Д.Батбаяр: Өнөөдөр ажил хийх тусам илүү ядуурдаг, татварын дарамт нь улам нэмэгддэг тогтолцоо бий болчихсон байна

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн Д.Батбаяртай ярилцлаа.


-Хаврын чуулган өндөрлөлөө. Энэ хугацаанд иргэд, аж ахуйн нэгжүүдэд бодит үр өгөөжтэй, бизнесийг дэмжсэн, мөн орон нутаг, бүсийн хөгжлийг чиглэсэн ямар хууль, эрх зүйн өөрчлөлтүүд батлагдав. Таны хувьд энэ хаврын чуулганд ямар оролцоотой ажиллаж, юунд түлхүү анхаарсан бэ?

-Парламентаас, Улсын Их Хурлаас баталж байгаа хууль бүр мэдээж чухал. Гэхдээ иргэдийн хувьд шууд орлогыг нь нэмэгдүүлэх, татварын дарамтыг бууруулах, нийгмийн үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг бодит өөрчлөлт авчрах хэмжээний хуулиуд хангалттай гарсангүй. Эрх баригчид, Засгийн газраас олон хуулийн төсөл өргөн барьж байгаа ч тэдгээрийн дийлэнх нь төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төвлөрүүлэх зорилготой, эсвэл ерөнхийдөө жижиг, косметик шинжтэй өөрчлөлтүүд байна.

Нөгөө талаас эрх баригч намын гишүүдийн өргөн барьж буй хуулийн төслүүд ч ихэвчлэн халамжийн бодлогыг түлхүү анхаарсан, нийгэм рүү чиглэсэн шинжтэй байна. Сүүлийн үед нүд хуурсан маягийн ийм төслүүд давамгайлах боллоо. Тиймээс иргэд, эдийн засагт шууд, томоохон үр нөлөө үзүүлэх хэмжээний хууль батлагдсан гэж хэлэхэд хүндрэлтэй. Өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэл болон 2027 оны хөгжлийн төлөвлөгөөг харахад ч онцгой өөрчлөлт гарахааргүй байгаа нь ажиглагдаж байна. Ялангуяа 2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөгжлийн хөтөлбөрийг харахад нэлээд зөрчилтэй дүр зураг ажиглагддаг. Нэг талаар эдийн засаг сайжирч байна, их ажил хийж байна гэж ярьдаг мөртлөө хөгжлийн хөтөлбөрөө батлах болохоор мөнгө байхгүй, эх үүсвэр байхгүй гэдэг. Харин нөгөө талдаа өөрсдийн эрх ашигтай холбоотой асуудлуудаа төлөвлөгөөндөө хавчуулж оруулдаг. Миний харж байгаагаар энэ нь улстөржилт ихтэй, 2027 оны сонгуулийг угтсан өнгө аястай хөгжлийн хөтөлбөр болсон. Ийм нөхцөлд УИХ-аас иргэд, нийгэм, эдийн засагт бодитой том үр нөлөө үзүүлэх хэмжээний хууль батлагдана гэдэгт эргэлзээтэй байна.

-Таны хувьд хаврын чуулганаар ямар хуулийн төслүүдэд анхаарч ажилласан бэ?

-Миний хувьд олон удаа ярьж байсан хуулийн төслөө энэ хугацаанд албан ёсоор өргөн барьж чадсан. Үнэндээ өнгөрсөн намрын чуулган эхэлж байх үеэс л өргөн барьсан байсан ч хаврын чуулганы дундуур л миний төслийг хүлээн авсан. Энэ нь хүмүүсийн ярьдаг шиг зөвхөн “Хэсгийн ахлагчийг байхгүй болгох тухай” хууль биш. Тэр бол нийгэмд танигдсан нэршил нь юм. Үндсэндээ Нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд өөрчлөлт оруулж, төрийн үйлчилгээг иргэний хуулиар гэрээ байгуулсан хүмүүсээр дамжуулан үзүүлдэг өнөөгийн тогтолцоог өөрчлөх санал юм. Миний байр суурь бол төрийн үйлчилгээ нэг бол цахимаар, эсвэл төрийн албан хаагчаар дамжин хүрдэг байх ёстой. Ингэснээр одоо байгаа эрх зүйн гажуудлыг арилгаж, төрийн үйлчилгээг илүү чанартай, илүү цахим хэлбэрт шилжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ хуулийн төслийг УИХ-ын дарга хүлээн авсан. Харин одоогоор хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй, ээлжээ хүлээгээд явж байна. Мөн энэ хугацаанд хоёр том ажлын хэсэгт ажиллалаа. Нэгдүгээрт, татварын багц хуулийн ажлын хэсэгт, хоёрдугаарт, Ашигт малтмалын тухай хуулийн ажлын хэсэгт ажиллалаа. Үүнээс гадна Малчны тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой ерөнхий сонсголын ажилд мөн оролцож ажилласан.

Малчны тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой ерөнхий сонсголыг зохион байгуулсан ажлын хэсэгт мөн ажилласан. Энэ хууль анх үндсэндээ таван гол асуудлыг шийдвэрлэх зорилготой батлагдсан боловч өнөөдөр тэдгээрийн аль нь ч бүрэн хэрэгжээгүй байгаа дүр зураг харагдаж байна.

-Ер нь энэхүү хуулийн зорилго юу байв. Яагаад хэрэгжихгүй байна вэ?

-Мал аж ахуй эрхэлж байгаа малчид бүхий иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хөгжиж буй нийгэмтэй хөл нийлүүлэн амьжиргааг нь дээшлүүлэх зорилготой хууль боловч Засгийн газар болон орон нутгийн байгууллагууд хуулийнхаа бүрэн хэрэгжилтийг хангаж чадахгүй байна. Тиймээс яг хаана, юун дээрээ хэрэгжилт доголдож байгааг тодорхойлох зорилгоор ерөнхий сонсгол зохион байгуулсан. Сонсголд маш олон малчин оролцож, санал бодлоо илэрхийллээ. Голчлон малчдын эрүүл мэнд, хүүхдүүдийн боловсрол, нийгмийн хамгааллын асуудлууд хөндөгдсөн. Мөн малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн зохицуулалт хангалтгүй хэрэгжиж байгаа талаар ч санал гарсан. Ерөнхий дүгнэлтээр Малчны тухай хууль бодит амьдрал дээрээ бүрэн хэрэгжихгүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

-Хаврын чуулган гэлтгүй ер нь сонгогдсон цагаасаа эхлээд энэ УИХ-ын гишүүд дундаас Төвийн бүсээс сонгогдсон АН-ын гишүүд тойргоороо нэлээн сайн явж ажилладаг. Ингэж иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсож байхад сонгогчид, ард түмэн ямар санал, шүүмжлэл хэлж байна вэ?

-Бидний гурван гишүүн, Ц.Туваан, С.Эрдэнэболд гишүүний хамт орон нутагт ажиллаж эхэлснийхээ хоёр дахь жил рүү орж байна. Энэ хугацаанд тойргийнхоо бүх сум, тосгон, суурин газруудаар ажиллаж, сонгогчидтойгоо уулзан санал хүсэлтийг нь сонсож, хийсэн ажлаа тайлагнаж байна. Энэ хавар гэхэд л бид 10 тосгон, суурин газар, сумдад ажиллаж амжсан. Энэ уулзалтуудын үеэр иргэд үндсэндээ гурван асуудлыг хамгийн их хөндөж байна. Нэгдүгээрт, ахмад настнуудын хэлж байгаа хамгийн гол асуудал нь тэтгэврийн бодлого үндсэндээ алдагдсан байна гэдэг. Өнөөдрийн тэтгэвэр амьжиргааны наад захын хэрэгцээгээ ч хангаж хүрэлцэхгүй гэж хэлж байна. Авч байгаа мөнгөөрөө өдөр тутмын хамгийн энгийн хэрэглээгээ ч бүрэн хангаж чадахгүй байна. Цаашлаад дундаж амьдралтай монгол хүний адил эх орноороо аялж, амарч чадахгүй байгаагаа хүртэл ярьж байна. “Хүнтэй адил машинд сууж үзмээр байна, хүнтэй адил хоол идэж аялмаар байна” гэж хошигнон хэлж байгаа нь үнэндээ өнөөдрийн цалин, тэтгэвэр дундаж иргэдийн хэрэглээг хангаж чадахгүй байгааг илэрхийлж буй хэрэг. Хоёрдугаарт, ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн цалинтай холбоотой асуудлыг их ярьж байна. Цалин нь мөн л хаанаа ч хүрэхгүй байна. Өнөөдөр ажил хийх тусам илүү ядуурдаг, татварын дарамт нь улам нэмэгддэг тогтолцоо бий болчихсон байна гэж хүмүүс шүүмжилдэг. Энэ асуудал дээр эрх баригчид дорвитой ажил хийхгүй байгааг иргэд хэлж байна. Гуравдугаарт, аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал маш хүндрэлтэй. Өнөөдөр ихэнх аж ахуйн нэгж зөвхөн үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд арилжааны банкнаас зээл авч байна.

-Уг нь зээл гэдэг шинэ хөрөнгө оруулалт хийх, үйлдвэрлэлээ өргөжүүлэх, шинэ төсөл эхлүүлэх зориулалттай байх ёстой байх, тийм үү?

-Өнөөдөр байгууллагууд зөвхөн өдөр тутмын үйл ажиллагааны зардлаа нөхөх, ажилчдынхаа цалинг тавихын тулд зээл авч байна гэсэн асуудлыг хамгийн их ярьж байна. Салбар бүрд бага хүүтэй зээл, дэмжлэгийн талаар их ярьдаг. Гэвч бодит байдал дээр эдгээр зээл хэрэгжихгүй байна. Аялал жуулчлал, хөдөө аж ахуйн чиглэлийн зээлүүдийн тодорхой хэсгийг төрөөс хариуцдаг ч яг тухайн салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүддээ хүрч чаддаггүй. Иймээс салбарынхан, мэргэжилтнүүд энэ асуудал дээр маш их гомдолтой байгаагаа илэрхийлж байна. Мөн төрийн албан хаагчидтай уулзахад ч хүндрэлтэй асуудлууд ярьж байна. Өнөөдөр төрийн албан хаагчид албан тасалгаагаа цэвэрлэх саван, алчуур, цэвэрлэгээний хэрэгслээ хүртэл гэрээсээ авчирдаг болсон байна. Цай, хоолны наад захын хэрэглээгээ ч өөрсдөө зохицуулж байна. Өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой зардлууд бараг бүрэн зогссон, төсвийг нь түгжчихсэн байдалтай гэж хэлж байна. Өөрөөр хэлбэл, эрх баригчдын алдаатай бодлогын улмаас төсвөөс санхүүжих ёстой байсан эдгээр урсгал зардлууд орон нутаг, байгууллагуудад бүрэн олгогдохгүй байгаа нь бодит хүндрэл үүсгээд байгаа юм.

-Боловсрол, эрүүл мэндийн асуудлыг иргэд, олон нийт хамгийн их ярьж, шүүмжилдэг шүү дээ...?

-Дөрөв дэх асуудал нь боловсрол, эрүүл мэндийн салбарынхны нөхцөл байдал байна. 2025 онд 2026 оны улсын төсвийг хэлэлцэх үеэр энэ хоёр салбарын ажилтан, албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлыг ярьж, шийдвэр гаргаж, хууль хүртэл баталсан. Гэтэл өнөөдөр 2026 он дундаа орж байхад дөнгөж хэрэгжүүлэх шатандаа орж байна. Өөрөөр хэлбэл, хагас жилийн хугацаанд Засгийн газар энэ асуудлыг шийдэж чадаагүй гэдгийг иргэд бүгд хэлж байна. Тиймээс бидний иргэдтэй хийж байгаа уулзалтууд маш үр дүнтэй болж, бодит нөхцөл байдлыг гаргаж ирж байна. Энэ бүхнийг бид цааш нь шийдвэр гаргаж байгаа эрх баригчдад, олон жилийн түүхтэй гэж ярьдаг эрх баригч намд шаардлага болгон хүргүүлэхээс өөр аргагүй болсон.

-Та түрүүн намрын чуулган эхлэх үедээ хуулийн төслөө өргөн барьсан ч хаврын чуулганы дунд үед л хүлээж авсан тухай ярьсан. Ер нь сөрөг хүчнээс өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг зориуд удаашруулах, эсвэл өөрсдийн нэр дээр нэгтгэх хандлага байна гэж үзэж байна уу?

-Миний хувьд ийм асуудал бодитоор байна гэж харж байгаа. Яг сөрөг хүчний өргөн барьсан хуулийн төслүүдийг УИХ дээр удаашруулж, дардаг байдал ажиглагдаж байгаа. Манай Ардчилсан намаас хэд хэдэн чухал хуулийн төсөл өргөн барьсан. Тухайлбал, эдийн засгийг идэвхжүүлэх, бизнесийн байгууллагуудыг дэмжих зорилготой Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг өргөн барьсан. Гэтэл уг хуулийг хэлэлцүүлэх явцыг удаашруулахын зэрэгцээ “Бизнесийн эрх чөлөөний тухай хууль” гэсэн бараг ижил агуулгатай төслийг оруулж ирсэн. Үндсэн агуулга нь манай төслийг ерөнхийд нь хуулбарласан мөртлөө нэрийг нь өөрчлөөд, дараа нь хоёр төслийг нэгтгэн хэлэлцье гэсэн байдлаар хандаж байгаа. Энэ нь иргэд, нийгмийн эрх ашгийг бодсондоо биш, харин улс төрийн оноо авах гэсэн үйлдэл гэж харж байна. Өөр нэг жишээ нь Хувь хүний орлогын албан татварын тухай хууль. Манай Ж.Баярмаа гишүүнээр ахлуулсан 30 гаруй гишүүн хамтран хувь хүний орлогын албан татварыг нэг хувь болгох тухай хуулийн төсөл өргөн барьсан. Үүний дараа Засгийн газраас татварын багц хууль оруулж ирээд мөн л нэгтгэх байдлаар явсан. Би өөрөө тухайн ажлын хэсэгт нь ажилласан учраас дор хаяж сарын хоёр сая төгрөг хүртэлх орлоготой иргэдийн хувь хүний орлогын албан татварыг нэг хувь байхаар шийдвэр гаргуулж чадсан. Гэхдээ ерөнхий утгаараа парламент дотор улстөржилт маш их байна. Эрх баригчид эдийн засгаа, иргэдээ, нийгмээ бодохоосоо илүү намынхаа эрх ашиг, улс төрийн оноог илүү бодож байна. Үүнээс болоод олон асуудал гацаанд орсон. Үүнийг нийгэм ойлгох хэрэгтэй.

-Хэдийгээр энэ парламент өмнөхөөсөө олон намын төлөөлөлтэй, 126 гишүүнтэй, олон ургалч үзлийг илүү тусгасан бүтэцтэй болсон ч олон жил эрх барьсан намын хуучин арга барил хэвээрээ байна гэж хэлж байна уу?

-Өөрсдийнхөөрөө бүхнийг шийдэх, бүхнийг нэг хайрцагт оруулах, улс төрийн ашиг сонирхлоо түрүүнд тавьдаг тэр хандлага өнөөдөр ч өөрчлөгдөөгүй байна. Өнөөдөр парламентын бүрэн эрхийн хугацаа талдаа орчихлоо. 2026 оны зургадугаар сар болж байна. Өөрөөр хэлбэл, энэ парламентын хугацааны дунд үе ирчихсэн гэсэн үг. Эрх баригч Ардын нам УИХ-д олонхын суудал авч, ХҮН нам, Иргэний зориг-Ногоон нам, Үндэсний эвсэл зэрэг улс төрийн хүчнүүдтэй хамтарч Засгийн газар байгуулсан. Эдгээр намууд сонгуульд оролцохдоо бүгд мөрийн хөтөлбөрөө боловсруулж, ард иргэдэд амлалт өгсөн. Тиймээс өнөөдөр ард түмэн тэр мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг нэхэх цаг болсон гэж бодож байна. Юу амлаж байсан, өнөөдөр түүнийгээ хэрэгжүүлсэн үү, хэрэгжүүлээгүй юу гэдгийг заалт, зүйл бүрээр нь дүгнэх ёстой.

-Өнөөдөр эрх баригчдаас асуух цаг нь болсон байх. Нэгэнт парламентын бүрэн эрхийн хугацааны тал нь өнгөрчихлөө. Өдий хүртэл хийж чадаагүй зүйлээ үлдсэн хугацаанд бүрэн хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна уу?

-Тийм итгэл, боломж энэ эрх баригчдад үнэхээр алга. Тиймээс эрх баригчдад хариуцлагыг нь өдөр тутам сануулж, хийх ёстой байсан ч хийгээгүй ажлуудыг нь байнга шаардаж ажиллах шаардлагатай болсон гэж үзэж байна.

-Сүүлийн үед татварын өөрчлөлтүүд, бизнесийг дэмжих чиглэлийн зарим эерэг хуулиуд батлагдаж байгаа. Гэхдээ уг үндсийг нь харахаар эдгээр нь ихэнхдээ сөрөг хүчний гишүүдийн санаачилж өргөн барьсан хуулийн төслүүд байдаг. Иргэд, бизнесийн байгууллагуудад бодитоор наалдацтай саналуудыг харвал ихэвчлэн сөрөг хүчнээс гарсан байх юм...?

-Тийм байгаа. НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх босгыг 50 сая төгрөгөөс 400 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн асуудал байна. Үүнийг зарим хүмүүс маш том шинэчлэл мэт ярьж байгаа. Гэтэл инфляцитай нь харьцуулж үзвэл 2016 оны 50 сая төгрөг өнөөдрийн ханшаар бараг 400 сая төгрөгтэй дүйцэх хэмжээнд хүрчихсэн байна. Үндсэндээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль бол анхнаасаа төсөв бүрдүүлэх зорилготой хууль биш, харин аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн үйл ажиллагаа, борлуулалтыг бүртгэлжүүлэх үндсэн зориулалттай хууль байсан. Харин өнөөдөр эсрэгээрээ төсвийн орлого бүрдүүлэх хэрэгсэл болж, буцаан олголтоо бүрэн хийдэггүй, бизнес эрхлэгчдэд олон давхар татварын дарамт үүсгэдэг тогтолцоо руу шилжчихсэн байна. Тиймээс энэ татварыг бүхэлд нь шинэчилж, хувь хэмжээг нь тав хүртэл хувьд хүргэж бууруулах шаардлагатай гэсэн байр суурийг бид баримталж байгаа. Ардчилсан намын зүгээс зөвхөн НӨАТ бус, хувь хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгжүүдэд ногдуулж байгаа бусад татваруудыг ч шатлалгүйгээр таван хувь болгож, бүгдэд нь ижил, шударга тогтолцоог бий болгох санал дэвшүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, татвар ногдуулж байгаа бол нэгдүгээрт шударга байх ёстой, хоёрдугаарт бүх хүнд тэгш үйлчлэх ёстой гэсэн зарчмыг баримтлах ёстой. Харамсалтай нь эрх баригчид энэ саналуудыг хүлээж аваагүй. Тиймээс одоо батлагдсан хуулиуд яг бүрэн утгаараа иргэд, бизнесийн байгууллагуудад шууд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт миний хувьд эргэлзээтэй байгаа.

-Ирэх намрын чуулганаар 2027 оны улсын төсөв хэлэлцэнэ. Иргэдтэй уулзаж сонссон санал, шүүмжлэлүүдийг төсөвт хэрхэн тусгах вэ. Та ямар чиглэлд түлхүү анхаарч ажиллах вэ?

-Төсөв мэдээж хязгаартай. Гэхдээ өнөөдрийн төсөвт хэрэггүй зүйл их, хэрэгтэй зүйл бага байна гэж би хардаг. Улсын төсвөөр санхүүжиж байгаа ажлуудыг илүү нягталж, сахилга баттай төлөвлөж, зарцуулалтыг нь үр ашигтай болгоход илүү анхаарах шаардлагатай. Миний түрүүн хэлсэнчлэн төрийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй, хурдан шуурхай хүргэх асуудалд илүү анхаарах ёстой. Салбарын яамд энэ үүргээ өнөөдөр бүрэн хэмжээнд хэрэгжүүлж чадахгүй байгаа учраас сонгогдсон тойргийнхоо иргэдтэй хамгийн ойр ажилладаг УИХ-ын гишүүд бодит хэрэгцээг нь төсөвт тусгуулахын төлөө ажиллах шаардлагатай гэж үзэж байна. Би ирэх оны төсөв дээр үндсэндээ гурван чиглэлд анхаарч ажиллана. Нэгдүгээрт, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг сайжруулахад анхаарна. Хоёрдугаарт, боловсролын салбарын хөрөнгө оруулалт, сургалтын орчин, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг сайжруулах чиглэлээр ажиллана. Гуравдугаарт, бизнесийн орчныг сайжруулж, иргэдийн орлогыг бодитоор нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого, хөрөнгө оруулалтыг дэмжихэд анхаарна. Өөрөөр хэлбэл, эрүүл мэнд, боловсрол, бизнесийн орчин гэсэн үндсэн гурван чиглэлийг ирэх оны ажлынхаа тэргүүлэх зорилт болгон ажиллах болно.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Э.МӨНХТҮВШИН


Сэтгэгдэл

Зочин [188.162.248.232] 2026-07-20 12:46:24

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин, тэр байтугай алуурчин шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.