НОСК: “Ногоон нуур 1008” орон сууцанд хамруулна гэх залилангийн шинжтэй үйлдэлд өртөхөөс сэрэмжлүүлж байна

Нийслэлийн Орон сууцны корпорациас өнөөдөр (2025.07.23) албан ёсны сэрэмжлүүлэг гаргав. Түүнд "Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд баригдаж буй "Ногоон нуур 1008" айлын орон сууцанд иргэдийг хамруулна, урьдчилгаа авна гэх ор үндэслэлгүй мэдээнд итгэж, мөнгө шилжүүлэхгүй байхыг иргэдэд анхааруулж байна.
Энэхүү орон сууцны төсөл нь Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа бөгөөд одоогийн байдлаар ашиглалтад ороогүй байна. Гэвч иргэдийг хамруулна, худалдан борлуулалт хийнэ, урьдчилгаа авна, түрээсийн гэрээ байгуулна гэх зэрэг мэдээлэл гарч байгаа нь ор үндэслэлгүй, ташаа болохыг анхааруулж байна" гэжээ.
Нийслэлийн Орон сууцны корпораци иргэдийг ийм төрлийн худал мэдээлэлд хууртаж, урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байхыг уриалж, залилангийн шинжтэй үйлдэлд өртөхөөс сэрэмжтэй байхыг сануулсан байна.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл