Д.Нямхүүд холбогдох хэргийн шүүх хурал болж байна
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр (2025.02.26) ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийн шүүх хурал болж байна.
Өнгөрсөн 2024 оны арванхоёрдугаар сарын 6-нд тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал болж, шүүхээс Д.Нямхүүг цагаатгаж шийдвэрлэсэн. Гэвч прокурор шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд хандсан билээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хоёрдугаар сарын 19-нд Д.Нямхүүд холбогдох хэргийг хэлэлцэж, прокурор ар гэрийн гачигдалтай гэх шалтгаанаар шүүх хурал хоёрдугаар сарын 26-ны өдөр болж хойшилсон юм.
Сануулахад, Прокурорын газраас Эрүүл мэндийн яамны харьяа Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан Д.Нямхүү нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:
2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [66.181.181.81] 2025-02-26 13:25:46
Ялыг нь эдлүүлээч....