Хувийн хэвшлийнхэн тээврийн хэрэгслийн татварыг бууруулах санал гаргав
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн 80 гаруй байгууллагын төлөөлөл өнөөдөр хотын удирдлагуудтай уулзаж, бизнесийн орчинд тулгамдаж буй асуудал, боломжит шийдлүүдийн талаар санал солилцлоо.Уулзалтын үеэр аж ахуйн нэгжүүдийн зүгээс татварын дэмжлэг үзүүлэх, мега төслүүдийн хэрэгжилтийг эрэмбэлэх, төслийн менежментийг сайжруулах, газар чөлөөлөлтийн ажлыг системтэй зохион байгуулах, тээврийн хэрэгслийн татварыг бууруулах, барилгын норм стандартын хэрэгжилтийг хангах, хот төлөвлөлтөд анхаарах зэрэг асуудлыг хөндөн санал хүргүүлжээ. Улаанбаатар хотын Худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнийн хэлснээр авто замын түгжрэл, замын эвдрэл, дугаарын хязгаарлалт зэрэг хүчин зүйлс аж ахуйн нэгжүүдийн тээврийн зардлыг нэмэгдүүлж байна.
Мөн нийслэл болон дүүргийн байгууллагуудаас үзүүлж буй зарим үйлчилгээ хүнд сурталтай байдаг, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийн мэдээллийг илүү нээлттэй болгох шаардлагатай байгааг бизнес эрхлэгчид түгээмэл онцолдог аж.
Түүнчлэн хоол хүнсний үйлчилгээний байгууллагуудын ариутгал, эрүүл ахуйн стандартыг сайжруулж, дулааны аргаар ариутгах систем нэвтрүүлэх шаардлагатай байгааг уулзалтад оролцогчид дурдсан байна. Хотын даргын зүгээс хувийн хэвшлийн төлөөллүүдийн санал хүсэлтийг цаашдын бодлого, үйл ажиллагаандаа тусгахаар болсноо илэрхийлжээ. Өнөөдрийн байдлаар нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 42 төсөл хэрэгжиж байна.


































































Сэтгэгдэл