Ши Жиньпин ХКН-ын 105 жилийн ойгоор намдаа итгэж байгаагаа илэрхийлжээ

Aдмин / Гадаад мэдээ

Дэлхий дахин хямрал, өөрчлөлт шинэчлэлтийн шинэ үе рүү шилжлээ. Эрх баригч Хятадын Коммунист нам (ХКН) түүхэн эрхэм зорилгодоо үнэнч байж, цаг үеийн сорилтуудад бэлэн байх ёстой гэж БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин Бээжин хотноо болсон ХКН байгуулагдсаны 105 жилийн ойн баярын хуралд үг хэлэхдээ мэдэгджээ.

ХКН-ын дарга бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин намынхаа 105 жилийн түүхийг "Хятад үндэстний хамгийн алдар суут туульс" хэмээн тодорхойлсон байна. Тэрбээр намын гишүүдэд хандан түүхэн ололт амжилтаас олж авсан итгэл үнэмшилдээ тулгуурлан, зарчимдаа үнэнч байж, шинэ эрин үе дэх намынхаа эрхэм зорилгыг биелүүлэхийн төлөө ажиллахыг уриаллаа. Ши Жиньпин хэлсэн үгэндээ, ХКН 1921 онд Хятад улс гадаад гүрнүүдийн доромжлол, ядуурал, сул дорой байдлыг даван туулж байх үед байгуулагдсаныг дурдаад, 50 орчим гишүүнтэй жижиг бүлгээс замналаа эхлүүлж байсан тус нам өнөөдөр дэлхий дахинд асар их нөлөө бүхий хамгийн том эрх баригч нам болж өөрчлөгдсөн хэмээн мэдэгджээ.

Тэрбээр мөн ХКН-ын амжилт нь хүн төрөлхтний соёл иргэншлийн шинэ хэлбэрийг бий болгож, хөгжиж буй орнуудын хувьд орчин үеийн шинэ замыг нээж өгсөн гэж онцолсон байна.

Ши Жиньпин дэлхий дахинд сүүлийн зуун жилийн хугацаанд үзэгдээгүй өөрчлөлтүүд хурдацтай явагдаж, олон улсын байдал хямрал, өөрчлөлт шинэчлэлтийн шинэ үе рүү шилжсэнээр хүн төрөлхтөн дахин сонголтын уулзвар дээр ирээд байгааг тэмдэглэжээ. "Хятад улсын хөгжил нь стратегийн боломжууд эрсдэл, сорилтууд сүлжилдсэн тодорхойгүй бөгөөд урьдчилан тааварлах боломжгүй хүчин зүйлүүд давамгайлсан шинэ үе рүү шилжлээ. Бид хүчтэй салхи, догшин давлагаа, ширүүн шуургыг ч сөрөн зогсоход үргэлж бэлэн байх ёстой" гэж тэрбээр мэдэгджээ. Түүнчлэн Хятад улс хүн төрөлхтний нэгдмэл хувь заяаны хамтын нөхөрлөлийг цогцлооход үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулах ёстой хэмээн онцолсон байна.

Авлигатай хийж буй тэмцлийн тухайд

ХКН-ын удирдагч хэлэхдээ, нам дотоод засаглалаа бүх талын чанга хатуу хяналт дор хэрэгжүүлж, авлигын эсрэг хүнд хэцүү бөгөөд урт хугацааны тэмцэлд ялахын тулд бүхий л хүчин чармайлтаа дайчлах ёстой гэлээ. "Намын гишүүдийн хувьд бид анхны зорилго, үндсэн үүргээ хэзээ ч умартаж болохгүй. Үргэлж даруу, хянуур байж, тэмцлээ үргэлжлүүлэх зориг зүрх, ур чадвартай байх ёстой" гэж Ши Жиньпин хэлэв.

Тэрбээр мөн Хятадын Ардын Чөлөөлөх Армид (ХАЧА) хандан, 2027 онд тохиох арми байгуулагдсаны 100 жилийн ойн зорилгод нийцүүлэн цэргийн шинэчлэлээ үргэлжлүүлж, 2050 он гэхэд дэлхийн түвшний зэвсэгт хүчин болгох үйл явцыг хурдасгахыг уриалжээ. "Армийн улс төрийн бүтээн байгуулалт"-ыг бэхжүүлж, зэвсэгт хүчнийг хуулийн дагуу удирдах шаардлагатайг онцолсноороо Ши Жиньпин арми дахь авлигыг мөрдөн шалгах ажиллагаа цаашид ч үргэлжилнэ гэсэн дохиог өглөө гэж шинжээчид үзэж байна.

Тайванийн тухайд хэлэхдээ Ши Жиньпин, Тайванийг Хятад улсад эргүүлэн нэгтгэх нь Хятадын нийт ард түмний эрмэлзэл бөгөөд ХКН-ын түүхэн хувиршгүй чиг шугам юм гэв. Тэрбээр Тайванийн хоолойн хоёр эргийн хоорондын харилцаа, хамтын ажиллагаа болон интеграцчилсан хөгжлийг дэмжих шаардлагатай гэж онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн Хятад улс Тайванийг тусгаар тогтнохыг дэмжигч салан тусгаарлах хүчнүүдтэй тууштай тэмцэж, хөндлөнгийн гадаад хүчний оролцоог сөрөн зогсож, үндэсний дахин нэгдэх үйл хэргийг тууштай хамгаална гэдгийг дахин мэдэгдсэн байна.

Хятадын Коммунист намын тухай

1921 оны долоодугаар сарын 1-нд байгуулагдсан Хятадын Коммунист намын 105 жилийн ой энэ жил тохиож байна. Нэг намын тогтолцоотой, Үндсэн хуулиндаа эрх мэдэл хуваарилах зарчмыг тусгаагүй Хятад улсад Коммунист нам нь төв болон орон нутгийн засаг захиргаа, хууль тогтоох, шүүх, зөвлөх байгууллагууд, төрийн байгууллагууд, төрийн өмчит үйлдвэрийн газрууд болон армийг бүхэлд нь удирдан чиглүүлдэг.

Төр болон намын удирдлага хоорондоо гүнзгий сүлжилдсэн тус улсад ХКН-ын удирдах байгууллагуудын бүтэц нь төр, засгийн институтууд бүрэлдэхэд шууд нөлөөлдөг.

ХКН-ын төв удирдах байгууллагуудыг таван жил тутамд зохион байгуулдаг их хурлаар бүрдүүлдэг. Мөн муж, бүс нутаг, хот, дүүргийн түвшинд их хурлуудыг тогтмол хийж, засаг захиргааны хороодыг байгуулан байгууллагын бүтцийг тосгон, хорооллын түвшин хүртэл шатлан байгуулдаг. ХКН-ын Төв хорооны Зохион байгуулалтын хэлтсийн тайланд дурдсанаар, 2025 оны эцэс гэхэд тус намын гишүүдийн тоо 101.29 саяд хүрчээ. 1.4 тэрбум гаруй хүн амтай тус улсын иргэдийн 7.2 орчим хувийг эзлэх энэхүү өргөн хүрээний гишүүнчлэл нь ХКН-ын засаглалын пирамидын гол суурь болдог байна. ХКН-ын удирдах бүтцийг шинэчлэх намын ээлжит 21-р их хурал 2027 онд болно. Уг хурлаар Ши Жиньпин намын Ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгогдоно гэж ажиглагчид таамаглаж байна.

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.