ЧУУЛГАН: Түүхий эдийн үнэ буурсны улмаас бий болсон нөхцөл байдал 2025, 2026 он дамжин үргэлжлэх төлөвтэй байна

УИХ-ын чуулганы пүрэв гариг (2025.05.15)-ийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн нэгдэх хэлэлцүүлгийг хийхээр товлосон.
Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр танилцуулгыг хийхдээ, Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ 2025 оны эхний улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 40 орчим хувиар унаснаар нийт экспортын орлого өмнөх оны мөн үеэс 17 хувиар буураад байна.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2025 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 16 хувиар бага байна. Түүхий эдийн үнэ буурсны улмаас бий болсон энэ нөхцөл байдал 2025, 2026 он дамжин үргэлжлэх төлөвтэй байна.
Гэсэн хэдий ч хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах замаар УИХ-аас баталсан Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан том төслүүдийг оновчтой, үе шаттайгаар хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлтийг 6 хувиас дээш түвшинд хадгалахаар ажиллаж байна.
2026 онд нэн шаардлагатай салбарын реформ, тэргүүлэх ач холбогдолтой хөгжлийн 14 мега төслийг эрчимжүүлж, макро эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, бизнесийн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог багасгах замаар ядуурлыг бууруулж, эдийн засгийн эрх чөлөөний реформыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Төсвийн зардлын реформын хүрээнд төсвийн урсгал зардлыг бууруулж, ДНБ-ий 24 хувиас хэтрүүлэхгүй байх, процессын дахин инженерчлэлийг хийж, төрийн үйлчилгээг хялбар, хүн төвтэй, бүтээмжтэй хандлагаар эрчимжүүлнэ.
Төрийн албаны реформын хүрээнд төрийн албаны шинэчлэлийг хийж чиг үүргийн давхардлыг арилгаж, багш, эмч нараас бусад төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулах замаар чадварлаг, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлж, төрийн байгууллагуудын чиг үүрэгт иж бүрэн шинжилгээ хийсний үндсэн дээр зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх замаар төрийн бүтээмжийг дээшлүүлж, төрийн худалдан авалтад хиймэл оюуныг ашиглан ил тод байдлыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн.
Үндэсний баялгийн сан, төрийн өмчит компанийн засаглалын реформын хүрээнд төрийн өмчит компаниудын реформыг эрчимжүүлж, зардлыг 15 хувиар бууруулж, төрийн өмчит компаниудын бүтээмжийг 30 хувиар сайжруулж, төрийн өмчит компаниудын хөрөнгийн удирдлагыг сайжруулж, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн ашиглалтыг нэмэгдүүлж, үр ашиг, өгөөж, ашигт ажиллагааг сайжруулах боломжтой гэж тооцсон.
Геологи, хайгуул, болон ашиглалтын түвшнийг нэмэгдүүлэх, стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар Үндэсний баялгийн санг арвижуулах цогц арга хэмжээ хэрэгжүүлж, стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэхээр ирэх оны хөгжлийн төлөвлөгөөний төсөлд тусгасан.
Бүсчилсэн хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд тусгасан төсөл дэх зорилт, арга хэмжээг хэрэгжүүлснээр хөдөө, орон нутгийн инженерийн дэд бүтцийн шийдэл бүхий орон сууцанд хамрагдсан өрхийг 5,683-т, орон нутгийн хөгжлийн индексийг 0.569-д хүргэнэ хэмээн тооцсон.
Хүний хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд ядуурал, тэгш бус байдлыг бууруулж, эрдэм боловсролтой, эрүүл монгол хүнийг хөгжүүлэхээр төлөвлөгөөний төсөлд тусгасан байна. Энэ чиглэлээр төсөл дэх зорилт, арга хэмжээг хэрэгжүүлснээр ажиллах хүчний оролцооны түвшин 63.0 хувьд, PISA олон улсын үнэлгээний эрэмбэ 52-т хүрч, ядуурлын түвшин 5 хувиар буурах боломжтой гэв..
Эдийн засгийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд “Хүн төвтэй” хөгжлийн үзэл санаанд нийцүүлэн бизнесийн орчны реформ ба чөлөөт эдийн засгийг цогцлоохоор төлөвлөсөн ба үүний үр дүнд эдийн засгийн өсөлт 6.0 хувь, инфляц 7.0 хувьтай, хүлээн авах жуулчдын тоог 1.6 сая болно хэмээн тооцоолжээ.
Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд хиймэл оюуныг төрийн бүх шатанд нэвтрүүлж, хүн төвтэй төрийн үйлчилгээ бий болгох нь. Энэ бодлогын хүрээний зорилт, арга хэмжээг хэрэгжүүлснээр Дэлхийн банкны засаглалын үзүүлэлт 103-т, авлигын индекс 112-т, шүүхийн индекс 57-д, шударга байдлын үнэлгээ 77-д хүрэх боломжтой хэмээн тооцжээ.
Бодлогын тэргүүлэх дөрвөн чиглэлийг амжилттай хэрэгжүүлснээр 2026 онд эдийн засгийн өсөлтийг 6.0 хувьд хадгалж, 1 хүнд ногдох ДНБ-ийг 8.090 ам.долларт хүрч, ядуурлын түвшин 5 хувиар буурна гэж тооцож байгаа ажээ.
Сэтгэгдэл