Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийг 5 саяар торгожээ
Өнгөрсөн сард нийслэлийн Хяналт, шалгалтын газраас иргэдийн гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр барилгын үйл ажиллагаа явуулж буй “Мөнх ариун булаг” ХХК-ийг орц, гарц хааж, дулаан, цахилгааны шугам эвдсэн гэх асуудалд шалгалт хийж, шаардлага хүргүүлсэн билээ.Шаардлагын гүйцэтгэлийн явцыг НХШГ-аас дахин шалгаж буй талаар НХШГ-ын дарга С.Энхбаяраас тодрууллаа.
Тэрбээр “Энэхүү зөрчилтэй барилгын дунд үйл ажиллагаа явуулж буй 24 дүгээр цэцэрлэгийн багш нар болон хүүхдүүдийн эцэг эхийн гомдлын дагуу бид өмнө нь шалгалт хийсэн. Тухайн үед нийслэлийн улсын ахлах байцаагчийн 13 албан шаардлагыг өгсөн бөгөөд одоогоор албан шаардлагын биелэлтийг шалгахад 70 гаруй хувьтай байна. Цэцэрлэгийн цонх болон харагдах байдлыг хааж байрлуулсан краныг буулгаж, зарим хэсгийн эмх замбараагүй байдлыг цэгцэлсэн байна. Харин одоо нэн түрүүнд цэцэрлэгийн хүүхдүүдийн зорчих орц, гарцуудыг нээх шаардлагатай. Шалгалтын дагуу өгсөн үүрэг даалгавар бүрэн биелээгүй байгаа учир тус компанид өгсөн улсын байцаагчийн албан шаардлагыг нийслэлийн Стандартын газар болон нийслэлийн Орон сууцны бодлогын газарт дахин хүргүүлнэ” гэв.
Мөн аравдугаар сард “Карлсбэрг” ХХК-иас ирсэн гомдлын дагуу төлөвлөгөөт бус шалгалт хийхэд “Мөнх ариун булаг” ХХК нь барилгын ажил гүйцэтгэх явцдаа эрчим хүчний доголдол үүсгэсэн байсныг тогтоосон. Тус компанийн үүсгэсэн зөрчилд таван сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, албан даалгавар хүргүүлсэн ажлын хэрэгжилт 80 хувьтай байна.
Сэтгэгдэл
зочин [66.181.185.170] 2024-12-09 19:46:32
Энэ компани барилга барих гэж тэр хавийн бүх зүйлсийг эвдэн сүйтгэж, шугам хоолойнуудыг нь тасалж, Атлас төвд оршин суугчдын тав тухыг өдөр болгон алдагдуулж, эрчим хүч тасална, эсвэл халуун хүйтэн ус тасална гээд үнэн ядаргаатай, чирэгдэлтэй, төвөгтэй байгааг анхаарах байгууллага, албан тушаалтан байна уу? 12-р сараас эхлэн дараа оны 2-р сарыг дуустал барилгын ажлыг зогсоодог биш бил үү? ӨДӨР БОЛГОН ЯМАР НЭГ ШУГАМ ХООЛОЙ ТАСАЛЖ ГЭМТЭЭЖ, 120 ГАРУЙ АЙЛЫН ЭРХ АШГИЙГ ХОХИРООЖ ЧИРЭГДЭЛ УЧРУУЛЖ БАЙГАА ЭНЭ ЯДАРГААТАЙ, МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРГҮЙ КОМПАНИЙГ 5-ХАН САЯАР БИШ 50-500 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОХОД Ч БАГАДАХ БАЙХ ДАА?
Зочин [202.55.188.39] 2024-12-09 16:30:20
Барилгын компанийг 5-хан саяар торгоно гэж юу байдаг юм? 500 саяар торгох хэрэгтэй.