Ж.Золжаргал дотоодын роуминг нэвтрүүлэх тухай УИХ-ын тогтоолын биелэлтийг хангахыг анхааруулав
УИХ-ын 2024 оны 05-р тогтоолд үүрэн холбооны дотоодын роуминг нэвтрүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, хөдөө орон нутагт аль сүлжээтэй оператор руу түр шилжин, нэмэлт төлбөр төлж ашиглах боломж бүрдүүлэх аж.
Үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэгчид энэ нь техникийн нэмэлт тоноглол, хөрөнгө оруулалт шаардах бөгөөд хэрэглэгчдийн тоо цөөн, үр ашиг багатай хэмээн үзсэн байна.
Цахим хөгжил, харилцаа холбооны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтан-Од “Онцгой нөхцөлд яаралтай холбоо барих 112 дугаар руу сүлжээ үл харгалзан холбогдох техникийн шийдлийг боловсруулж, нэвтрүүлэхэд бэлэн болгож байна” гэж мэдээлэв.
Харилцаа холбооны тухай хуульд 2014 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр хэрэглэгч дугаартайгаа өөр оператор руу шилжих эрх зүйн боломж бүрдсэн. Энэ нь хөрөнгө оруулалт, техникийн хүндрэлээс үүдээд хэрэгжихгүй байгаа аж.
Шаардлагатай үед нэмэлт төлбөр төлөөд, аль сүлжээ байгаа оператораар дамжуулан ар гэр, ажил хэргийн холбоо барих боломжийг бүрдүүлэх талаар УИХ тогтоол гаргасан ч тогтоолыг хэрэгжүүлэх талаар шийдвэртэй арга хэмжээ аваагүй байна.
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал “Монголчууд гадаад явахдаа тухай улсын роумингээр утсаар ярьдаг. Гадаадын иргэд Монголд ирээд мөн ярьж чаддаг. Яагаад Монголдоо ийм боломжийг бүрдүүлж болохгүй байна вэ? Яавал болохгүй вэ гэж биш, яаж хамгийн хялбар байдлаар, бага хөрөнгө оруулалтаар болгох вэ гэдэг шийдлийг боловсруулж, УИХ-д танилцуулахыг шаардаж, тогтоолын биелэлтийг хангахыг анхааруулж байна” гэв.
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 12 аж ахуйн нэгж харилцаа холбооны сүлжээ байгуулах 19 тусгай зөвшөөрлийг эзэмшиж буй. Гар утасны үйлдвэрлэгчид олон улсын холбогдох стандартын дагуу сүүлийн үеийн гар утсуудын системд яаралтай тусламжийн 112 дугаарыг суулгаж үйлдвэрлэж байгаа билээ.
Монгол Улсын хувьд олон улсын стандартыг мөрдөлгүй, яаралтай тусламжийн үйлчилгээнд 10х гэсэн олон дугаар ашиглаж байгаа нь хэрэглэгч яаралтай тусламжийн дугаарт холбогдож чадахгүй нөхцөл бий болгож байгаа аж. Иймд яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, улсын хэмжээнд 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай.
Цаашид харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд “112” дугаарыг тусгах, одоо ашиглаж буй 10х, 11х дугаарлалтуудыг чөлөөлөх, өөр дугаарлалт руу шилжүүлэх зохицуулалтыг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа аж.
Үүний үр дүнд улсын хэмжээнд яаралтай тусламжийн дугаарыг 112 нэгдсэн дугаарлалтад шилжүүлсэнээр яаралтай тусламжийн дугаарт холбогдож чадахгүй байгаа хэрэглэгчийн асуудал шийдвэрлэгдэхээс гадна улсын хэмжээнд аль ч операторын хэрэглэгч өөрийн сүлжээ байхгүй ч бусад операторын сүлжээгээр дамжуулан яаралтай тусламжийн дугаарт холбогдох боломж бүрдэх юм байна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл
Зочин [103.57.94.105] 2024-12-19 10:52:34
ХҮН намаас УИХ - очсон Нүүрсний А/н дарга байсан хүн одоо агаарын бохирдлын талаар дугарах ёстой бас цаг нь болсон баймаар юмаа. Инженер хүн энэ нүүрсний утаа болон шахмал түлшний талаар санаа оноогоо өгч байвал сайн л байна. УИХ д очоод зогсоолдоо хүрээд санаа нь амарсан юм болов уу