Америкийн Вашингтон Пост сониноос Чингис хааныг яагаад Мянганы хамгийн чухал хүнээр сонгов
Орчуулагч Э.Содонтогос: Америкийн Вашингтон Пост сониноос Чингис хааныг яагаад Мянганы хамгийн чухал хүнээр сонгосон тухайгаа тайлбарласан нийтлэлийг орчуулснаа хүргэж байна. Ямар их мэдээлэл, мэдлэг, дүгнэлт, дүн шинжилгээ шингэж вэ энэ нийтлэлд. Монгол хүний хувьд зэвүүцмээр, эгдүүцмээр хэсгүүд байгаа ч үнэхээр л эзэн Чингис хааны урд гишгэх хүн гараагүй аж.
“Дэлхийг агшаасан, хүн, бас технологийг хөндлөн гулд дэлхийгээр нэг хөдөлгөсөн, энэ том гариг дээр хүний ноёрхлыг улам их тэлсэн хүнийг хайсан” гэжээ.
ТҮҮНИЙ ЦАГ ҮЕ
СҮҮЛИЙН МЯНГАНЫ ХАМГИЙН ЧУХАЛ ХҮНИЙГ СОНГОХ НЬ
1995 оны 12-р сарын 30
Жоэл Ахэнбах, сэтгүүлч, зохиолч
Мянган өндөрлөж буй энэ цаг үед “Вашингтон пост” нэгэн мэдээг цагаасаа өмнө хэдий ч албан ёсоор зарлах гэж байгаа анхны Америк сонин болж байна. Бид Мянганы хүн, мянганы ном, мянганы алдаа гээд олон ангилалтай шалгаруулалтын ялагчдыг зарлах гэж байна. Энэ мянган дуусахад 5 жил дутуу байгаа нь зүгээр ээ, техникийн асуудал. Товчхондоо бид шалгаруулалтаа өндөрлөлөө гэхэд болно.
Тэр бүдүүлгүүдийн нэгэн болж төржээ, нэгэн жижиг жанжны хүү. Эцэг нь түүнийг анх харахад хүү бяцхан гартаа нөж атгасан байж. “Юу зөгнөө бол” гэж эцэг нь бодож.
Хүү хүч чадалтай, сүрхий тэнхээтэй нэгэн болж өсчээ. Түүний ард түмэн зүлэг модгүй хоосон зэлүүд газраар мориор нүүдэллэж майханд амьдардаг нүүдэлчид байв. Тэдэнд бичгийн хэл байгаагүй аж. Бусад овог аймгуудтай байнга дайтаж байдаг. Амьдрал хэрцгий, бас богино байж. Хүүг 12 настай байхад эцэг нь өөрийн хүмүүсийн хамт нэгэн байлдаанд амь үрэгджээ. Хүү нуур руу шумбан орж зэгсний хөндий ишээр амьсгалж амиа аврав.
Энэ хүү дэлхийн бүх цаг үеийн хамгийн том эзэнт гүрнийг байгуулж эзэн сууж, өөрийн ард түмнээсээ Чингис Хаан буюу “төгс дайчин” гэсэн алдар нэр хүртэнэ гэж, тэгээд бас 800 жилийн дараа хэвлэлийн маань Ням гарагийн хэв маяг булангийн манай эриний 2 дахь мянганы хүнээр тодроно гэдэг бол хэний ч ой тоймд багтамгүй зүйл байлаа.
(Өөрөө ч гайхширсан мэт хэсэг чимээгүй болов.)
Мянганы хүнээр аль нэг хувь хүнийг тодруулахдаа тухайн мянган жилийг цогцоор нь, бүтнээр нь таньж ойлгох нь чухал. Энэ мянганд юу эс хамаарна вэ. Өлсгөлөн, дайн, хядлага, өсөн мандах, гундан унах эзэнт гүрнүүд, техник технологи, оюун санааны гэгээрэл, капитализм, аж үйлдвэржилт, ардчилал. Сайхан үедээ дэндүү сайхан, муу үедээ туйлын муу он цаг.
Мянганы хүнийг сонгохдоо түүхийн хуудсан дундуур туучих шиг л боллоо - Мартин Лютерээс Мартин Лютер Кинг Жюниор гээд нэг хуудаснаас нөгөө хуудас рүү үсчин түмэн хүнийг л судаллаа. Сэргэн мандалтын үеийн оюун санааны хамгийн тод төлөөлөл Леонардо да Винчи юу? Эсвэл Францыг нэгтгэж, үндэсний үзлийг өдөөсөн Жанна д’Арк охин уу? Мянганы хамгийн гайхамшигт тунхаглалыг зохиосон Томас Жефферсон уу?
Мянганы хамгийн агуу эзэнт гүрний сахин хамгаалагч, зөвхөн нэр нь л гэхэд ёс зүйн хамгийн дээд хэм хэмжээг илтгэх болсон сэтгэл татам удирдагч Викториаг ч авч үзсэн.
Ньютон, Дарвин, Мендел. Гэтэл шинжлэх ухаан гээч нь хоёр дахь мянганд хүн төрөлхтөны оюун ухааны талбарт тохиосон олон чухал үйл явдлын зөвхөн нэг нь л юм. Гуманизм буюу хүн төвтэй үзлийн үүсэл хөгжлөөр хоёрдугаар мянган нь бурхан, сахиус, гэгээнтэн тойрсон шашны хийрхүү үзэл онол бүхий нэгдүгээр мянганаас ялгагддаг. Тиймээс анхны гуманист хэмээгддэг 14-р зууны эхэн үеийн Италийн яруу найрагч Петраркаг бид бас авч үзлээ. Шүлэг дуулал бичихийн сацуу тэрбээр эртний түүхэн гар бичмэлүүд цуглуулж /эртний сүмүүдэд хадгалагдаж дарагдсан нь ч байсан/, барууны соёл иргэншлийг Дундад зууны харанхуйгаас ангижруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн нэгэн мөн л дөө.
Гэвч дэлхий ертөнц маш ихээр, асар их нүргээнтэй, эргэлт буцалтгүйгээр өөрчлөгдсөн хоёрдугаар мянганы бэлгэ тэмдэг болох хүнээр аль нэг эрдэмтнийг, нэг сэтгэгчийг, эсвэл том ярьсан этгээдийг сонгох нь арай л гоомой, арай л жол болох гээд байна. Капитализм, национализм, бүр мултикультуризм \олон соёлт үзэл\-ын энэ бүх “измуудыг” орхиё. Өнгөрч буй мянганы хамгийн том үйл явдал нь цорын ганц нэгэн төрөлхтөн өөрийн хүсэл зоригоо дэлхийд бүрэн тулгаж гүйцэлдүүлсэн явдал байв. Хүн төрөлхөт нэгэн дэлхийг атгаж, эзлэж, бөхийлгөж, орвонгоор нь өөрчлөв. Шашны номонд хүн төрөлхтөний зүгээр л мөрөөдөл төдий байсан зүйлийг тэр өөрийнхөөрөө биелүүлж байгалийг эрхшээв.
Гурван тэрбум жилийн турш газар дээрх амьдрал нэг эстэн гэх хайрцагнаас халиагүй; дараагийн 600 сая жилд нь амьтад экосистемийн бүхий л хэсэг, булан бүрт нэвтрэн эзэгнэж тухласан. Гэвч дөнгөж өнгөрсөн мянганд л Хомо сапиенс гэх том тархитай приматууд зэвсэг хэрэгсэл зохиож өөрсдийн дур хүсэлдээ тааруулан дэлхийг өөрчилж.
Мянган жилийн өмнө дэлхий дээр 300-аад сая хүн л амьдарч байв. Тухайн үед “Соёл иргэншил” зөвхөн хэсэгхээн газарт л оршиж байсан ч дийлэнх нь энэ тодорхойлолтод нь нийцэхээргүй байв. Хүний дундаж нас 25 жил, хоол хүнс ч хомс байж. Хүн өөрийн төрөлх хүч чадлаараа, ан амьтны тусламжтайгаар л амьдарч байжээ. Эрх чөлөө гэдэг ойлголт бидний мэдэх тодорхойлолтоор огт байгаагүй. Хүн төрөлхтөний дийлэнх нь нэг нь нөгөөдөө “албадан зарцлагадах” маягаар амьдарч байжээ.
Энэ цаг үеийн нэгэн гайхширмаар бодит үнэн нь хүмүүс хаана байгаагаа огт мэддэггүй байж. Бид хэн юм, бид яагаад энд байгаа юм гэдэг асуултуудыг бүр орхиё л доо. Зүгээр өөрсдийн байгаа газар, байрлалаа огтоос мэддэггүй байв.
Жишээлбэл, европчуудын хамгийн гэнэн тэнэгдүү нэг ойлголт нь дорно зүгт юу байдаг гэж боддог байсан нь юм. Тэдний газрын зургийг харвал зүүн зүгт үлэмж биетнүүд амьдардаг, бүр цаашаа явбал диваажинд хүрнэ гэдэг байж. Зарим нь экватороос доош очвол усан онгоцнууд нь хайлна гэж боддог байж. Ер нь тухайн үеийн хүмүүсийн дунд тархсан түгээмэл ойлголтоор, дэлхий үлэмж том, бас маш нууцлаг бөгөөд дэлхийг бүтнээр нь хэн ч, ямар ч соёл иргэншилтэн таньж мэдэж чадахгүй гэдэг байж.
Гэтэл өнөөгийн дэлхий ертөнцийг хар даа. Тийм ээ, тэр жижигхэн. Өнгөрсөн мянган жилд дэлхий ертөнц агшиж жижгэрсэн. Яаж ингэж жижгэрэв? Нөгөө 300 сая болхи, бүдүүлэг хүн яаж яваад 6 тэрбумаар тоологдох том хүчин болов?
Ийм агуулгаар бид Мянганы хүнийг эрэлхийлсэн юм. Дэлхийг агшаасан, хүн, бас технологийг дэлхийгээр нэг хөдөлгөсөн, энэ том гаригийг хүн эзэгнэснийг харуулсан, улам тэлсэн хүнийг хайсан юм.
Юм хийсэн хүнийг хайсан.
Яг энэ тодорхойлолт шууд таарна гэмээр хүн ч байна. Палеолитийн үед байсан Сибирийн хуурай газрын гүүр байхгүй болсноос хойш саланги орших болсон дэлхийн бөмбөрцгийн талуудыг холбосон Христофэр Колумбус гэж хүн байна аа. (Нэгдүгээр мянганы сүүл хавьд Викингүүдийн хийсэн аялалд бид төдийлөн ач холбогдол өгөөгүй, учир нь тэд хаана очсоноо мэдээгүй юм.) Колумбусын аялал гүн гүнзгий үр дагавартай, ач холбогдолтой байсан, ялангуяа Америкийн уугуул иргэдийн хувьд ноцтой аюул дагуулсан юм. Төрөл бүрийн өвчин далайн чанадад тархах болов. Сонин содон амьтан ургамал, чихэр, тамхи, төмс, морь гээд бүгд далай давлаа. Африк гаралтай хүмүүсийг боолын харгис худалдааны бараа болгов. Колумбусын адал явдал шинэ шинэ нээлт, бас шинэ хэлбэрийн хөдөлмөр, мөлжлөгийг бий болгож. Үр дүнд нь Европчууд хүн алахыг урлаг болтол хөгжүүлсэн гээд олон хүчин зүйлийн улмаас тэд дэлхийн дийлэнх хэсгийг эзэгнэн колончлоход хүргэв.
Тэгэхээр Колумбус нь амархаан хамгаалж болох ч уйтгартай сонголт юм. Колумбусыг сонгохгүй байх бас нэг шалтгаан нь (тэр угаасаа хэвлэлээр дэндүү гэмээр их гарсан гэдгээс гадна) түүний амжилт цаашдын хөгжил, тэлэлтийг хязгаарласан гэлтэй. Тэр тухайн цаг үедээ манай Эвэл Kнийвэл байсан юм уу даа. Үүнээс чухал нь тэр Европын анхны аялагч ч биш гэдэгт байгаа юм. Аялагч болгон баруунш аялдаг байсан бол тэр зүгээр л зүүн тийш аялсан юм. Васко да Гама аль хэдийн Гүүд Хоупын булан хавиар аялчихсан байсан. Азорын болон Канарын арлууд хэдий нь нээгдээд, хүн суурьшаад, Атлантын тэнгисд аялагчдын замын зогсоол, буудал болсон байсан цаг үе. Колумбус яагаад далайн цаана Хятад байгаа гэж бодсон юм бол оо. Учир нь, тэр дэлхийн хэмжээг тооцоолохдоо ноцтой алдаа гаргаснаас гадна 200 жилийн өмнө бичигдсэн Марко Пологийн номыг уншсан байв. Хубилай хааны ордны тухай нүдэнд харагдтал бичсэн Марко Пологийн номны тун нарийн тодотгол тэмдэглэл бүхий хувь түүнд байж.
Өрнө дорнын дунд лалын шашинтнууд төмөр хөшиг мэт байсаар байсан бол Пологийн аялал бүтэхгүйгээр зогсохгүй луужин, бууны дарь, хэвлэл зэрэг хятадын технологиуд Европд нэвтрэхгүй байв.
Мянган жилийн өмнө дэлхий дээр хоёр том соёл иргэншил ноёрхож байсан нь өнөөгийн Испаниас Энэтхэг хүртэл тархсан Лалын шашинтнууд ба хамгийн эртний бөгөөд хамгийн хөгжингүй соёл иргэншлийг хэдэн династийн турш улам боловсронгуй болгож ирсэн засаглалтай Хятад орон байв. Христийн шашинт Европ ямар байв гэж үү? Тогтоол ус л байсан даа. Баахан жижиг ноёд ван сүмийн тэргүүтнүүд. Ромын ариун эзэнт улс л гэхэд бодит юмны ядруухан хувилбар байсан. Мянган жилийн өмнө Христийн шашинт Европ дэлхийг колончилно гэхэд итгэж мөрий тавих хүн гарахгүй л байсан биз.
Энэ бүгдийг орвонгоор нь эргүүлсэн үйл явдал бол цоо шинэ эзэнт гүрэн гарч ирсэн явдал юм. Түүхэнд тэмдэглэгдсэн цаг хугацаа нь богино байсан л даа, бүр үзэгдээд өнгөрсөн төдий гэх хүмүүс бий. Гэсэн хэдий ч тэр гүрэн бүхнийг, бүгдийг өөрчилсөн.
Тэр нь Монголчуудын эзэнт гүрэн, Чингис хааны эзэнт гүрэн байв. Чингис хаан бол тэр “хийгч” нь, хийсэн бүтээсэн нь байсан.
“1227 онд насан эцэслэх үедээ тэр дэлхийн хамгийн агуу байлдан дагуулагч болсон байв” гэж Пингвинээс эрхлэн гаргасан Дэлхийн түүх цувралд Ж.М. Робертс бичсэн байдаг.
Чингис хаан тоолж барамгүй хүний “амьдралд” хүрсэн. Ер нь бол амийг нь авсан. Түүний өдөөсөн хядлага түүнээс өмнөх аль ч дайн дажинтай зүйрлэмгүй бөгөөд 20-р зууний аймшигт алаан хядааны өмнөтгөл статистик гэлтэй. Хэн ч түүний цэрэг байлдааны суу ухаанд эргэлздэггүй. Тэр Монгол овог аймгуудыг нэгтгэж, аравтын бүтэцтэй аравт, зуут, мянгат, түмтийн арми байгуулсан. Ихэнх тохиолдолд дайснаас тоогоор бага ч түүний цэргүүд морин дээрээ илүү хурдан, илүү догшин байсан. Тэр персийн хотуудын суурин дээр гавлан овоо үлдээдэг байж. Яг дипломат ёсны тухайд бол тэр, жишээлбэл, Уаррен Кристофер шиг байгаагүй л дээ.
Колумбусын дараа дэлхий жижгэрсэн шиг, Чингис хаан дэлхийг агшаасан юм. Газар нутгаа тэлэх өөрийн аянаа дуусгахаасаа өмнө тэр 60 настайдаа нас барсан ч түүний эзэнт гүрэн 13-р зүүний сүүл үед Номхон далайгаас Зүүн Европ, Сибирээс Персийн булан хүртэл нутгийг эзэгнэн байв. Монгол цэргүүд өнөөгийн Австрийн нутагт хүртэл очиж байсан юм шүү. Энэ эзэнт гүрний газар нутгийн дэргэд Ромын эзэнт гүрэн, агуу Александрын гүрэн, лалын эзэнт гүрэн, бүр ЗХУ улс хүртэл жижиг харагдана.
Чингис Хаан болон түүний үр сад Еврази даяар өргөн уудам чөлөөт худалдааны бүс байгуулж өрнө дорнын ертөнц, соёл иргэншлүүдийг холбож нягтаршуулсан. Нэг ёсны дундад зууны ГАТТ(Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээр, 1947)-г байгуулсан. “Зах хязгааргүй чөлөөт худалдааны бүсийг тэрээр байгуулсан. Дипломат, худалдаачин наймаачдад энэ бол цоо шинэ, онгон дагшин талбар байлаа”, гэж “Марко Пологийн аялал” номны өмнөтгөлд Роналд Латам бичжээ.
“Энэ бол агуу гүрэн байсан” гэж Робертс үргэлжлүүлэн бичихдээ: “Түүний хүч чадлын түлхүүр нь харилцаа холбоо байлаа. Төв зам дагуу байрлах өртөөнүүдийн сүлжээ нь элч, агентуудын шуурхай хөдөлгөөнийг хангадаг байв” гэж.
Өөрөөр хэлбэл, Монголчууд Интернет гарахаас 7 зууны өмнө дэлхий нийтийн харилцаа холбоог үүсгэн байгуулсан байна.
Монголчууд хятадыг богино ч гэсэн эрхшээхдээ гадны юм бүхэн муу, хятадын юм бүхэн сайн гэж мөнхөд итгүүлж чадсаны ачаар Хятадын колончлолын аливаа боломж бололцоог устгасан юм.
“Хятадын өөрийн технологи, баялгаа боловсронгуй болгох үйл явцыг тасалдуулсан. Монголчууд хятадыг нэг их соёлтой, боловсронгуй байдлаар удирдаагүй” гэж “Өрнийн мандал” номны зохиогч Уильям Х. Макнил монголчуудыг дутуу үнэлсэн байдаг.
Энэ бол аймшиг байв. Тэд Азийн нэлээд хэсгийг ач холбогдолгүй зэлүүд газар болгож, үүний үр дүнд Өрнө Дорноос илүүрхэх болсон нь өнгөрсөн мянганы онцгой ач холбогдолтой үйл явдал мөн.
Түүнээс гадна Монголчууд Европт нэгэн шууд гамшиг авчирсан нь Хар үхэл байв. Монгол нүүдэлчдээр дамжин дорноос Европт тахал тархав. Европын хүн амын гуравны нэг нь устаж үгүй болсон нь харин хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлж, феодалын тогтолцоог ганхуулж капитализмыг урин дуудсан гэлтэй. (Түүхэнд нэг дүрэм байдаг шүү дээ – муу зүйл тохиох нь сайн зүйл ч байж болно гэж).
Тиймээ, бидний сонгосон Мянганы хүн тухайн цаг үеийнхээ хамгийн сайхан сэтгэлтэн ч юм уу, эсвэл гүн сэтгэгч, эсвэл агуу чөлөөлөгч биш л дээ. Балмад дээрэмчин байсан нь ч үнэн. Гэхдээ түүхийг балмад дээрэмчид бүтээх нь олонтаа, түүх гэдэг чинь сүү билигтнүүд, сахиусан тэнгэр, эсвэл эрх чөлөө олгох баатруудын тухай үлгэр биш шүү дээ.
Өнгөрч буй мянган жилийн бүхий л хил хязгаарыг эвдэгчийг бэлгэдэх, хүний хагас соёлжсон, хагас зэрлэг төрхийг бүрэн илэрхийлэх хүн Чингис хаанаас өөр нэг ч үгүй аж. Хүн гэдэг байгалийн төрөл зүйл хөгжин мандсаны учир нь боловсронгуй технологи бий болгосондоо биш, харин тэр технологийг, ахин дахин, зуун бүрт хүнийг үгүй хийх анхдагч зорилгодоо байнга ашиглаж ирсэнд оршино. Хүн төрөлхтөн дэлхийг эзэгнэх нь бараг бүрэн биеллээ оллоо, гэхдээ бүдүүлгээсээ бүрэн ангижраагүй л байна.
Их хааны хөрөг Т. Одон зураачийн бүтээл
Сэтгэгдэл
Зочин [188.162.254.84] 2024-11-18 18:52:46
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!
Варане [103.212.119.157] 2024-11-05 19:15:59
НҮБ ээс шалгаруулаагүй юм уу.
Төмөр [38.150.99.31] 2024-11-05 16:30:32
Нэг сонин л сонгосон болохоос дэлхий нийтээрээ сонгоогүй. Сонин гэдэг нь редакцийн хэдэн хүн сууж байгаад л нэг нэр сонгосон нь Чингис хаан. Бусад том хэвлэлүүд бүгдээрээ тус бүрнээ 1000-ны хүн тодруулсан. Бие биентэйгээ давхцахгүй, өөр хүн дэвшүүлж ондооших гэсэн л оролдлого. Түүнд нь бид хэт ихээр хөөрцөглөн омогших нь илүүц.
зочин [202.179.15.130] 2024-11-05 11:48:18
Гайхалтай.