“Хүрээ цам-Даншиг наадам 2026” наадмын түрүү бөхийн бай 30 сая төгрөг
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-г зургаадугаар сарын 27-28-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна. Даншиг наадмыг НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж байна. Наадмын зохион байгуулалттай холбоотой асуудлаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
Нийслэлийн “Биеийн тамир, спортын газрын Ахлах мэргэжилтэн Г.Бямбасайхан “Даншиг наадамд хүчит 256 бөхийн барилдаан, сур харваа, шагайн харвааны тэмцээнүүд зохион байгуулагдана. Үндэсний бөхийн барилдааныг МҮБХ-той хамтран зохион байгуулах бөгөөд бөхчүүдийг зургаадугаар сарын 20-26-ны хооронд https://www.devjee.mn/-ээр бүртгэж байна. Өнөөдрийн байдлаар 160 бөх бүртгүүлсэн. Наадмын эхний өдөр буюу зургаадугаар сарын 27-нд 11:40 минутаас нээлтийн ажиллагаа болж, бөхийн барилдааны нэгийн даваа эхэлнэ. Наадмын хоёр дахь өдөр цам харайх ёслолын дараа үндэсний бөхийн барилдаан дөрвийн даваанаас үргэлжилнэ. Наадмаар замын ачаалал нэмэгддэг тул бөхчүүдийг хувийн зохион байгуулалтаа сайтар ханган цагтаа очихыг хүсье. Өмнө нь үндэсний бөхийн барилдаанд даншгийн цолыг бэлгэдэл болгон олгодог байсныг өнгөрсөн жилээс зогсоосон. Энэ жил МҮБХ-ны дүрмээр зохион байгуулагдаж, төрийн наадмын цолоор эрэмбэлнэ. Бөхчүүд гурвын даваанд ам авна. Түрүүлсэн бөхөд 30 сая төгрөг, үзүүр бөхөд 20 сая, их шөвөгт үлдсэн бөхчүүд 14 сая, дунд шөвөгт үлдсэн бөхчүүд дөрвөн сая төгрөгийн шагналтай. Сур харвааг Хүй долоон худагт Үндэсний сурын талбайд зохион байгуулна. Сур харваачдын бүртгэлийг харвааны нэгдсэн систем https://www.ikhtsets.mn/ -ээр хийж байна. Өнөөдрийн байдлаар 120 орчим харваач бүртгүүлсэн байна. Энэ жил өмнө жилүүдээс бай шагналыг нэмэгдүүлсэн. Уухай шагай харваанд 40 багийн 500 харваач оролцоно гэж тооцон бэлтгэл хангаж байна” гэв.
Даншиг наадмын хүрээнд зургаадугаар сарын 28-ны орой 20:00 цагт Сүхбаатарын талбайд хаалтын арга хэмжээг "Соёл-Эрдэнэ" хамтлагийн 55 жилийн ойтой хамтатган зохион байгуулна. "Соёл-Эрдэнэ" хамтлаг 1971 онд байгуулагдсан бөгөөд үеийн үеийн уран бүтээлчдийн хамтаар тоглолтоо хийж үзэгчдэдээ хүргэх гэж байна.
































































Сэтгэгдэл