Х.Нямбаатар: Ус бохирдуулдаггүй, урьдчилан цэвэрлэх байгууламжтай үйлдвэр, ААН-үүдийг дэмжинэ

Улаанбаатар хотын ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал усны ахуйн бохирдол 40 хувь, эх үүсвэр тогтоогдсон үйлдвэрийн бохирдол 19 хувь, эх үүсвэр үл тогтоогдсон бохирдол 36 хувь, хөрсний нэвчилт, бороо үерийн усны бохирдол таван хувийг эзэлдэг. Ялангуяа мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, машин угаалгын газрууд бохирдол үүсгэхэд ихээхэн нөлөөлж байгаа аж.
Иймд Хотын дарга Х.Нямбаатар бохирдуулагч үйлдвэрүүдийг бүртгэлжүүлэх, урьдчилан цэвэрлэх байгууламжтай болгох, стандартын шаардлага мөрдүүлэх ажлуудыг зохион байгуулахыг үүрэг болголоо.
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн хүлээн авах сараалжийн байгууламжид хоногт дунджаар 1500-2000 кг хатуу хог хаягдал хүлээн авдаг. Үүнд нойтон хуурай салфетка, усанд уусдаггүй 00-ын цаас, үйлдвэрийн хог хаягдал, үс, ноос, хялгас, малын гаралтай дотор гэдэс, сэвс, цустай ус, өөх тос болон механик, органик бохирдлын агууламж өндөртэй бохир ус хамгийн ихээр бохирдлыг үүсгэдэг байна.
Улаанбаатар хотод 470 боловсруулах чиглэлийн үйлдвэр, 131 эмнэлэг, 170 ресторан, цайны газрыг цэвэр усаар хангаж, хэрэглээнээс гарсан хаягдал бохир усыг хүлээн авч, татан зайлуулж байна. Гэсэн хэдий ч урьдчилан цэвэрлэх байгууламжтай дөнгөж 34 үйлдвэр, аж ахуйн нэгж байдаг аж. Хотын дарга Х.Нямбаатар урьдчилан цэвэрлэх байгууламжтай үйлдвэр, ААН-үүдийг дэмжиж ажиллахаа хэллээ.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл