АНУ-ын төвийн бүсийн мужуудад үерийн улмаас 18 хүн нас баржээ

АНУ-ын төвийн болон зүүн хэсгийн мужуудад өнгөрсөн амралтын өдрүүдэд цаг агаар муудсан. Ширүүн бороо асгарч, хар салхи шуурч, хүчтэй салхин шуурга болсон байна. Үерийн улмаас 18 хүн нас барсан тухай эх сурвалжууд мэдээлжээ. Нас барсан хүмүүсийн ихэнх нь Теннеси мужийн оршин суугчид байна. Ням гаргийн байдлаар Техасаас Охайо хүртэл хэд хэдэн мужид эрчим хүчний эх үүсвэр, хийн нийлүүлэлт тасалдаж зогссон байна. Үерийн аюулаас сэргийлж зам харилцааг хааж, айл өрх бизнесийн байгууллагуудын үл хөдлөх хөрөнгийг хамгаалахын тулд элстэй шуудайнуудыг байрлуулж байна.
PowerOutage.us сайтад байршуулснаар үер болсон таван мужийн нутаг дэвсгэр даяар нийт 140 000 хэрэглэгч гэрэл цахилгаангүй болжээ. Цаг уурчид үерийн нөхцөл байдал энэ долоо хоногт үргэлжлэх төлөвтэй гэдгийг анхаарууллаа. Тэр дундаа Кентаки, Теннеси, Алабама мужуудад бороо үргэлжлэн орох тул үерийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулжээ. Мөн Алабама, Жеоржиа, Флоридад хар салхи шуурч болзошгүй байна. Хэд хэдэн байршилд үерийн улмаас зам гүүр зэрэг дэд бүтэц ноцтой эвдэрч болзошгүй гэдгийг мөн Үндэсний цаг уурын газраас сэрэмжлүүлжээ.
Цаг агаарын байдлаас шалтгаалж бямба гарагт АНУ даяар дотоодын болон олон улсын 521 нислэг цуцлагдаж, 6,400 нислэгийг хойшлуулсан байна. Ням гарагт мөн 74 нислэгийг цуцалж, 478 нислэгийг хойшлуулжээ.
Сэтгэгдэл