Хот төлөвлөгч Л.Ану-Үжин: Монголд ер нь сэхээтэн, хөрөнгөтөн, Old Money гэх ойлголт бараг байхгүй

Aдмин / Эдийн засаг

Хот төлөвлөгч Л.Ану-Үжин: Монголд ер нь сэхээтэн, хөрөнгөтөн, Old Money гэх ойлголт бараг байхгүй

Хамаг язгуур гарвал сайтай, боловсролтой сэхээтэн, сурвалжтануудаа буудуулахыг нь буудуулж, матуулахыг нь матуулж дууссан. 1937–1939 оны их хэлмэгдүүлэлтээр Монголын оюуны болон эдийн засгийн элит давхарга үндсэндээ тасарсан. Одоогийн Монголчууд гэж ердөө 36-хан жилийн өмнө бүгд л нэг гараанаас эхэлж, төрд ажиллаж, социализмд зүтгээгүй бол мөнгөгүй, хөрөнгөгүй, бараг тэгээс эхэлсэн 2 сая хүн. Өнөөдөр Монголын баячууд гэгчдийн ихэнх нь ганзагын наймаагаар мөнгөжсөн, эсвэл өмч хувьчлалаар хөрөнгөжсөн, эсвэл улс төрийн давуу байдлаар баяжсан хүмүүс байдаг. Би хувьдаа Монголд Оюу Толгойгоос хойш л илүү цэвэр өрсөлдөөнтэй бизнесийн орчин аажмаар бүрэлдэж эхэлсэн гэж боддог. Би эдийн засагч биш. Гэхдээ тэр үеэс Монголд гадаадын шууд хөрөнгө оруулалт (FDI), олон улсын компаниуд олноор орж ирж, бизнесийг илүү дүрэм, стандарт, засаглалтайгаар хийх суурь тавигдсан гэж хардаг. Байгаа нь ердөө 30 гаруй жилийн түүхтэй болохоор манай нийгэмд “юм үзээгүй” хандлага олон зүйл дээр илэрдэг. Үүнийг эдийн засаг, социологид шинэ хөрөнгөтний сэтгэлгээ (nouveau riche mentality), нийгмийн капитал сул байдалтай холбон тайлбарлаж болно. Олуулаа нэг дор амьдарч үзээгүй, хот үзээгүй, хүн үзээгүй, мөнгө үзээгүй, хөрөнгө үзээгүй, эрх мэдэл үзээгүй, эд баялаг үзээгүй, ажил хийж үзээгүй, байгууллага удирдаж үзээгүй, хамт олонтой байж үзээгүй, хамтран бизнес хийж үзээгүй, хүнд итгэж, хүний итгэл дааж үзээгүй, нэр хүндээ хамгаалж үзээгүй, нийгэмшиж үзээгүй Хаа сайгүй харагдана. Мөнгөний төлөө хууль зөрчинө. Жаахан мөнгөжихөөрөө хүн дээрэлхэнэ, баярхана, таахалзана. Эд хөрөнгөтэйгөө сүнсээрээ холбогдчихно. Аль болох баян “харагдах”-ыг хичээж гадагшаа мөнгө урсгана. Хотын соёлд суралцаагүй. Машин барих нь зэрлэг. Оочер дайрах нь бараг хэвийн үзэгдэл. Хууль зөрчих, хулгай хийхийг овсгоо гэж харна. Боломж гарвал алдахгүй ашиглана. Тэрийгээ сэргэлэн зан гэнэ. Эрх мэдэлд үхэн хатан тэмүүлнэ. Амбицтай амжилтанд хүрэх хүн гэнэ. Хүрвэл туйлна. “Би л болж байвал бусад нь яах вэ” гэсэн хандлагатай. Богино хугацааны ашгаа урт хугацааны нэр хүндээс илүүд үздэг. Яг маргааш байхгүй юм шиг, дахиад уулзахгүй юм шиг аашлана. Харин олон зуун жил, олон саяулаа суурьшин, нийгэмшиж амьдарсан ард түмэн нэрээ боддог, эргээд уулзах нүүрээ боддог, ашиг биш урт хугацааны итгэлцлээ боддог, бусдыгаа боддог. Бусад нь хохирвол өөрт нь ч хохиролтой гэдгийг ойлгодог. Нийгэм гэдэг нэхсэн тор шиг, нэгнийхээ уналт, босолтоос бүгд хамааралтай байдаг гэдгийг мэддэг. Эдийн засагт үүнийг давтагдах тоглоом (Repeated Game), итгэлцлийн эдийн засаг (Trust Economy) гэнэ. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө. Манайхтай ижил гараанаас эхэлсэн Хятад ч анх үүнийг мэддэггүй байсан. Гэхдээ маш хурдан сурсан. Нэг удаагийн хулхи, чанаргүй бүтээгдэхүүн зарахаас илүү хэрэглэгчийн итгэлийг хадгалах нь ашигтай гэдгийг ойлгосон. Нэг алдсан хэрэглэгч хэдэн арван хэрэглэгчээ дагуулаад явдаг гэдгийг ойлгож үйлдвэрүүдээ чанаржуулж, олон улсын стандартад хүргэсэн. Энэ бол репутацийн эдийн засаг (Reputation Economy). Манайх бол бахь байдгаараа… Нэг хүнээс хэдэн төгрөг хулхидахад тэр хүний цаана байгаа 20 хүн хаагддаг. Монгол шиг 3.5 сая хүн амтай жижиг зах зээлд хэрэглэгчийн ам дамжсан мэдээлэл хамгийн хүчтэй сурталчилгаа, бас хамгийн хүчтэй шийтгэл. Гэтэл хэрэглэгчийн итгэл, брэнд, чанар бүтээнэ гэсэн ойлголт байхгүй. Бизнесийн баячуудын ихэнхи нь хуучин арга барилаасаа салж чаддаггүй. Угаасаа бизнесийн систем бүтээж биш хар аргаар, хүчээр баяжсан нь олон. Гэхдээ хамгийн харамсалтай нь бидний ирээдүй. Манай баячууд, бизнесмэнүүдийн дийлэнх нь зах зээлээ хөгжүүлэхийг биш, байгаа зах зээлдээ дасан зохицохыг л боддог. Нийгмийн хариуцлага, хэрэглэгчээ хөгжүүлэх, худалдан авах чадварыг нь өсгөх нь өөрсдөд нь ашигтай гэдгийг ойлгодоггүй. Уг нь иргэдийн орлого өсөх тусам бизнесийн орлого ч өсдөг. Тиймээс хөгжсөн орны бизнесүүд нийгэмдээ хөрөнгө оруулалт хийдэг. Үүнийг эдийн засагт үржүүлэгч эффект (Multiplier Effect) гэдэг.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.