Э.Халиунболд “Дакар ралли-2026” уралдаанаас шилдэг шинэ тамирчны III байрын цом гардлаа
Автомашины спортын “олимп” хэмээн нэрлэгддэг 48 дахь удаагийн “Дакар ралли” амжилттай өндөрлөлөө. Энэ 14 хоногийн турш үргэлжилсэн, дэлхийн авто, мото спортын фенүүдийн анхаарлыг татсан уралдаанд мотоциклийн төрөлд 120 гаруй тамирчин өрсөлдсөн.
Монгол Улсаас Монгол Улсын гавьяат тамирчин Э.Халиунболд болон олон улсын хэмжээний мастер П.Мөрөн оролцож, алтан соёмбот төрийн далбаагаа мандуулан эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан юм.
Сүүлийн буюу хаалтын 13 дахь гараанд “Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин Э.Халиунболд 13 гарааны дараах нийлбэр дүнгээр шилдэг 20-т, Ралли-2 ангилалдаа 10-т багтсанаар нийт тамирчдаас 16, Ралли-2 ангилалд зургаадугаар байранд орж, мөн шилдэг шинэ тамирчны гуравдугаар байрын цомын эзэн болж Монгол хүн Дакарт цом хүртсэн анхны тамирчин болсон билээ.
Э.Халиунболд уралдааны дараа “Дакарт уралдахад төсөөлөл анх байгаагүй ч үүнийг хийх ёстой гэж бодсон. Дотроо нууцхан шилдэг 20-д багтах юмсан гэх хүсэлтэй байсан ч уралдааны явцад 16-д багтаж, зарим гараанд дээгүүр уралдаж, зураг унших сургалтад сууж номын дуу сонссондоо баяртай байна.
Бидний төслийг анхнаас дэмжиж байсан бүх хүнд баярлалаа, энэ хүртэл авч явсан “Тал нутгаас Дакарт” төслийн багийнхаа хамт олонд талархал илэрхийлье” хэмээн ярьсан юм. Харин олон улсын хэмжээний мастер П.Мөрөн ерөнхий дүнгээр 29, Ралли-2 ангилалдаа 19 дүгээр байрт шалгарч, 48 дахь удаагийн “Дакар ралли”-г өндөрлүүлсэн бөгөөд тэрбээр “Адармаатай төгсгөл байлаа. Энэ хүртэл намайг дэмжсэн бүх хүнд баярлалаа.
Ямартай ч 13 гараагаа дуусгаж, шилдэг 30-д багтсандаа баяртай байна” хэмээн тэмдэглэжээ. Энэхүү уралдаанд амжилттай оролцсон Монголын баг тамирчид 2026 оны 01-р сарын 20-ны өглөө эх орондоо газардах бөгөөд тэдний амжилт нь Монгол спортыг дэлхийд харуулсан түүхэн мөч болж байна.



































































Сэтгэгдэл