Эрх зүйч Т.Бат-оргил: Төлөвшсөн ард түмэнтэй улс орон хөгждөг юм билээ
Эрх зүйч Т.Бат-Оргилтой өнөөгийн нийгэм, хөгжил сэдвийн хүрээнд ярилцлаа.
-Таны уран бүтээлийн үдэшлэг манай сонинд ярилцлага тань нийтлэгдэх өдөр болох нь.Та яагаад олон нийтэд тоглолтоо тоглодоггүй юм бэ?
-Тийм тоглолтуудыг байнга л хийдэг юм. Айхтар нүсэр хийдэггүй. Миний зорилго бол ер нь хүмүүст өөрийнхөө санааг түгээхийн тулд гэж ойлгож болно. Миний гаргасан энэ цомог монголчуудын сэхээтнүүдийг сэрээх зорилготой уран бүтээл. Тэрнийг олон нийтэд цацаад, маш олон билет зарж борлуулаад, өөрөө мөнгөжөөд явах зорилгогүй. Миний зорьж байгаа зүйл бол энэ хүн бусдад нөлөөлөөд сэхээтэн байх өгөгдөлтэй байж магадгүй гээд тэр хүмүүстээ хандаж “Та нар сэрээч ээ. Монголын ард түмэн эцсийнхээ хүчийг шавхаад өөрийнхөө сэхээтнийг бүтээж байна. Одоо л төрөхгүй бол энэ улс хэцүүдлээ” гэсэн аль эртнээсээ төрсөн бодол, түгшүүрээ сэхээтнүүдтэйгээ хуваалцаж байгаа гэх юм уу даа.
Зөвхөн Монголын асуудал биш, дэлхий даяараа энэ байдлыг өнөөдөр туулж байна.Дэлхий даяар сэхээтэн байхгүй болсон. Сэхээтэн гэж ер нь хэнийг хэлэх вэ гэдгийг тоглолтынхоо туршид мэдрүүлж, хамтдаа ярилцана. Тийм ч учраас ном бичиж байгаагийн шалтгаан нь тэр юм.
Хүмүүс сэхээтэн гэж хэн байдгийг мэдэхээ болиод, зүгээр л биеэ зовоодоггүй, газар шороо ухдаггүй, хүрз жоотуу барьдаггүй, нэг тийм хүн болгон өөрсдийгөө сэхээтэн болгочих гээд байна. Сэхээтэн гэдэг бол тэрнээс тэс хөндлөн ойлголт. Энэ бол дуудлага. Баатар гэдэгтэй адилхан. Энэ бол жад сэлэм барьдаг баатар биш, өөрийнхөө үйлээр, оюунаар гавьяа байгуулдаг баатрууд юм. Жинхэнэ сэхээтэн байхгүй тийм улс үндэстэн хэзээ ч хөгждөггүй юм байна. Хэзээ ч ардчилсан байж чаддаггүй. Ард түмэн нь хэзээ ч төлөвшдөггүй юм байна. Үндэсний ухамсар гэж юм бий болдоггүй. Үндэсний санаа гэж юм бүрддэггүй. Тэгэхээр Монголд үндэсний санаа нь юу юм бэ гэхээр надад тоймтой шууд хэлээд хариулах хүн байхгүй. Хятад зэрэг зарим улс орныг утга учиргүй үзэхгүй, эзэн Чингисийг яагаад гэдгийг нь мэдэхгүйгээр сохроор шүтэн бишрэн шүтдэг. Энэ бол бидний үндэсний санаа биш байхгүй юу. Эзэн Чингис хаан яагаад аугаа хүн байсан юм бэ гэдэг чинь Монголын анхны үндэсний санаа гэдэг юмыг бий болгосон хүн. Тэр хүн зөвхөн бусдыг айлгаж сүрдүүлээд, алж хядаад нэгдээд байсан юм биш. Байлдан дагууллынхаа үед л тийм байсан хүн. Тэгэхээр сэхээтэн гэдэг чинь зүгээр л цагаан гартнуудыг хэлдэггүй юм аа гэсэн ийм санаагаар тоглолтуудаа цөөхөн хүмүүсийн хүрээлэлд тоглодог. Ердөө 30 хүрэхгүй хүмүүсийн дунд хийж, хоорондоо санаагаа яриад явдаг. Бэлтгэл ажлын хүрээнд харьцангуй гайгүй. Тэр тоглолтыг зохион байгуулахад хэцүү биш.
-Хөгжлийн асуудлыг судалж явахад манай улс орны хөгжлийн гацаа нь юу байв?
-Арав гаруй жил хийсэн судалгааныхаа дүнгээр номоо бичээд дуусгасан. Тэр номоо Америкийн редактораар засуулаад, зассаныг нь би өөрөө дахин хянаж өөрчлөлтүүдээ оруулаад өчигдөр хэвлүүлэхээр явуулчихаад байж байна. Энэ ном төрсөн санаа нь Монгол Улс яагаад хөгждөггүй юм бэ гэсэн асуултыг 2016 онд өөрөөсөө асуусан. Асуухдаа зүгээр л нэг бодоод өнгөрөх биш, миний хувьд маш чухал асуудал болж хувирсан. Яагаад гэвэл, миний олон жил зорьж байсан ажил нурсан. Монгол Улсыг реформын аргаар өөрчилж болно гэж итгээд 1995 оноос хойш зүтгэлээ шүү дээ. Монгол Улсаа хөгжүүлнэ гэсэн ийм итгэл үнэмшил, бодлыг тээгээд ажиллаж ирсэн. Жишээ нь, хувийн ажлаа хийж байсан ч гэсэн эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн суурийг тавьсан, эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг гэхэд миний санаачилсан олон нийтийн байгууллага хийсэн байхгүй юу.Энд яг салбар салбарын мэргэшсэн мэргэжилтнүүд нь өөрсдөө дотор нь оролцсон.
Мэдээж ганцаараа сууж байгаад хийгээгүй. Гэхдээ үүнийг Азийн хөгжлийн банкнаас арван жил хэрэгжүүлээд амжилтад хүрэхгүй байсан төсөл байсан. Яагаад гэвэл Эрүүл мэндийн яамыг өөрчлөх гэсэн тул яам нь өөрөө үүнийг эсэргүүцээд ирсэн. Учир нь мөнгөний эрх мэдэл, эмнэлгийн дарга нарыг томилдог, хуваарилдаг энэ бүх эрхийг нь байхгүй болгоод Монголбанктай адил зөвхөн бодлогоо барьдаг болгоод гүйцэтгэлийг нь эмнэлгүүдэд тарааж өгнө гэж байлаа. Энэ ажлыг тэр үеийн Эрүүл мэндийн яам гацаачихаад байсан. Тэгэхээр бидний хэсэг нөхөд цуглараад Монголын эдийн засгийн форум дээр ингэж илтгэлээ тавиад улс төрийн дэмжлэгийг аваад, Засгийн газрын хэрэг эрхлэх газартай нийлээд парламент дотор найман гишүүн бүхий лобби групп үүсгээд тэгээд тэр хуулийг чинь нэг жилийн дотор батлуулчихаж байсан гэх мэтчилэн ажлуудыг бид салбаруудынхаа реформуудыг хийх гэж маш олон жил явсан. Тэгээд явж явж ийм аргаар өөрчилж болохгүй юм байна. Яагаад гэвэл байшингийн суурь нь хагарчихсан юм байна. Гэтэл бид дээврийг нь засна, цонхыг нь будна гээд яриад байдаг. Суурийг нь засахгүй бол суурьгүй байшин нурлаа гээд Хөдөлмөрийн үндэсний нам байгуулах ажилд шамдан орсон. Энэ явцад юу илэрсэн гэхээр Монгол Улсаа нурааж, сүйтгэж байгаа гол этгээдүүд нь улс төрийн намууд юм байна.
-Одоогийн нийгэмд жинхэнэ сэхээтнүүд байхгүй байна гэж ярьцгаадаг. Монгол хөгжихгүй, хүмүүс хөгжихгүй байгаагийн бас нэг шалтгаан байж ч болох юм шиг?
-1990 он чинь сэхээтнүүдийн хувьд их том сүйрэл байсан. Зөвхөн эдийн засгийн хувьд биш. Маргааш гэнэтхэн хувьсгал болоод чиний өнөөг хүртэл сурч мэдэж явсан бүх зүйл чинь ямар ч хэрэггүй болчихсон. Ингээд ирэхээр цааш нь яаж амьдрах уу, чи юунд итгэх юм. Миний аав ээжийнхний үе яг ингэж баларсан байхгүй юу. Яг ид хөдөлмөрлөж бүтээдэг насан дээр нь “Чиний мэдэж байгаа юм бүхэн одоо хэрэггүй. Наадахаа хогийн саванд хая” гэвэл яах уу. Би үүнийг хэзээ мэдэрсэн бэ гэхээр Америкт очоод сурч байхдаа XVII, XVIII зууны номнууд орж ирж байгаа байхгүй юу.
Энэ чинь манай аав ээж нарын хувьд сүйрэл байхгүй юу. Өчигдөрхөн панзчин хийж байсан хүн гэнэт том бизнесчин болчихсон, хулгайч худалч явсан хүн нь баян хүн болчихсон, увайгүй, ёс суртахуунгүй хүн нь дээд хүн мэт болчихсон. Өчигдөрхөн чиний буруу, муухай гэж бодож, итгэж ирсэн бүх юм нь хамгийн зөв зүйтэй болоод ирэх ямар байх вэ. Чиний нөгөө ухамсартай, зөв үйлдлүүд чинь буруу болчихоор тэр хүн сэхээтний үүргээ биелүүлж чадахаа больчихож байгаа байхгүй юу.
Хуучин сэхээтнүүдээ хяргаад хаячихлаа. Тэгэнгүүт шинээр сэхээтэн бүтээе гэтэл сэхээтэн чинь хүнийг хайрлана гэсэн суурин дээр бий болдог болохоос биш, хувиа хичээе гэсэн суурин дээр хэзээ ч бий болж чаддаггүй. Ер нь ямар улс хөгждөг гээч. Төлөвшсөн ард түмэнтэй улс орон хөгждөг юм билээ. Бид өнөөдөр өөрсдөө сэхээтнээ төрүүлж чадахгүй ард түмэн болчихоод байна. Сэхээтэнгүй ард түмэн мөхдөг. Энэ их тодорхой. Манай Монголд өнөөдөр сэхээтэн байхгүй. Энэ бол хэн нэгнийг буруутгахаас илүү сэхээтнүүдийгээ бий болгох хэрэгтэй байна. Сэхээтэн яаж бий болдог юм бэ гэхээр сэхээтэн удамшдаггүй. Одоо хагас галзуу хүмүүс гадуур их байна. Манай өвөө сайд байсан учраас би сэхээтэн гээд хачин юм яриад явж байдаг. Үгүй ээ, чи сайдын ач болохоос биш, сэхээтэн биш. Чиний өвөө чинь сэхээтэн байсан байж болно. Байсан ч байх. Гэхдээ чиний энэ бэртэгчин байж байгаа царай чинь чамайг сэхээтэн байх шалгуураараа тэнцэхгүй болчихож байна. Сэхээтэн байна гэдэг чинь бусдын төлөө сэтгэлтэй, мэдлэг туршлагатай, иргэний зоригтой, төлөвшсөн ийм дөрвөн шалгуурыг хангасан хүн л сэхээтэн байдаг.
Сэхээтэн чинь цэрэгтэй яг адилхан байдаг. Энхийн цагт ард түмэн нь тэднийг хүндэлж өнгөтэй өөдтэй бүхнээ барьдаг юм. Яг өнөөгийнх шиг ийм үед сэхээтний хэрэг жинхэнэ гардаг юм. Олонхын тэнэглэлийг, тэр ялангуяа харанхуй масс гэдэг чинь аль ч үед байсан. Зөвхөн өнөөдөр ч биш. Хүн төрөлхтний ихэнх нь харанхуй байсан. Өөрийнхөө үндэстний харанхуй хэсэг рүү тэгдэггүй юм аа гээд зоригтой дуугарч чаддаг. Элдэв доромжлол гутаалтыг юу гэж хэлж байсан ч тоохгүйгээр “Үгүй ээ, манай Монголын үндэсний эрх ашгийн үүднээс ийм байх ёстой. Та нар буруу бодож байна” гээд хэчнээн олон хүний өөдөөс сөрөн хэлэх зүрх, зоригтой хүмүүс л улс орноо авардаг болохоос биш дарга болоод алаад өгнө гэж ярьдаг хүмүүс жинхэнэ сэхээтэн биш.
-Цаашид бид юунд найдаж итгэх ёстой вэ?
-Өнөөгийн энэ увайгүй, арчаагүй, ёс суратхуунгүй байдлаас эрхбиш залхаж байгаа хүмүүс гарч ирэх болов уу гэж найдаж байгаа. Тэрнээс өгөөмөр сайхан сэтгэл дээр суурилж босож ирсэн гэхээсээ илүү энэ муу муухай, ёс зүйгүй, ёс суртахуунгүй, төлөвшилгүй, хувиа хичээсэн, бие биенээ үзэн ядсан, үл хүндэлсэн энэ үзэгдлээс залхаад, “Энэ ийм байж болохгүй шүү дээ” гэсээр өөр үндсэн дээр сэхээтнүүд гарч ирэх болов уу гэсэн горьдлого байна. Бид сэхээрэх хэрэгтэй байна. Мэдээж энэ дээр элдэв янзын арга техник байгаа. Тэрнийгээ хэрэгжүүлнэ. Хэрэгжүүлэхийн тулд үндсэндээ бид олон улсын дэмжлэгтэйгээр хөдөлж байж амжилтад хүрнэ. Тэрнээс хөмөрсөн тогоо шиг дотроо байж болохгүй. Яг үнэндээ манай улсад мөнгө байхгүй. Монголд ямар нэг юм бүтээн байгуулъя гэхээр нэлээд их мөнгө хэрэг болно. Монголд хөрөнгө оруулдаг тэнэг амьтан хаана ч үлдээгүй гэхэд хилсдэхгүй. Наад зах нь орж ирсэн гадны хөрөнгө оруулалттай газруудаа сөхрүүлээд ямар ч төр засаггүй юм шиг хэдэн хүн бүдүүлгээр дарамтлаад, нэгжээд, зодоод байж байхаар чинь хэн манай улсад хөрөнгө оруулах вэ. Засгийн газар нь гэрээ байгуулчихаад тэр гэрээг нь Их хурал нь соёрхон баталчихаад бид буруу гэрээ хийчихжээ. Энэ нөхцөлийг өөрчилье гээд яриад яваад байхаар чинь болохгүй биз дээ. Би уншаагүй юм аа, би мэдлэггүй байсан юм аа гэж болохгүй биз дээ. Анхнаасаа мэдлэгтэй хүнийг олоод хийлгэх нь яасан юм. Яагаад өмнө нь ийм гэрээ байгуулж үзээгүй нэг нөхрийг хэдэн үеэрээ, хэдэн зуунаараа ажиллаж ирсэн газартай гэрээ байгуул гэж явуулчихаад, эцэст нь тэднийгээ хулгайчаар нь дуудаад “Бид буруу гэрээ байгуулчихжээ, өөрчилье” гээд байх нь зохисгүй.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Б.НАНДИНЦЭЦЭГ







































.jpg)









.jpg)













.jpg)




Сэтгэгдэл