Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон Улсын Их Хурлаас бүрэлдэхүүн, удирдлагыг нь сонгож, томилдог байгууллагын даргад хандан давхардсан тоогоор Улсын Их Хурлын 16 гишүүн 71 асуудлаар 16 удаа асуулт, Улсын Их Хурлын 40 гишүүн 129 асуудлаар 27 удаа асуулга тавьжээ.
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүнээс гаргасан саналыг үндэслэн Байнгын хорооны хуралдаанаар асуултын хариуг 1 удаа, асуулгын хариуг 2 удаа хэлэлцжээ.
Тодруулбал, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны 2026 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Саранчулуунаас Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад хандсан Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг орон сууцжуулах талаарх асуултын хариуг сонсон хэлэлцсэн бол Эдийн засгийн байнгын хорооны 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад хандсан Улсын Их Хурлын 2025 оны 57 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх асуулгын хариуг сонсон хэлэлцсэн байна.
Түүнчлэн Эдийн засгийн байнгын хорооны 2026 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Ч.Анар, Ц.Мөнхбат, Л.Соронзонболд, Ж.Галбадрах нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандсан Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулгын хариуг хэлэлцжээ.
Улсын Их Хурлын гишүүний асуулга, асуултыг хандсан байгууллагаар нь авч үзвэл Монгол Улсын Ерөнхий сайдад 19 удаа, Боловсролын сайдад 6 удаа, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайдад 3 удаа, бусад байгууллагад 1-2 удаа хандаж асуулга, асуулт тавьсан байна.
Ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороодын хуралдаанаар Засгийн газрын гишүүд болон холбогдох бусад байгууллагын нийт 51 удаагийн тайлан, илтгэл, мэдээлэл хэлэлцсэн бөгөөд давхардсан тоогоор Улсын Их Хурлын 425 гишүүн 1104 асуулт асууж, үг хэлсэн байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



































.jpg)






























Сэтгэгдэл