ОУЭХА-ийн гишүүн орнууд нөөцөөсөө их хэмжээний газрын тос гаргана

Aдмин / Эдийн засаг

Олон улсын эрчим хүчний агентлагийн /ОУЭХА/ гишүүн орнууд Ойрх Дорнодын нөхцөл байдал хурцадсанаас үүдэлтэй эрчим хүчний эх үүсвэрийн үнийн огцом өсөлтийг тогтоон барих зорилгоор стратегийн нөөцөөсөө түүхэндээ гаргаж байгаагүй их хэмжээний газрын тосыг гаргахаар тохиролцжээ. Лхагва гарагт Парист болсон ээлжит бус хурлын дараа гаргасан мэдэгдэлд дурдсанаар, тус агентлагийн гишүүн 32 улс нөөцөөсөө нийт 400 сая баррель түүхий тосыг зах зээлд гаргахаар санал нэгтэй тохиролцсон байна. “Газрын тосны зах зээлд цар хүрээний хувьд урьд өмнө байгаагүй хэмжээний асуудлууд тулгараад байна” гэж ОУЭХА -ийн гүйцэтгэх захирал Фатих Бироль мэдэгджээ. Тэрбээр мөн Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх нефть, нефтийн бүтээгдэхүүний урсгал мөргөлдөөн эхлэхээс өмнөх түвшнээс 10 хувиар буурсан гэдгийг дурдсан байна.

ОУЭХА-ийн шийдвэрийн дараа Лондоны ICE биржийн лхагва гаргийн арилжаагаар тавдугаар сард нийлүүлэх Брент маркийн газрын тосны фьючерс үнэ 4.11 хувиар өсөж, нэг торх нь 91.41 ам.доллар болжээ.

Өмнөх өдөр нь буюу гуравдугаар сарын 10-нд фьючерс үнэ 17.89 хувиар унаж, нэг торх нь 81.26 ам.долларт хүрсэн ч уналт саарч, ханш 88.9 ам.доллар орчимд тогтсон байна. ОУЭХА-ийн гишүүн орнууд нийт 1.2 тэрбум гаруй баррель стратегийн газрын тосны нөөц, мөн 600 сая баррель аж үйлдвэрийн нөөцтэй байна. Тус агентлаг 1974 онд байгуулагдсанаасаа хойш газрын тосны нөөцийг ашиглах шийдвэрийг тав удаа гаргаж байжээ. Тодруулбал, 1991 онд Персийн булангийн дайны үеэр, 2005 он, 2011 онд, мөн 2022 онд хоёр удаа ийм шийдвэр гаргасан байна.

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.