Канадын Ерөнхий сайд Марк Карни анхны төсвийн төслөө танилцууллаа
Өнгөрсөн хавар Либерал намын даргаар сонгогдож, Канад улсын 24 дэх Ерөнхий сайд болсон Марк Карни анхны төсвийн төслөө Парламентад өргөн барьж танилцууллаа.
Марк Карнигийн Засгийн газар төсвийн төслөө батлуулахын тулд бусад намуудтай эвсэж, тусламж дэмжлэг авах зайлшгүй шаардлагатай. Хэрвээ олонхийн саналыг авч, Парламентаар шинэ төсвөө батлуулж чадахгүй бол холбооны ээлжит бус сонгууль явуулж болзошгүй нөхцөл байдал үүсэх юм байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хоёр дахь удаагаа төрийн эрх барьснаасаа хойш эдийн засгийн харилцаа холбоотой дэлхийн улс орнуудтай татвар, тарифын асуудлыг шинэчлэн хэлэлцэх болсон. Америк чөлөөт худалдааны хэлэлцээрт багтаагүй Канадын бараа бүтээгдэхүүнд 35 хувийн татвар ноогдуулсан.
Тэр дундаа ган, хөнгөн цагаан, автомашины татвар өндөр тогтсон. Цаашид энэ байдал хаашаа ч хэлбийж болзошгүй эдийн засгийн эмзэг, эгзэгтэй үед Карнигийн Засгийн газар ямар төсөв дэвшүүлж буй нь ихээхэн сонирхол татаж байна.
Сангийн сайд Франсуа Филип Шампэйн АНУ-тай татварын асуудалтай байгаа үед Канадын эдийн засгийг хүчирхэгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэхээс гадна огцом өөрчлөлт, шинэчлэлтийг хийсэн, тодорхойгүй нөхцөл үүсэхэд хувьсан өөрчлөгдөх чадамжтай төсөв санаачлахыг хичээсэн тухайгаа мэдэгджээ.
Канадын Засгийн газрын санаачилсан төсвийн төсөлд алдагдлыг өмнөх оныхоос хоёр дахин их буюу 78 тэрбум канад доллар /55.3 тэрбум ам.доллар/-т хүргэсэн байна. Энэ нь Канад улсын түүхэнд төсвийн алдагдлыг өндөр тогтоосон хоёр дахь удаагийн тохиолдол болж байгаа юм. Төсвийн алдагдлыг нөхөхийн тулд ирэх таван жилийн хугацаанд Канад улсын нутаг дэвсгэрт их наяд канад долларын хөрөнгө оруулалт татахаар төлөвлөжээ.
Засгийн газар ирэх таван жилийн хугацаанд 141 тэрбум канад долларын нэмэлт зардал гаргахаар төсөвт тусгасан байна. Үүний 51 тэрбумыг төсвийн таналт болон үр ашигтай хэмнэлтийн аргаар тэнцвэржүүлэхээр болжээ.
Хөгжлийг дэмжих дэд бүтцийг бүтээн байгуулалтад 51 тэрбум, Зэвсэгт хүчний зардалд 81 тэрбум канад долларыг зарцуулахаар санаачилсан байна. Өндөр хурдны зам, шинэ боомтууд зэргийг барьж байгуулах нь цаашдын эдийн засгийн эргэлтэд үр өгөөжтэй гэж Засгийн газар үзжээ.
Эдийн засгийн шинжээчид Канадын шинэ төсвийн төслийг амбицтай оролдлого хийсэн боловч хувьсан өөрчлөгдөх боломж хомс болсон гэж дүгнэсэн байна. Мөн зарим шинжээч Канад улсын эрх баригчид ирэх жилүүдэд хэрэгжүүлэх төслүүдийн тоог өмнөх жилүүдийнхээс бууруулсан гэж тооцоолж байна.
Түүнчлэн цагаачлалын салбарын төсвийг бууруулсан, төрийн өмчийн байгууллагуудын ажиллах хүчийг 10 хувиар багасгасан байна. Ингэснээр төсвийн төсөл батлагдвал 40 мянган хүн ажилгүй болно.
Америкийн Засгийн газрын тавьсан татварын хэмжээнээс үүдэлтэйгээр хэдийнэ зарим салбарт ажлын байр багасаад байгаа юм. Тиймээс АНУ-аас гадна өөр улсуудтай худалдаа эрхлэх санаачилгыг энэ удаагийг төсөвт багтаажээ. Канадын Канадын эдийн засгийн бүтээмж, өрсөлдөх чадвар, уян хатан байдлыг сайжруулахын тулд 280 тэрбум канад долларын хөрөнгө оруулах юм байна.
Карнигийн Засгийн газар технологийн салбарыг хурдацтай хөгжүүлэх, нэн ялангуяа Засгийн газрын үйл ажиллагаанд хиймэл оюуныг ашиглах хөгжүүлэлтийг дэмжихэд тэрбум канад доллар зарцуулахаар тусгажээ.
Либералчуудын дэвшүүлсэн төсвийн саналыг консервативчууд алдагдлыг хэт өсгөж, канадын ард иргэдийн худалдан авах чадварыг бодолцоогүй гэж шүүмжилсэн байна. Шинэ Ардчилсан нам, Куэбэкуо бүлэг зэрэг намуудын зүгээс 400 гаруй хуудас бүхий төсвийн төслийг судалж үзсэнийхээ дараа байр сууриа илэрхийлэхээ мэдэгджээ.




























.jpg)




































Сэтгэгдэл