Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд Санаэ Такаичигийн эрх мэдэлд хүрсэн замнал

Aдмин / Гадаад мэдээ

Японы эрх баригч Либерал Ардчилсан намын (LDP) дарга Санаэ Такаичи 2025 оны аравдугаар сарын 21-нд парламентын хоёр танхимд болсон санал хураалтад ялалт байгуулж, тус улсын 104 дэх Ерөнхий сайдаар албан ёсоор сонгогдов.

Энэ нь түүний удирдаж буй нам барууны чиг баримжаатай Японы Шинэчлэлийн Нам (JIP)-тай эвсэл байгуулсны дараах өдөр болсон бөгөөд тус эвслийн дэмжлэгийн ачаар Такаичи Японы түүхэнд Ерөнхий сайдын албыг хаших анхны эмэгтэй болсон юм.

Такаичи 1961 онд Нара мужид төрсөн, улс төрийн замналаа 1993 онд Төлөөлөгчдийн танхимд анх сонгогдсоноор эхлүүлжээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд Дотоод хэргийн сайд, Эдийн засгийн аюулгүй байдлын сайд, мөн Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн дэд сайдын зэрэг өндөр албан тушаалууд хашсан туршлагатай аж.

Түүнийг Ерөнхий сайд агсан Шинзо Абэтэй тун ойр харилцаатай, түүний үндэсний эрх ашигт суурилсан бодлогыг үргэлжлүүлэгч, хатуу чиг шугамтай улс төрч гэж олон нийт үнэлдэг байна.

Такаичи Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, улсын аюулгүй байдлыг бэхжүүлэх, хааны удам угсааг зөвхөн эрэгтэйчүүд залгамжлах уламжлалыг хадгалах зэрэг уламжлалт үнэт зүйлсийг дэмждэг үзэл баримтлалтай улстөрч аж.

Тэрбээр өмнө нь намын даргын сонгуульд хоёр удаа буюу 2021 болон 2024 онд өрсөлдөж байсан ч амжилт олоогүй. Харин 2025 оны аравдугаар сард Шинжиро Коизумиг ялж, намын даргын албан тушаалд сонгогдсоноор Ерөнхий сайдын суудлын төлөө өрсөлдөх эрхтэй болжээ.

Гэсэн ч түүнийг улс төрийн ноцтой сорилт хүлээж байсан аж. 26 жилийн турш Либерал Ардчилсан намтай эвсэн ажиллаж байсан Комэйто нам эвслээс гарахаа зарласан нь түүний Ерөнхий сайдаар томилогдох эсэхэд тодорхойгүй байдал үүсгэж, анх товлосон санал хураалтыг хойшлуулахад хүргэжээ.

Комэйто намын дарга Тэцүо Сайто эвслээс гарч буй шалтгаанаа эрх баригч намын улс төрийн санхүүжилтийн дуулианд хүлээсэн хариуцлага хангалтгүй байна гэж тайлбарласан байна.

Японы хуулийн дагуу Ерөнхий сайдыг парламентын хоёр танхим тус тусдаа санал хурааж сонгодог. Хэрвээ хоёр танхим өөр өөр шийдвэр гаргавал Төлөөлөгчдийн танхимын санал илүү хүчинтэйд тооцогддог байна.

Доод танхим буюу 465 гишүүнтэй Төлөөлөгчдийн танхимаас Такаичи 237 санал авч, сөрөг хүчний удирдагч Ёшихико Нодаг 149 саналтайгаар ялсан бол 248 гишүүнтэй Дээд танхимд хэн нь ч олонхын санал авч чадаагүй тул дахин санал хураалт зарлажээ. Ингээд Такаичи дахин санал хураалтад ялалт байгуулснаар Ерөнхий сайдын албан тушаалд албан ёсоор оржээ.

Түүний тэргүүлсэн шинэ Засгийн газарт намын эв нэгдлийг хангах үүднээс Либерал Ардчилсан намын дотоод сонгуульд өрсөлдсөн өрсөлдөгчдөд гол албан тушаалуудыг санал болгосон аж.

Шинжиро Коизуми Батлан хамгаалахын сайдаар, Тошимицү Мотэги Гадаад хэргийн сайдаар, Ёшимаса Хаяаши Дотоод хэргийн сайдаар, харин Такаюүки Кобаяаши намын бодлогын даргаар тус тус томилогдсон бол Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Батлан хамгаалахын сайд асан Минору Кихара ажиллаж байна.

Нөгөөтэйгүүр, Либерал Ардчилсан нам болон Японы шинэчлэлийн намын байгуулсан шинэ эвсэл харьцангуй сул бүтэцтэй байгаа бөгөөд Японы шинэчлэлийн нам эхний ээлжид сайдын суудал авахаас татгалзжээ.

Такаичи хэд хэдэн сайдын албан тушаал санал болгосон ч тус нам өөрсдийн засаглалын туршлага дутмаг байгааг дурдаж, шууд хариуцлага хүлээхээс зайлсхийж байгаа аж. Шинжээчид үүнийг Японы шинэчлэлийн намын зай барих стратеги гэж үзэж байгаа бөгөөд хэрвээ бодлогын зөрчил гарвал эвслээс гарах боломжийг нээлттэй үлдээж байна гэж дүгнэжээ.

Японы шинэчлэлийн нам сүүлийн жилүүдэд парламентын сонгуульд амжилт муутай оролцсон, мөн нам дотроо хагаралтай байгаагаас үүдэн Либерал Ардчилсан нам тэдний тогтвортой байх эсэхэд болгоомжтой хандаж байгаа аж.

Түүнчлэн Японы шинэчлэлийн нам эвслийн гол нөхцөл болгож парламентын суудлын тоог бууруулахыг шаардсан нь Либерал ардчилсан нам дотор болон сөрөг хүчний дунд хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байгаа аж. Энэ шаардлага биелэхгүй бол эвслийн үндэс суурь нь анхнаасаа бат бөх бус байсан байж болзошгүй гэж зарим шинжээчид үзэж байна.

Ийнхүү Санаэ Такаичи Японы улс төрийн түүхэнд шинэ хуудас нээж, эмэгтэй хүн анх удаа Ерөнхий сайдын суудалд хүрсэн ч түүнийг улс төрийн нарийн төвөгтэй сорилтууд, эв нэгдлийг хадгалах, бодлогоо хэрэгжүүлэхэд учирч болох олон эрсдэл хүлээж буй нь тодорхой байна.


Эх сурвалж: XINHUA
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.