоотой дараах хэд хэдэн асуудлыг онцгойлон анхаарах хэрэгтэй гэж харж байгаа. Энэ хүрээнд боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын ажил хичээлийн жилийн турш тасралтгүй үргэлжлэх эрхзүйн боломж нөцхөлийг бий болгож өгсөн. Дээрээс нь хүүхэд хамгааллын асуудлыг боловсролын салбарт сургалтын орчны нөхцөл байдлын зураглал гаргах замаар эрсдэлийг үнэлэх, үүнийг тогтмол буюу улирал тутам хийх нь ач холбогдолтой. Ингэснээр хүүхэд хамгаалал боловсролын салбарт тасралтгүй хэрэгжинэ. Үүнийг хувийн болон төрийн боловсролын байгууллагууд мөрдөж ажиллах, хэрэгжүүлэх шаардлагатай.

-Хүүхдийн эрүүл мэнд, эрхийг хамгаалах тал дээр ямар өөрчлөлтүүд байна вэ?

-Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж үзүүлэх зохицуулалт орж ирсэн. Харьяаллын хүүхэд биш байна гэдэг үндэслэлээр татгалзах боломжгүй болж байна. Мөн гэр бүлийн хүчирхийлэл болон гэмт хэргийн хохирогч болсон хүүхдийг харьяалал, дараалал харгалзахгүй тусламж үзүүлэх боломжтой болно. Ялангуяа анхан шатны эрүүл мэндийн байгууллага нэгжүүд анхаарах хэрэгтэй. Мөн салбар бүр өөрийн гэсэн хүүхэд хамгааллын бодлоготой байна, түүнийгээ хэрэгжүүлэх зардлыг өөрийн төсөвтөө заавал тусгах ёстой.

Нэг онцлох заалт бол гамшгийн онцгой нөхцөлд хүүхдийг хамгаалах асуудал тасралтгүй явуулах эрхзүйн орчин бүрдэж байна. Та бүхэн санаж байгаа бол ковидын хязгаарлалтын үед хүүхэд хамгааллын зардал танагдсан, мөн алба хаагчдын зардал 30 хувиар танагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх хүн цөөрсөн. Энэ хэмжээгээр хүүхэд эрсдэлд орох нөхцөл байдал улам нэмэгдсэн. Энэ хүрээнд ХЭҮК асуудлыг хөндөж, УИХ-аас хүүхэд хамгааллын зардлыг ямар ч тохиолдолд хасахгүй, хязгаарлахгүй гэдэг тогтоол гаргуулж байсан.

-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн эрх зөрчигдөх хандлага байдаг. Энэ чиглэлд ямар шинэчлэлт хийгдэв?

-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхэд хамгааллын асуудал байгаа. Долоон нас хүрсэн хүүхдийн үг хэлэх, саналаа илэрхийлэх эрхийг заавал хангана гэж байгаа. Энэ нь хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа тохиолдолд гэсэн үг. Энэ хүрээнд хүүхдээс тайлбар мэдүүлэг санал авах, хүүхдийн биед үзлэг нэгжлэг хийх ажиллагааг хүүхдийн нас хүйс, сэтгэхүйн онцлогт тохирсон тусгай өрөөнд гүйцэтгэнэ гэж заасан. Мөн хүүхдийн хууль ёсны төлөөлөгчийг байлцуулж эдгээр ажиллагааг хийнэ.

Прокурор, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа хүүхдийн талаар эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээдийн болон 14 нас хүрсэн хүүхдийг түүний зөвшөөрөлгүйгээр олон нийтэд мэдэгдэхийг хориглосон заалт бас бий. Энэ нь хүүхдийн ашиг сонирхол, ирээдүйд үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх чухал арга хэмжээ. Үүн дээр тодруулах өөр нэг чухал заалт бол бидний үргэлж хөндөж ирсэн шинээр ашиглалтанд орж байгаа барилга байгууламж, авто зам хүүхдэд ээлтэй эсэх юм. Хүүхдийн эрхийн улсын байцаагч, эсвэл хүүхдийн эрх хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг магадлан итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн төлөөллийг тухайн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд оруулж ирж байна. Хүүхдэд ээлтэй эсэх тал дээр мэргэжлийн байгууллагын хүн эсвэл хүүхдийн улсын байцаагч өөрийн санал дүгнэлтээ хэлдэг болно. Өөрөөр хэлбэл, есдүгээр сарын 1-нээс хойш ашиглалтанд орох барилгад заавал хүүхдэд ээлтэй эсэх дүгнэлтийг гаргуулдаг байх зохицуулалтыг оруулж өгснөөрөө ач холбогдолтой.

-Хуулийн хэрэгжилтийг хянах тогтолцоог чангаруулж өгсөн гэв үү?

-Хүүхэд хамгааллын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавихтай холбоотой чухал заалтууд орсон. Аймаг, нийслэлийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллага өөрийн хариуцсан салбарын хүрээнд хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр тухайн жил гүйцэтгэсэн ажлын тайланг дараа оны хоёрдугаар сард багтаан хүүхэд гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхийг заасан. Үүн дээр дүн шинжилгээ хийж дараагийн гуравдугаар сард багтаан Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлд хүргүүлж хэлэлцүүлнэ. Өөрөөр хэлбэл, жил бүр хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг улсын хэмжээнд хэлэлцдэг болно гэсэн үг.

Хүүхэд хамгааллын шинэчилсэн найруулгатай холбоотой зургаан стандарт шинээр мөрдөгдөнө. Сэтгэл зүйн үйлчилгээний стандарт, Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдүүдэд үзүүлэх, хамгаалах нөхөн сэргээх үйлчилгээний стандарт, Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээний стандарт, Нийгмийн ажлын үйлчилгээний стандарт, Гамшиг онцгой байдлын үед үзүүлэх үйлчилгээний стандарт, Жагсаал цуглааны үеийн хүүхэд хамгааллын стандартыг боловсруулж дагаж мөрдөхөөр оруулсан. Мөн 14 журам батлагдаж мөрдөгдөнө. Тухайлбал, Цахим орчимд хүүхдэд хориотой болон хортой агуулгаас урьдчилан сэргийлэх хамгаалах журам, Хэвлэл мэдээлэл, олон суваг дамжуулах өргөн нэвтрүүлгээр түгээсэн бүтээл, контент, мэдээ мэдээлэл хүүхдэд хортой агуулгатай эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны зөвлөлийн ажиллах журам, Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр эцэг эх асран хамгаалах харгалзан дэмжигчид зориулсан сургалтын хөтөлбөрийн журам зэрэг бий болно.

Б.ЗАЯА


Сэтгэгдэл

Зочин [139.5.216.10] 2024-09-06 06:27:31

Хэүк бол ман засгын газарын тоглоомын байгуулаг монгол улсад шорон хэрэг буртгэлийн явцад гарч буй иргэдийн эрх зөрчигдөж бгаад ямарч ажилгаа бхгуй уул нь хэүк маш том эрх мэдэлтэй байгуулагч тэд ажилаж бга энэ мэт махан толгойтнууд юу ч хэ чадалгуй чадваргуй цалингийн төлөө чэмээгуй бдаг

ЗОЧИН [202.126.88.174] 2024-09-02 09:35:16

ХЭҮК ГЭЖ АВИЛГАЖСАН ХУЛГАЙЧУУДТАЙ НИЙЛСЭН БАЙГУУЛЛАГЫГ ТАТАН БУУЛГА

Зочин [202.131.234.123] 2024-09-03 11:48:53

тийм ХЭҮК гэж амьгүй банзал үхдэл байна

Зочин [47.227.179.89] 2024-09-01 20:54:17

Энэ чинь Хятад хүн БНХАУ ын тухай яриад байна уу


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.