ЦУОШГ: Зуны саруудад төв болон говийн бүсэд хур тунадас ахиу орох төлөвтэй

Зуны саруудад нийт нутгаар дулаан, төв болон говийн бүсэд хур тунадас ахиу орох төлөвтэй байна.
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан улирлын цаг агаарын ерөнхий төлөвөөр ирэх долоодугаар сараас есдүгээр сарын хооронд нийт нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд бүс нутгийн ялгаатай байдал ажиглагдах хандлагатай байгаа юм.
Тодруулбал, долоодугаар сард нийт нутгаар дулаан байх төлөвтэй бөгөөд нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтайн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага буюу харьцангуй хуурай байна.
Харин Өмнөговь, Өвөрхангай, Дундговь, Баянхонгорын зүүн хэсэг, Төвийн өмнөд болон Дорноговь аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох хандлагатай. Бусад нутгаар хур тунадас дунджийн орчим байх төлөвтэй байна.
Наймдугаар сарын хувьд мөн агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй бөгөөд хур тунадас Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.
Харин есдүгээр сард агаарын температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх урьдчилсан төлөв гарчээ.
Зуны саруудад говь болон төвийн бүс нутгаар хур тунадас ахиу орж, гол мөрний усны түвшин нэмэгдэх, гэнэтийн үер усны аюул тохиолдох зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
Сэтгэгдэл