ТОЙМ: Олон жилийн улс төржилт эцэслэж, мега төслүүд гараанаас гарсан долоо хоног

Aдмин / Улстөр

Монгол Улсад өнгөрч буй долоо хоногт улс төр, нийгмийн салбарт олон чухал үйл явдал болж өндөрлөлөө. Онцолбол, улсын хөгжлийг түргэтгэх, эдийн засаг дээшлэх гарцыг нээсэн чухал шийдвэрүүдийг УИХ-аас гаргасан явдал.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай тогтоолын төсөл болон Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай тогтоолын төсөл буюу Францын ”Орано майнинг” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-д өргөн мэдүүлэн хэлэлцүүлсэн.

УИХ-ын баасан гаргийн нэгдсэн чуулганаар “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд танилцуулсан. Байнгын хороо 2024 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас санал хураалгахгүйгээр гүйцээн боловсруулах чиглэл өгчээ.

Мөн Байнгын хороонд шилжүүлсэн зарчмын зөрүүтэй 7 саналын томьёололыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан санал хураалт явуулсан байна.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зарчмын зөрүүтэй 3 саналын томьёоллыг дэмжжээ. Иймд чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж, олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дарааллыг жигдлэх, хууль зүйн техникийн засваруудыг хийж, тогтоолын төслийн эцсийн хувилбар болон зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг бэлтгэсэн байна.

Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан намын бүлэг болон бүлэгт харьяалагдаагүй гишүүдээс урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуу Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан, Д.Энхтүвшин, Д.Ганбат нар асуулт асууж, Б.Дэлгэрсайхан, Ц.Туваан сайд нараас хариулт авав.

Түүний дараа Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 3 саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв. Дараа нь Байнгын хорооны саналаар “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 65.4 хувь нь дэмжиж, Улсын Их Хурлын тогтоол батлагдсан.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газраас 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Гашуунсухайт-Ганцмод төмөр замыг холбох бүтээн байгуулалтын гэрээ байгуулахад баримтлах үндсэн чиглэлийн төсөл, Монгол Улс, Франц улс хамтран “Зөөвч овоо” төслийг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлтэй холбогдох УИХ-ын тогтоолын төслийг хамтад нь өргөн барьж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Франц Улсад 2023 оны аравдугаар сард хийсэн төрийн айлчлал Засгийн газар болон “Орано Майнинг” компани хооронд олон жил яригдсан энэхүү төсөл урагшлахад томоохон түлхэц болсон.

Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ батлагдвал Оюутолгой төслөөс хойш гурав дахь хөрш оронтой хамтран хэрэгжүүлэх хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ болох бөгөөд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинд эерэг нөлөө үзүүлнэ.

Оюутолгой төсөлтэй харьцуулахад 34 хувийн энгийн хувьцааг 10 хувийн давуу эрхийн хувьцаа болгож байгаа бөгөөд үлдсэн 24 хувийг Ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр буюу АМНАТ-аар орлуулан тооцож байгаа нь ногдол ашиг хүлээх, нэмэлт өр үүсэх эрсдэлгүй, төсөл эхэлсэн цагаас үр өгөөжийг иргэд Хуримтлалын сангаар дамжуулж шууд хүртэж эхлэх боломжийг бүрдүүлснээрээ ач холбогдолтой” хэмээн мэдээлсэн билээ.

Үнэхээр ч олон жил гацсан Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, одоо байгаа жилийн 85 сая тонн нүүрсний экспорт дунджаар 165 сая тоннд хүрэх дэд бүтцийн хүчин чадалтай болох юм.

Тэртээ 16 жилийн өмнө энэ төмөр замын төслийг хэрэгжүүлж чадсан бол өнөөдөр нийслэлийн утаа, түгжрэл гэсэн асуудлыг ярих шаардлагагүй байх байсныг Ерөнхий сайд онцолж байв.

Мөн тэрбээр ирээдүйд ийм боломжийг дахин алдахгүйн тулд хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг давж, нийтийн эрх ашгийн төлөө энэ төслийг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай. УИХ, Засгийн газар хоорондын гэрээг хэлэлцэн баталсан тохиолдолд Засгийн газар ирэх хавар энэ бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх боломжтойг хариуцлагатайгаар мэдэгдсэн юм.

Тус төсөл хэрэгжсэнээр Замын-Үүд-Эрээн хилийн боомт төмөр замаар холбогдсоноос хойш 70 орчим жилийн дараа өмнөд хөрштэй төмөр замаар холбогдох хилийн хоёр дахь боомт ашиглалтад орох билээ.

Улмаар Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүн хатавч, Ханги-Мандалын боомтууд холбогдож, эрчим хүчний экспорт, нүүрс гүн боловсруулах үйлдвэрийн ажил эхлэх зэрэг боломж бүрдэж дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2028 онд 132.3 их наяд төгрөгт, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 мянган ам.долларт хүргэх Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхэд үндсэн шийдэл болох ажээ.

Өнгөрч буй долоо хоногт П.Сайнзориг нарын гишүүдийн санаачилсан Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл өргөн барьсан өдрөөсөө шүүмжлэл дагуулсан тул буцаан татав.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдэж байна. Цаашдаа хувийн хэвшилтэй ойрхон ажиллаж, ажил олгогчдод тулгамдсан асуудлуудад анхаарч ажиллах болно. Эдийн засгийг тэлэхэд анхаарч ажиллана.

Монгол залуучуудыг ажлын байраар хангахад юу дутагдаж байгааг судлан шийдвэрлэх арга замыг хайна. Эцсийн дүндээ Монгол Улсад томоохон бүтээн байгуулалт хийхэд төсөв мөнгийг нь шийдэж байгаа боловч ажиллах хүч тулгамдсан асуудал болж байгаа. Үүнээс болоод хувийн хэвшил алдагдалд ордог, төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажил хойшилдог.

Ажиллах хүчинтэй холбоотой хууль зүйн хариуцлагын асуудал орхигдсон. Тиймээс хувийн ААН-ээ дэмжсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллах болно. Ингээд дээрх гурван хуулийн төслөө татан авч байгааг мэдэгдье" гэсэн юм. Мөн энэхүү хуулийн төслийг өргөн барихдаа судалгаа тооцооллыг дутуу хийж, олон нийтэд мэдээ мэдээллийг бүрэн гүйцэт өгөөгүйгээс болж олон нийтийн дунд бухимдал үүсгэсэндээ уучлал хүссэн юм.

Засгийн газраас Гадаадын ажиллах хүчний шилжих хөдөлгөөний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн УИХ-д өргөн барьсан. Тус төслийг УИХ дахь АН-ын бүлэг уг төслийг дэмжээгүй. Харин Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан сайд хуулийн төслийг нь олон нийт шүүмжлэхээс илүү УИХ дахь АН-ын бүлэг дэмжээгүйд их харамсаж буйгаа илэрхийлсэн.

Тэрбээр "Хамтарч засаглаад, хамтарч хуулийн төсөл өргөн мэдүүлчихээд бүлгийнхээ хурлаар цөөн хэдэн гишүүний муйхар тайлбарт автаж шийдвэр гаргасанд харамсалтай. Хамтарч засаглаж байгаа улс төрийн хүчин маань ийм шийдвэр гаргасан учраас Засгийн газар дахин хэлэлцэж шийдвэр гаргах ёстой. Гадаадаас ажиллах хүч авах квотыг ард иргэд маань хязгааргүй квот гэж их мушгилаа. Монгол Улсад амьдарч байгаа гадаад иргэдийн тоог зохицуулсан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар хүн амын гурван хувиас хэтрэхгүй байх заалттай. Түүн дотроо нэг улсын иргэдийн тоо нэг хувиас хэтрэхгүй байх хуулийг хэрэгжүүлнэ.

Мөн Ашигт малтмалын тухай хуульд уул уурхайн салбар дахь гадаад ажилтны тоо нийт ажилчдын 10 хувиас хэтрэхгүй байна гэсэн заалт бий. Тиймээс гадаадын иргэд хүссэнээрээ, хязгааргүйгээр Монгол Улсад орж ирнэ гэсэн ойлголт байхгүй" гэв.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан энэ хоёр төслийн талаар байр сууриа хатуухан илэрхийлсэн. Тэрбээр Л.Энх-Амгалан сайдын оруулж ирсэн хуулийн төсөл П.Сайнзориг нарын гишүүдийн өргөн барьсан хуулийн төслөөс ч илүү “халгаатай” хуулийн төсөл хэмээн хэлсэн юм.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [139.5.216.158] 2024-12-31 03:55:34

эрс өөрчлөлтийг шаардаж байна

Иргэн [59.153.112.181] 2024-12-29 21:53:35

Монгол Улсад Төр, засгийн том хямрал болж байна: бодлогын яамдуудыг мэргэжлийн бус, улс төрчдийн цүнх баригчид удирдаж, засаглалын бүх үзүүлэлтээрээ ухарсан. Төсөв, ДНБ, экспорт үлэмж хэмжээгээр нэмэгдсэн боловч, татвар боло бүх төрлийн хураамж нэмэгдсэн. Иргэдийн ядуурал эрс нэмэглэж, боловсрол, эрүүл мэндийн үзүүлэлтүүд буурсаар. Эмнэлэг нь хүрэлцэхгүй, сургууль, цэцэрлэг нь хүрэлцэхгүй, хорт хавдрын тоо жил ирэх тусам нэмэгдэж, утаа нь нэмэгдэж, улс төрчдийн хулгай дээрэм улам даамжирсаар байна. Гарч ирж буй ЗГ бүр, УИХ маш их амлалт өгсөн боловч үр дүн хомс, харин гадны гар хөл болсон улс төрчдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр. Бодлогын яамдын уялдаа холбоо сул, маналайлын доройтол дээд зэрэг….. УИХ-ын гишүүд, яам, агентлага, Төрийн өмчид ААН тоог цөөлж, салбаруудын удирдлагыг мэргэжлийн, туршлага бүхий, эх орон хүмүүст өгөх шаардлагатай. Монгол Улсад хулгай, хууль бус замаар хөлжсөн л хүмүүс сайд дарга хийдэг заншил уламжлал болоод удаж байна. Тогтолцооны эрс хувьсгал шаардлагата


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.