Н.Наранбаатар: АМНАТ-ийг бууруулбал хэрэгжихэд бэлэн 21 зэсийн төсөл бэлэн байгаа

Aдмин / Улстөр

УИХ хурлын гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатартай ярилцлаа.


-Хувь хүний орлогын албан татвар/ХХОАТ/-ыг нэг хувь бууруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр болсон. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ. Ингэх боломжтой юу?

-ХХОАТ-ын нэг хувь болгох хуулийн төслийг Ж.Баярмаа нарын гишүүд санаачилж өргөн бариад хэлэлцэх эсэх нь дэмжигдээд явж байгаа. Ер нь товчхон хэлэхэд боломжгүй. Хэрвээ ингэвэл 2.7 их наяд төгрөг улсын төсвөөс дутна. Хоёрдугаарт, ХХОАТ чинь орон нутгийн төсвийг бүрдүүлдэг гол татвар байдаг. Тэгэхээр үүнийг нь улсын төсвөөс санхүүжүүлнэ. Олон аймаг, сум улсын төсвөөс авдаг татаас нь нэмэгдэж, өөрсдийгөө санхүүлж чадахаа болино. Ер нь Өмнөговь, Орхон аймгууд л үлдэнэ. Одоо бол найман аймаг, маш олон сум өөрийгөө санхүүжүүлж, улсын төсвөөс татаас авахгүй болгож байгаа. Ингээд дабль эффекттэй буюу төсөвт үзүүлэх 5.7 их наяд төгрөгийн нөлөө үзүүлэхээр байгаа юм. Тийм учраас үүнийг дэмжих боломжгүй. Мөн хууль санаачлагчдад энэ 5.7 их наядын цоорхойг хаанаас яаж нөхөх гарц гаргалгаа огт байхгүй юм билээ. Энэ хэмжээний мөнгө төсвөөс дутахаар алдагдал л ихсэнэ. Бид чинь саяхан Төсвийн хүрээний мэдэгдлээ баталсан. Төсвийн тусгай шаардлагууд чинь хуулиараа ийм өндөр алдагдлыг зөвшөөрөхгүй шүү дээ. Ийм өндөр алдагдал бий болгох нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчинө. Бид өнгөрсөн онд төсвийн алдагдлаа нэг их наядаар баталсан. Хэрвээ энэ хууль батлагдвал 2027 оны төсвийг зургаа, долоон их наядын алдагдалтай батлах эрсдэл бий болно. Энэ алдагдлыг гадны зээл, тусламжаар нөхөхгүй. Тэгж төсвийн алдагдал нөхөх зорилгоор зээл, тусламж үзүүлэх ч үгүй.

-Нөгөө талдаа ингэж бууруулснаар татварын суурь бааз нэмэгддэг гэж тайлбарлаад байгаа шүү дээ?

-ХХОАТ төлдөг 800 гаруй мянган иргэн л байгаа. Үүн дээр нэмэгдээд юу шалих вэ дээ. Төлдөг тэр хэмжээндээ л төлнө. Миний бодлоор бааз суурь нэмэгдэхгүй. Хөдөлмөрийн насны хүмүүс ХХОАТ-ыг цалин болон, бизнесийн үйл ажиллагаанаасаа л төлж байгаа. Тэгэхээр хөдөлмөрийн насны хүмүүс механикаар нэмэгдэх буюу гаднаас ажиллах хүч орж ирдэггүй л юм бол төдийлөн нэмэгдэхгүй.

-Тэгэхээр энэ хуулийн төслийг судалгаа муутай, олон нийтэд таалагдах гэж л боловсруулсан гэсэн үг үү?

-Товчхондоо тэгж хэлж болно. Татваргүй болгоно, бууруулна гэхээр дургүйцэх хүн гарахгүй.

Татварыг цогцоор нь, системээр нь авч үзэхгүй бол болохгүй. Төсөв, төсвийн хүрээ, төсвийн тогтвортой байдал, Өрийн удирдлагын хуультайгаа уялдуулах ёстой. Татварын гол үүрэг чинь төсөв бүрдүүлэх. Дахиад нэг үүрэг нь бол баялгийн хуваарилалтыг жигд байлгах, өндөр орлоготойгоос нь өндөр авч, бага орлоготой иргэд рүүгээ чиглүүлэх шүү дээ. Гэтэл нэг хувь болгочихоор өндөр орлоготой хүмүүсийн төлөх татвар нь маш бага болчихно. Тэгэхээр үүнийг өндөр орлоготой иргэдэд зориулсан хуулийн төсөл гэж хэлж болно. Үүнийг гишүүд ч хэлээд байгаа.

-Засгийн газраас Татварын багц хуулийг өргөн барьсан. Энэ хуульд ямар, ямар гол өөрчлүүлт орж байгаа юм. Тэр өөрчлөлтүүд нь ард иргэдийн аж амьдралд ямар эерэг нөлөө үзүүлэх вэ?

-Татварын 30 хууль байгаа. Харин Засгийн газраас Татварын ерөнхий, Аж ахуйн нэгжийн, НӨАТ-ын, Хувь хүний гэсэн дөрвөн хуулийн л нэмэлт, өөрчлөлт өргөн барьсан. Тэгэхээр Татварын багц хууль гэж хэлэхэд жаахан өрөөсгөл. Татварын ерөнхий хууль дээр аж ахунй нэгжийн дансыг 100 хувь хаадаг байдлыг болиулж 80 хувь болгож, 20 хувийг нь үйл ажиллагаагаа явуулах боломжийг олгож байгаа. Иргэд, аж ахуйн нэгжээ дарамталдаг биш, аль болох зөвлөгч нь байх чиглэлийн өөрчлөлт. ХХОАТ дээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792 мянган төгрөгөөс доош цалин авдаг хүмүүсийн татварыг тэглэе гэсэн санал орж ирж байгаа. Жишээлбэл, нэг сая төгрөгийн цалинтай хүн 100 мянгыг төлнө. Гэтэл 792 мянгыг нь чөлөөлчихөөр 20 гаруй мянган төгрөг л төлдөг болно гэсэн үг. Мөн бизнесийн орлого нь жилийн нэг тэрбумаас бага бол нэг хувиар татвар төлнө гэж оруулсан. Орон сууцаа борлуулахаар хоёр хувийн татвар авдаг байсныг болиулж байгаа. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр дундын шатлал нэмчихээд байгаа юм. Зургаан тэрбумаас дээш бол 20 хувь байсан, одоо 6-10 тэрбум байвал 15 хувь гэж нэг шатлал оруулсан. Ингэхээр 180 мянган аж ахуйн нэгж 20 хувь төлж байсан бол 15 хувийг төлдөг болно. Мөн жижиг дунд аж ахуйн нэгжийг дэмжих нэг заалт орж ирсэн.

-Тэр нь ямар заалт байгаа вэ?

-Жилийн орлого нь 1.5 тэрбум хүртэлх аж ахуйн нэгжүүд нэг хувийн татвар төлдөг байсан. Үүнийг нь 2.5 тэрбум болгосон. Энэ бол жижиг бизнесүүдийг дэмжихэд том түлхэц болно. НӨАТ дээр 50 саяын босгыг 400 сая болгож, төлөх хугацаагаа хоёр сар хүртэлх хугацаагаар хойшлуулах боломжтой болсон. Засгаас оруулж ирсэн ийм гол өөрчлөлтүүд байгаа. Үүгээр нь тооцохоор 2.2 их наяд төгрөгийн татварыг иргэн, аж ахуйн нэгжид үлдээхээр байгаа юм.

-Ингэж орлоготой нь уяад татварын хувь хэмжээг багасгачихаар иргэн, аж ахуйн нэгжүүд маань орлогоо нуун дарагдуулах байдал гарахгүй юу?

-Аливаа зүйл хоёр талтай учраас 100 хувь шийдэл гэж байхгүй. Татварын байгууллагууд маань тодорхой хяналт, шалгалтаа тавиад л явна. Дээрээс нь ёстой нөгөө татварын бааз суурь чинь нэмэгдэнэ. Хувь хүн дээр бол ийм боломж алга. Харин бизнес эрхлэгчдийн татварыг нэг хувь болгочихоор бааз суурь нэмэгдэнэ гэсэн үг.

-Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан нь маргаан дагуулж байгаа. Ялангуяа зэсийн АМНАТ-ийг бууруулах тал дээр янз бүрийн байр суурийг илэрхийлж байна. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийг дэмжиж байгаа. Энэ бол зөв. АМНАТ-ийн хувь хэмжээ хэтэрхий өндөр байгаа. Засгаас үүнийг 5-10 хувь гэж оруулж ирсэн. Одоо бол 5-21 хувь гэж байгаа. Гэтэл 21 хувь төлдөг нь ганцхан Эрдэнэт үйлдвэр л байна. Оюу толгой болохоор Тогтворжуулалтын гэрээгээрээ таван хувийг төлдөг. Өөр зэсийн төсөл, үйлдвэр манайд алга. Гэтэл дахиад олон зэсийн үйлдвэртэй болмоор байна. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 13 мянган ам.доллар гараад явчихсан. Манайд одоо бэлэн Хармагтай, Цагаан суваргаас эхлээд 21 зэсийн төслийн ТЭЗҮ, бүх зүйл нь батлагдаад бэлэн болчихсон байгаа. АМНАТ ийм өндөр байхаар гадна, дотны хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна. Бусад татваруудыг нэмээд үзэхээр алдагдалтай бол төслийг эхлүүлэхгүй шүү дээ. Гишүүдийн хэлээд байгаа татварын бааз суурийг нэмэгдүүлнэ гэдэг чинь яг үүн дээр яригдана. Дээрх зэсийн төслүүд хэрэгжээд эхэлбэл жилдээ дөрвөн их наяд төгрөгийн АМНАТ-ийг авах боломжтой. Нэмээд 60 мянган ажлын байр бий болно. Дэлхийн зах зээл дээр АМНАТ-ийн хэмжээ 2.5-12 байгаа юм. Манайх тэгэхээр харьцангуй өндөр байна шүү дээ.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Т.ХӨВСГӨЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.