Б.Батбаатар: Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутгийг Улаанбаатар хотод шилжүүлэх боломжгүй
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Богдхан уулын дархан цаазат газарт үүссэн нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийв.
Тэрбээр мэдээлэхдээ, “Хамгаалалтын захиргаанаас албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлж, газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах санал гаргасан. Үүний үндсэн дээр Байгаль орчин, уур амьсгалын сайдын тушаалаар тухайн газрын ашиглах эрхийг цуцалсан. Нийслэлийн зуслангийн бүс болон улсын тусгай хамгаалалттай газрын зэрлэг амьтдад ээлтэй ерөнхий шаардлагад нийцээгүй, хотын стандарт зөрчсөн 1000 орчим метр хашааг 2026 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр албадан буулгаж, цаашид эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэхээр ажиллаж байна. Хашаа буулгах нэгжийн өртөг 1 м.кв тутамд 20 мянган төгрөг бөгөөд нийт 11 мянган метр хашааг буулгаснаар ойролцоогоор 20 сая орчим төгрөгийн зардал гарсан. Тусгай хамгаалалттай газарт хамаарах хууль тогтоомжийг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжид газар ашиглах эрхийг цуцална.
Байгаль орчин, уур амьсгалын сайдын хувьд аливаа үйл ажиллагаанд шууд хаах, хязгаарлах бус, эхлээд анхааруулах, сэрэмжлүүлэх, шат дараатай арга хэмжээ авах зарчим баримтална. Харин хуульд заасан шаардлагыг биелүүлэхгүй тохиолдолд эцсийн арга хэмжээг авна. Өчигдөр Улаанбаатар хотын захирагч болон НИТХ-ын даргаас энэ асуудлаар тодорхой мэдээлэл өгсөн байсан. Өмнөх жилүүдэд үе үеийн сайд нар тусгай хамгаалалттай газарт отоглох, аялал жуулчлал, судалгаа шинжилгээний зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл олгож ирсэн. Гэвч отоглох зориулалтаар олгосон газарт Улаанбаатар хотын ерөнхий архитектор, Засаг даргаас орон сууц, хаус, зочид буудал, үйлдвэр үйлчилгээний барилга барих зөвшөөрөл өгдөг. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенциуд нь дотоодын хуулиас давж үйлчилдэг тул энэ хүрээнд Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутгийг Улаанбаатар хотод шилжүүлэх боломжгүй гэдгийг Байгаль орчин, уур амьсгалын сайдын хувьд албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.
Нийслэлийн бүс нутаг, Богдхан уулын дархан цаазат газрын нутаг дэвсгэрт нийт 17 буга үрэгдсэн тохиолдол гарчээ. Хоёр нь Богдхан уулын тусгай хамгаалалттай газарт, үлдсэн нь нийслэлийн ногоон бүсэд эрсэджээ. Богдхан уулын тусгай хамгаалалттай газарт газар ашиглах зөвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгжүүд газрын ашиглалтын төлбөрт нийт 14 тэрбум төгрөгийн өртэй байна. Газрын төлбөрөө төлөөгүй тохиолдолд газар ашиглах эрхийг цуцлах хүртэл хариуцлага тооцох аж.
Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд газар ашиглагч “Эй жи жи эс” компанийн барьсан стандарт бус шовх үзүүртэй хашаанд халиун буга өлгөгдөж эрсэдсэн. Тус компанийн барьсан хашаа нь 2025 оны аравдугаар сарын 1-нээс мөрдөж хэлсэн UCS 0304B:2025 “Улаанбаатар хотын зуслангийн бүс, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн зэрлэг амьтдад ээлтэй хашаанд тавих ерөнхий шаардлага” стандартыг зөрчсөн байна. Халиун бугын экологи-эдийн засгийн суурь үнэ 12.7 сая төгрөг байдаг бөгөөд хохирлын нийт үнэлгээ 25.400.000 төгрөг болж байгаа аж. Тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулсан, хууль, захиргааны хэм хэмжээний акт, стандарт, дэглэм, горим зөрчсөн бол торгууль 30 сая төгрөгөөр торгох зохицуулалттай. Үүссэн асуудалтай холбогдуулан холбогдох байгууллагаас дээр компанийн 18149.32 м2 газрын эрхийг хэсэгчлэн цуцлах шийдвэрийг гаргажээ.
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"

































































Сэтгэгдэл