МАН-ынхан өөрсдөө тансаглах мөнгөө татвар, торгуулиар босгож байна
Улсын Их хурлын болон орон нутгийн ээлжит сонгууль болох дөхөхөөр л татварыг бууруулна гэсэн уриа лоозонгуудаар улс төрийн намууд уралддаг. Үүнийгээ гоё ганган үгсээр чимэглэж, иргэд сонгогчдын чихэн дээр цэцэг ургуулж эхэлдэг.
Мэдээж хэн илүү багасгана гэж хэлсэн, хэн нь уран яруугаар түүнийгээ илэрхийлсэн нь сонгогддог. Гэхдээ энэ уралдаанд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан үзүүлэлттэй. Тийм ч болохоор сүүлийн арван жил тэд засаглаж байгаа. Нэмээд тэдэнд засаглах хоёр жил үлдсэн байна. Харамсалтай нь, ингэж засаглахдаа хэлсэн ярьсандаа ер байсангүй. Улам л татварыг өсгөж, нэмээд торгууль гэдэг зүйлийг янз бүрээр бодож нэмсээр байна. Гэхдээ торгууль бол орон нутгийн төсөвт л хамаардаг аж. Нэг ёсондоо нийслэл, аймгийн төсвийн тодорхой хувийг торгуулийн мөнгө бүрдүүлдэг гэсэн үг. Энэ оны нийслэлийн төсвийг ноднин намар батлахдаа 4.6 их наяд төгрөгийн орлого бүрдүүлэхээр тусгасан. Үүний 3.8 их наяд төгрөг нь татвараас, үлдсэн нь татварын бус орлогоос бүрдүүлэхээр баталсан. Татварын бус орлого гэдэгт хүү болон торгуулийн хураамж ордог юм байна. Тэгэхээр энэ үлдэж байгаа 802 тэрбум төгрөгийн 300 гаруй тэрбумыг нь торгуулиас бүрдүүлэхээр болсныг нийслэлийн төсвийн задаргаанаас харж болно. Торгуулийн орлого зөвхөн нийслэл биш аймаг, сум бүр дээр бүрдэж, тухайн орон нутгийнхаа төсвийн тодорхой хувийг бүрдүүлдэг учиртай. Харин сүүлийн жилүүдэд энэ хэмжээ бага багаар нэмэгдсээр байна. Нийслэл дээр жишээ авахад 2023 онд хүү, торгуулийн орлого 94.3 тэрбум байсан бол 2025 онд 393.5 болж өссөн байгаа юм. Үндсэндээ 20212025 онд энэ хэмжээ 5-22 хувь болж нэмэгджээ.
Шинжээчид, мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар бол хэдийгээр торгуулийн орлого тэдэн хувиас хэтэрвэл хэт их гэж үзнэ гэсэн тогтсон ойлголт байдаггүй ч хотын орлогын 10 хувиас дээш бүрдүүлж байвал тухайн хот торгуулийн механизмыг зөв ашиглаж буй эсэхийг зайлшгүй нягтлах ёстой гэдэг юм байна. Дээрээс нь тухайн хот, аймаг нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг л хамгаалах зорилгоор торгуулийг ашиглах ёстой болохоос эдийн засгийн өсөлтийг дэмжих, төсвийн цоорхойгоо нөхөх зорилгоор ашиглаж болдоггүй аж. Гэтэл манай нийслэлд хувь хэмжээ нь 22 болсон ч 2023 онд 40.3, 2024 онд 18.1 хувиар давж биелж байжээ. Тийм учраас үүнийг эргэн харах зайлшгүй нөхцөл үүссэн байна. Хотын хувьд нийт торгуулийг бараг л автомашины торгууль эзэлж байгаа. Зогсоол хангалтгүй, зам нь стандарт хангаагүй мөртлөө иргэдээ торгохын тулд асар их хөрөнгөөр өнгөрсөн жилүүдэд нийслэл камераа сайжруулсан. Тийм болохоор нэгдүгээр эгнээнд түр зогссон ч торгууль ирдэг болсон. Нэмээд цахим системд дүрэм зөрчсөн машины зургийг иргэд илгээж, тэр хэрээрээ урамшуулал авдаг болсон нь ард түмний дунд талцал бий болгоод байгаа юм.
Зөрчлийн тухай хууль гэж бас л ард иргэдээ торгохоо урьтал болгосон нэг хууль бий. Зарим хүн зөрчил гаргахгүй байхад л болно шүү дээ гэж хэлэхийг нэг бус удаа сонсож байлаа. Гэвч амьдрал дандаа шулуун шугамаар явдаггүй, олон өнгөтэй учраас хүн бүр тийм байх боломжгүй. Тийм болохоор хууль иргэдээ шууд торгох биш урьдчилан сэргийлэх, сануулах талаасаа байх нь зүйтэй гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг билээ.
МАНынхан бүтэн засагласан энэ жилүүдэд татварыг огт бууруулсангүй. Харин ч улам нэмсэн. Ингэж сонгуулийн мөрийн хөтөлбөр, амлалтынхаа эсрэг ажилласан нь ард түмнээ хулхидаж ялалт байгуулсан гэж хэлэх үндэслэл гэдгийг нэр бүхий гишүүд хүртэл хэлээд байгаа. Автомашины татвар, НӨАТ-ын хувь хэмжээ, нийгмийн даатгалын шимтгэл гээд хэтэрхий өндөр байгааг өнөөдөр хүн бүр хэлж байна. Зогсоолд машинаа тавиагүй гээд торгоод байхаар нь бүсээ чангалж байгаад дулаан зогсоолтой болоодохсон чинь түүн дээр нь үл хөдлөх хөрөнгийг маш өндөр татвар үүсчихсэн байна гэдэг гомдлыг иргэд хэлж байгаа.
Өмнө нь дулаан зогсоол байрных нь эрхийн бичиг дээр хамт байдаг байсан бол хууль гаргаад хоёр салгачихсан. Тэгээд л үл хөдлөхийн татвар илүү аваад байгаа хэрэг.
Энэ мэтчилэн “Хуулийн хулгай”-г эрх баригчид өдөр бүр шахуу л хийж байна. НӨАТ-ын тухай хуульд орлогоос нь хамаарч шаталсан буцаан олголт өгөх өөрчлөлтийг ноднин жилийн сүүлээр оруулсан. Гэвч он гарангуут хэрэгжиж эхлэх байсан энэ өөрчлөлтийг эрх баригчид энэ оны аравдугаар сарын 1 болгож хойшлуулсан. Гэтэл сая хаврын чуулганаар Төсвийн төсөөллийн тухай хууль оруулж хэлэлцүүлэхдээ энэ заалтыг дагалдуулан оруулж ирээд хүчингүй болгочихсон.
Уг нь НӨАТд том өөрчлөлт хийлээ гэж МАНынхан сурталчилж байсан ч маш чимээгүйгээр хэрэгжиж эхлэхээс нь өмнө хүчингүй болгосон нь энэ. Татвар бууруулах асуудлыг өнөөдөр гишүүд их багагүй хөндөж байгаа. Ж.Баярмаа нарын гишүүд ХХОАТыг нэг хувь болгон бууруулах хуулийн төсөл оруулж ирсэн ч унагасан. Б.Түвшин нарын гишүүд Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулахаар өргөн барьсан ч хоёр жил өнгөрлөө. Мөн ямар ч ашиггүй гэгдэж байгаа ажил олгогчийн төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийг болиулах тухай аж ахуйн нэгжүүд хөндөж байгаа ч төр тоож сонсохгүй өдий хүрлээ. Ямар нэгэн байдлаар татварыг бууруулах асуудал хөндөгдөхөөр эрх баригчид төсвийн орлого тасарна, цалингаа тавьж чадахаа болино гэсэн үгээр олон нийтийг төөрөгдүүлдэг. Ингэж байхынхаа оронд улсын төсвийн орлогоо нэмэгдүүлэх ажлын байрыг олноор бий болгох, төсөл хөтөлбөрүүдээ талцалгүйгээр хэрэгжүүлэх, олон улсын хөрөнгө оруулалтыг ихээр татах ажлыг хийх ёстой юм. Бууруулчихвал зүй нь бол МАНынхны тансаглах мөнгө л багасч, ард иргэдэд ирж буй дарамт багасч, татвар төлөгчдийн бааз суурь л нэмэгдэнэ. Үүний нэг тод жишээ бол Ардчилсан нам эрх барьж байх үедээ хэрэгжүүлсэн “Дөрвөн арвын” татварын бодлого. Харин өнөөдөр бол эрх баригч МАН-ынхан өөрсдийнхөө тансаглалд зориулж л татварыг нэмж, торгуулийг олон болгож, элдэв хуулийн хулгайг өндөр авахуулахгүй хийж байгаа. Нэг үгээр бол эрх баригч МАНын тансаглалд зориулж л ард түмэн өдөр бүр торгуульж, өндөр татварын дарамтаас толгой өндийх чөлөөгүй ажиллаж байна.
Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН
Т.Дарханхөвсгөл
































































Сэтгэгдэл