НАТО цөмийн сүрдүүлгийн эсрэг сургуулилалтаа эхлүүлэв

Aдмин / Гадаад мэдээ

НАТО жил бүр зохион байгуулдаг “Steadfast Noon” нэртэй цөмийн аюулаас сэргийлэх сургуулилалтаа энэ оны аравдугаар сарын 13-ны даваа гарагт эхлүүлжээ.

Уг сургуулилалт Хойд тэнгисийн бүс нутагт хоёр долоо хоногийн турш үргэлжлэх бөгөөд НАТО-гийн 14 гишүүн орны 2000 орчим цэргийн алба хаагч, нийт 71 нисэх онгоцыг хамруулсан байна.

АНУ энэ удаагийн сургуулилалтад энгийн болон цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай F-35 төрлийн дөрвөн сөнөөгч онгоцоор оролцож байгаа бол Герман улс гурван Tornado бөмбөгдөгч, дөрвөн Eurofighter Typhoon сөнөөгч онгоцоо илгээжээ.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте "Эдгээр сургуулилалтын гол зорилго нь НАТО-гийн цөмийн сэргийлэлтийн чадавхыг бататгахын зэрэгцээ шаардлагатай тохиолдолд эвслийн орнууд өөрсдийгөө хамгаалах бүрэн чадвартай гэдгээ харуулж, ОХУ-д тодорхой дохио өгөх явдал хэмээн онцолсон байна.

Тэрбээр “Энэ бол манай жил бүрийн тогтмол сургуулилалт бөгөөд цөмийн сэргийлэлтийн найдвартай, аюулгүй, үр дүнтэй байдлыг хангахад чухал” гэж нэмж хэлжээ.

Сургуулилалтын гол бааз нь Нидерланд дахь Волкель нисэх хүчний бааз бол туслах хүчин, дэмжлэг үзүүлэх нэгжүүдийг Их Британийн Лейкенхит, Бельгийн Кляйне-Брогель, мөн Данийн Скридструп дахь сөнөөгч онгоцны баазад байрлуулжээ.

Сургуулилалтын нарийн дэлгэрэнгүй мэдээлэл нууц хэвээр байгаа ч цэргийн шинжээчдийн үзэж буйгаар, энэ үеэр цөмийн зэвсгийг газрын доорх агуулахуудаас аюулгүй тээвэрлэн онгоцонд шилжүүлэх, мөн сургалтын зориулалттай хуурамч цөмийн бөмбөгийг онгоцны доор суурилуулах үйлдлүүдийг турших боломжтой юм байна.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.