Индонез улсад сургуулийн барилга нурж нэг сурагч амь эрсдэж, 65 сурагч дарагджээ

Индонез улсын зүүн Жава мужийн Сидоаржи хотод байдаг исламын шашны сургуулийн барилга өчигдөр нурсан байна. Барилгын дээвэр нурж ирэх үед сурагчид үдээс хойших мөргөлөө үйлдэж байжээ. Олон тооны сурагчид толгойдоо хүнд бэртэл авч, яс нь хугарсан байна.
Уг ослын үеэр 13 настай эрэгтэй сурагч амь үрэгджээ. Мөн олон арван сурагч нурсан барилга дотор гацаж үлдсэн байна. Аврагчид тэдгээр сурагчдыг аврахын тулд цаг хугацаатай уралдан ажиллаж байна. Барилга нурсны дараа хэдэн цагийн турш аврах ажиллагааг үргэлжлүүлж найман сурагчийг аварч чаджээ. Одоо барилгын нурангид дарагдсан 65 сурагч гацаад байна.
Өнөөдөр өглөө тэдгээр сурагчдыг 7-11 дүгээр ангийн 12-17 насны хөвгүүд байгааг мэдэгджээ. Аврагчид ус, хүчилтөрөгч зэргийг барилгад дарагдаж гацсан сурагчдад хүргэхээр малтлага хийсээр байна.
Аль Хозини исламын шашны сургууль нь албан ёсны зөвшөөрөлгүйгээр өргөтгөл барьж байсан нь тогтоогдсон. Сурагчдын мөргөлийн цагаар гэнэт дээвэр нурсан байна. Сургуулийн хөвгүүдийн мөргөлийн хэсэгт барилга нурсан. Энэ үеэр охидыг мөргөлийн танхимаас нэн даруй гаргаж чаджээ. Ослын үеэр 99 сурагч бэртэл авч эмнэлэгт эмчлүүлж байна.
Барилгад дарагдсан сурагчдын ар гэрийнхэн, ойр дотны хүмүүс нь сургуулийн гадаа цуглаад байна. Тэд албаны хүмүүсийн мэдээг хүлээж, аврах ажиллагаа амжилттай болоосой хэмээн залбирч цаг хугацааг зүрх даран өнгөрүүлцгээж байна. Гэмтэж бэртсэн хүүхдүүдийн эцэг эхүүд ч мөн эмнэлгийн гадаа цуглажээ.
Аврах ажиллагаанд хэдэн зуун аврагчид оролцож байна. Аврагчид, цагдаа нар, цэргүүд шөнийн турш барилгыг нурангийг малтсаар байна. Хэрвээ хүүхдүүдийг хурдан гаргаж ирж чадахгүй бол амь насаараа хохирсон хүмүүсийн тоо цаашид нэмэгдэхийг анхааруулжээ.
Аварга том бетон хавтан, барилгын хүнд материалууд нурсан байгаа тул аврах ажиллагааг явуулахад хүндрэлтэй байна. Барилга нэмж нурах эрсдэлтэй байгаа тул том оврын өргөгч кран зэргийг ашиглах боломжгүй байгаа ажээ.
Эрх баригчид сургуулийн барилга нурсан шалтгааныг нарийн тогтоохоор ажиллаж байна. Нурсан барилгын мөргөлийн танхим хоёр давхар байжээ.
Индонез улсад барилгын чанар стандарт хуулийн дагуу мөрдөгддөггүй сул талтай. Тиймээс зөвшөөрөлгүй баригдсан барилга нурж хүмүүсийн амь насыг хохироох тохиолдол цөөнгүй гардаг. Энэ сарын эхэнд баруун Жавад шашны уншлагын танхимын барилга нурж гурван хүн нас баржээ. 2018 онд хөгжмийн наадам дээр барилга нурж өсвөр насны долоон хүүхэд нас барсан тохиолдол гарч байсан юм
Сэтгэгдэл