Н.Тэгшбаяр: Монголын газрын ховрын ордуудыг “цацрагийн аюултай” гэж дүгнэх нь шинжлэх ухааны үндэсгүй, айдас юм

Монголын газрын ховор элементүүд, эдийн засгийн өрсөлдөөн, үндэсний аюулгүй байдал ба хариуцлагатай шийдвэр сэдвээр Физикийн ухааны доктор Норовын Тэгшбаяртай ярилцлаа.
-“Газрын ховор олборлолт цацраг идэвхтэй, аюултай” гэх ойлголт их бий. Энэ хэр үндэслэлтэй мэдээлэл вэ?
-Энэ бол ташаа ойлголт. Газрын ховор элементүүдийн 17 төрөл бий. Тэдгээрээс зөвхөн нэг нь буюу Прометий (Pm) цацраг идэвхтэй. Гэхдээ тэр нь байгаль дээр дангаараа бараг байдаггүй, харин зөвхөн цөмийн реакторт, лабораторийн аргаар гаргаж авдаг. Харин бусад 16 нь тогтвортой, аюул багатай.
Иймд Монголын газрын ховрын ордуудыг “цацрагийн аюултай” гэж дүгнэх нь шинжлэх ухааны үндэслэлгүй, иргэдийн айдсыг ашигласан хэт ерөнхийлсөн дүгнэлт юм.
-Газрын ховор элементүүд гэж яг юу вэ, яагаад ингэж чухалд тооцогдоод байна вэ?
-Эдгээр элементүүд бол 21-р зууны технологийн салбарын “амин судас” гэж хэлж болно. Цахилгаан автомашины баттерей, сэргээгдэх эрчим хүчний салхин турбин, өндөр хүчин чадлын соронз, гар утас, эмнэлгийн оношлогооны төхөөрөмж, батлан хамгаалахын тоноглол зэрэгт зайлшгүй ашиглагддаг.
2025 оны байдлаар газрын ховрын дэлхийн зах зээл 200 тэрбум ам.доллар давсан. Энэ нь зөвхөн эдийн засгийн чухал эх үүсвэр биш, үндэсний аюулгүй байдал, геополитикийн өрсөлдөөний гол хөзөр болоод байна.
-Монголд ямар гол ордууд илрээд байна вэ?
-Монгол Улс газрын ховрын баялгаараа дэлхийд эхний 20-д багтдаг. Үндсэн хэд хэдэн стратегийн чухал орд, илрэлүүд бий: Ховд аймгийн Халзан Бүргэтэй – Дэлхийн хэмжээний хүнд ба хөнгөн газрын ховор элементүүдийн баялагтай стратегийн орд. Өмнөговь аймаг – Мушгиа худаг, Хотгор, Баян хошуу гэх мэт илрэлүүдтэй. Ихэнхдээ хөнгөн газрын ховор элементүүд (неодим, празеодим)-оор баялаг.
Дорноговь – Лүүгийн гол, Үлгий хийд зэрэг орд, илрэлүүдтэй. Говь-Алтай – Улаан дэл орд нь циркон, ниобий, газрын ховорын хүдэржилттэй. Баянхонгор, Увс – Шинээр судлагдаж буй чухал бүсүүд. Завхан сумын Шар толгойн илрэл стратегийн ач холбогдолтой. Эдгээр нь зөвхөн нэг ордоос хамааралтай биш, харин орон даяар тархсан боломжтой нөөц байгааг харуулж байгаа юм.
-Хятад улс энэ салбарт дэлхийд ноёрхож байна. Тэднээс бид юу сурах ёстой вэ?
-Хятад улс газрын ховрын дэлхийн нийлүүлэлтийн 70 хувийг дангаараа хангаж байна. Өвөрмонгол дахь Баян-Овоо орд гэхэд дэлхийн нийт нөөцийн 30-40 хувийг эзэлдэг.
Тэдний амжилтын гол нууц нь зөвхөн олборлолт биш, харин нэмүү өртгийн сүлжээг бүрэн бий болгосон явдал. Өөрөөр хэлбэл, түүхий хүдэр биш, боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эцсийн хэрэглээнд хүргэж чадаж байна.
Монголын хувьд хамгийн чухал сургамж бол: зөвхөн олборлох бус, боловсруулалт, үйлдвэрлэлийн бүх шат дамжлагыг хөгжүүлж байж жинхэнэ үнэ цэн бий болно.
-Өндөр хөгжилтэй орнуудтай хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх хэрэгтэй вэ?
-Одоо олон тулгуурт, ухаалаг түншлэлийн цаг. Улс орнуудын онцлогийг харгалзан дараах чиглэлүүдэд хамтрах боломж бий: АНУ – Батлан хамгаалах, сэргээгдэх эрчим хүчний том хэрэглэгч Их Британи – Материал судлал, инновацийн тэргүүлэгч БНСУ – Баттерей, автомашин, электроникийн дэлхийн гол тоглогч. Герман – Европын “ногоон шилжилтийн” гол хэрэгжүүлэгч Эдгээр улстай хамтарснаар Монгол түүхий эд нийлүүлэгч биш, харин дэлхийн технологийн сүлжээний нэг хэсэг болж чадна.
-Зарим иргэдийн хувьд газрын ховор гэдэг ойлголт хол сонсогдож байж мэдэх юм. Гэхдээ өдөр тутамд хэр хамааралтай вэ?
-Маш ойрхон, бүр бидний амьдралын бүхий л түвшинд нөлөөлж байна. Prius машины яндангийн шүүлтүүрт цериум, лантан ордог - агаарыг цэвэршүүлдэг. Гар утас - Дэлгэц, чип, чичиргээний соронз зэрэгт неодим, европи, терби ашиглагддаг. Малын тэжээл – Монголын ШУА, Хятадын эрдэмтэдтэй хамтарч газрын ховроор баяжуулсан тэжээл туршсан. Энэ нь малын өсөлт, эрүүл мэндэд эерэг нөлөөтэй болохыг харуулсан. Өөрөөр хэлбэл, унаж буй машин, барьж буй утас, идэж буй мах, сүү хүртэл газрын ховортой холбоотой болсон.
-Өнөөдөр УИХ дээр Халзан Бүргэтэй ордын асуудлаар сонсгол болж байна. Эсэргүүцэгчид ч оролцоно гэж дуулдсан. Та ямар байр суурьтай байна вэ?
-Эрдэмтний хувьд хэлэхэд, Халзан Бүргэтэй бол Монголын стратегийн орд. Харин эсэргүүцлүүдийн цаана шинжлэх ухааны үндэслэл бус, айдас, улс төрийн ашиг сонирхол байгаа нь анзаарагдаж байна. “Цацраг идэвхтэй” гэх бол ташаа ойлголт. “Олон улсын туршлагагүй” гэх нь үндэслэлгүй — дэлхийд 30 гаруй улс аюулгүй, стандарттай олборлолт хийж байна “Байгаль сүйтгэнэ” гэж ордын үнэ цэнийг үгүйсгэх биш, харин төрийн хяналт, хариуцлагын асуудал Харамсалтай нь, популизм, мэдлэггүй эсэргүүцэл нэрийн дор хөгжлийн стратегийг гацаах явдал газар авч байна. Энэ бол Монголын ирээдүйг хойш чангааж байгаа ноцтой зүйл.
-Төр, улс төрийн түвшинд ямар хандлага хэрэгтэй гэж үзэж байна вэ?
-УИХ бол хууль баталдаг, төрийн эрх барих дээд байгууллага. Тэнд эрдэм шинжилгээний дүгнэлт, мэргэжлийн байр суурь хэлэлцэгдэх ёстой. Иргэдийн санал бодол чухал боловч УИХ-ын индрийг улс төрийн шоуны талбар болгох нь зохимжгүй. Миний шүүмжлэлтэй ханддаг зүйл бол эрдэм шинжилгээний үндэслэлгүйгээр эсэргүүцэл өрнүүлэх. Богино хугацааны улс төрийн ашиг сонирхлоор стратегийн төслийг гацаах оролдлого.
Монгол зөвхөн олборлогч биш, техник-технологийн боловсруулалтын чадавхиа хөгжүүлж, олон улсын түншлэлд ухаалгаар оролцвол дэлхийн өндөр технологийн сүлжээний жинхэнэ тоглогч болж чадна. Энэ бол эдийн засгийн өрсөлдөх чадвар, үндэсний аюулгүй байдлыг зэрэг хамгаалах баталгаа.
-Ярилцага өгсөнд баярлалаа. Таны эрдмийн ажилд амжилт хүсье.
Д.ЭРДЭНЭТУЯА
Сэтгэгдэл
Зочин [66.181.178.105] 2025-09-23 12:35:28
Энэ гол булаг ус судлаач мэдэхгүй юмаа сайхан самарах юмдаа. Увсчуудын шунал хүн чанар гэж иймхүү хүмүүс байгаадаа.