Францын Ерөнхийлөгч 17 жилийн дараа анх удаа Сирид айлчилна

Aдмин / Гадаад мэдээ

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон 17 жилийн дараа Сирид айлчилж буй Францын анхны Ерөнхийлөгч, мөн 2024 оны 12 дугаар сард Башар Асадын дэглэм унаснаас хойш Сирид айлчилсан Баруун Европын анхны удирдагч болох гэж байна. Айлчлалын хугацааг одоогоор эцэслэн товлоогүй байна. Сирийн төрийн мэдээллийн "SANA" агентлаг тус улсын ерөнхийлөгчийн дэргэдэх хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын мэдээллийг эш татан ням гарагт уламжилснаар, Э.Макрон, 2025 оны нэгдүгээр сарын 29-нөөс хойш Сирийн шилжилтийн үеийн ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж буй Ахмед Аш-Шараа нар хэлэлцээ хийх үеэрээ хоёр талын харилцааг бэхжүүлэх, мөн харилцан сонирхсон бүс нутгийн болон олон улсын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх төлөвтэй байна.

Э.Макроныг дагалдан Францын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид Сирид очих ажээ. Одоогоор Сирид айлчилсан Францын хамгийн сүүлийн Ерөнхийлөгч бол 2007-2012 онд тус улсыг удирдаж байсан Николя Саркози юм. Тэрбээр Асадын засаг захиргаа олныг хамарсан эсэргүүцлийн жагсаалыг хүчээр дарсны улмаас Сирид иргэний дайн дэгдэхээс жил хагасын өмнө буюу 2009 оны есдүгээр сард Дамаскт айлчилж байжээ.

Асадын дэглэм унасны дараа Сирид айлчилсан анхны төрийн тэргүүн бол 2025 оны нэгдүгээр сарын сүүлчээр Дамаскт хүрэлцэн ирсэн Катарын Эмир Тамим бин Хамад Аль Тани юм. 2026 оны нэгдүгээр сарын эхээр Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен Дамаскт Аш-Шараатай уулзаж байв. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Ойрх Дорнодын тус улсад айлчилсан байна.

Э.Макрон, Аш-Шараа нар өмнө нь хоёр удаа уулзжээ. 2025 оны тавдугаар сард Сирийн түр ерөнхийлөгч Францын төрийн тэргүүний урилгаар Парист хүрэлцэн ирж байсан бөгөөд тухайн үед Елисейн ордонд болсон хэлэлцээгээр хоёр талын харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргжүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. Харин есдүгээр сард хоёр улсын удирдагчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы үеэр Нью-Йорк хотноо уулзжээ.

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.