Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрхээ эдлэх ёстой
Улсын Их хурлын гишүүн Ж.Баясгалантай ярилцлаа.
-Ардчилсан намаас “Өөрчилье-Бүтээе” гэсэн үндэсний хөдөлгөөн өрнүүлж байгаа юм байна. Энэ хөдөлгөөний гол зорилго, хүлээж байгаа үр дүн юу вэ?
-Бид өөрчлөлтийн талаар бүхий л цаг үед ярьсаар ирсэн. Тэр дундаа сүүлийн 10 жилийн хугацаанд юу өөрчлөгдөж, хэрхэн дээрдсэн юм бэ. Өөрчлөлт гэдэг юу юм гэдгийг ярих ёстой болсон. Иргэдэд таатай амьдрах нөхцөл бүрдэхийг л өөрчлөлт гээд байгаа юм. Түүнээс биш иргэдийн амьдрал доошлоод байгааг өөрчлөлт гэж үзэхгүй. Улсын төсөв, дотоодын нийт бүтээгдэхүүн өсөөд байгааг ч өөрчлөлт гэж үзэх боломжгүй. Учир нь энэ өсөлт нь айл өрхийн хөргөгч, гал тогоонд яаж нөлөөлж, иргэдийн орлого, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улсаас авдаг тэтгэмж, ахмадуудын тэтгэврийн нэмэгдэлд хэрхэн нөлөө үзүүлж байна гэдгээр хэмжинэ. Энэ бүх асуудал шийдэгдэж байж л өөрчлөлт гэдэг зүйл гарч ирнэ. Харамсалтай нь өнөөдөр бүх зүйл зуун хувь эсрэгээрээ яваад байна. Ямар сайндаа сүүлдээ коммунист нийгэм чинь гоё юм биш үү гэдэг яриа хүртэл гарч байна. Бүх зүйлийг хавтгайруулсаар байгаад ийм болгочихлоо. Уг нь илүү хөдөлмөрлөсөн нь илүү амьдрах ёстой. Хоёрдугаарт, хэн ч ад үзэгдэхгүйгээр энэ улсад амьд явах эрхээ эдлэх ёстой. Гэтэл өнөөдөр хүнсний аюулгүй байдал, хотын утаа гээд энэ эрх хангагдахгүй байна шүү дээ.
Олон хүн амарч, зугаалдаг зуны улиралдаа хүртэл бензин, түлш байхгүй. Бүгд колонк дээр дугаарлаж, түгээгч рүү нь уурласан байдалтай л байна. Энэ бүхнийг л өөрчилье гээд байгаа юм. Гэхдээ өөрчлөлтийн тухай ярихаасаа би ичиж байна. Өнгөрсөн 36 жилийн турш ярьсан ч өөрчлөгдсөн зүйл алга.
-Тэгээд яг яах хэрэг вэ?
-Тэгэхээр өөрчлөлтийн тухай ярьж байгаа хүн зохиож ярих биш, ард түмнээсээ асуух цаг нь болсон.
Би гишүүн болоод Монгол Улсаа хоёр удаа бүтэн тойрлоо. Гишүүн болохоосоо өмнө дөрвөн удаа гээд нийтдээ зургаан удаа тойрсон. Хамгийн сүүлд тойрохдоо дандаа санал хүсэлтийг нь асуусан. Улаанбаатарт асуухаар цөөхөн хүмүүс оролцоод, утас хэрэглэдэг хэд нь л хамрагдаад байсан учраас яг аймаг, баг, хороон дээр нь очиж уулзсан. Ингэж явсны маань үр дүн ч гарсан.
-Ямар үр дүн гарсан бэ?
-Хүмүүс 2024 онд явж байхад хөдөлмөр эрхлэлтийг дэмжээд өгөөч ээ гэсэн. Хоёрдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэмүүлье гэдэг асуудлыг л тавьсан. Үүнийг нь тухайн үед ярьсаар байгаад 2025 оныг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлуулсан. Урьд жилүүдээсээ төсөл хөтөлбөрүүд арай ихэссэн. Гэхдээ л санасан хэмжээнд хүрч чадаагүй. Мөн 2025 онд төсөв хэлэлцэх үеэр маш их шаардлага тавьсан. Ёстой уйлж дуулж, гуйж, заримдаа өрөөнийх нь үүдэнд хүлээж, ёстой л дарамтлахаас бусад бүх л аргыг хэрэглэж байж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ тэтгэмжийг жаахан нэмүүлсэн. Энэ миний сайндаа хийсэн зүйл биш, тэр хүмүүсийн л хэлээд байгаа хүсэл байсан. Өөрчлөх ёстой зүйл чинь л энэ шүү дээ. Өнөөдөр инфляци 15 хувь, махны хувьд бүр 40 хувь хүрчихлээ. Тэр хүмүүс чинь хүслээрээ хөгжлийн бэрхшээлтэй болоогүй. Энэ хүмүүс хүний дайтай амьд явах эрхтэй. Түүнээс биш одоогийнх шиг амь зогоох хэмжээнд байх ёсгүй. Тиймээс энэ “Өөрчилье-Бүтээе” гэдэг зүйл дээр сошиалаар санал авах нь худлаа гэж үзэж байгаа. Цахим орчинд идэвхтэй хүмүүс л санал өгнө. Та бод, 302 мянган төгрөгийн тэтгэмжийг нь нэмээд 320 мянга болгосон. Ийм мөнгө авч байгаа хүн сошиалыг идэвхтэй хэрэглэж чадах уу. Тийм болохоор энэ хүмүүстэй очиж уулзаж, Баян-Өлгий аймгийн Ар хуст баг, Дорнод аймгийн Матад сумын III багт очиж, асуудлыг нь сонсож байж өөрчлөлтийг бид хийнэ. Үүний дараа өөрчлөлтийг хийж, хэрэгжүүлэх ёстой. Тэгж чадахгүй бол үүнийг эхлүүлээд ч хэрэггүй. Тиймээс хэрэгжилтэд нь маш сайн анхаарна.
-Араас нь нэлээд шахаж, шаардана гэсэн үг үү?
-Шахаж, шаардалгүй яах вэ. Дээрээс нь шатахууны хомсдолын талаар бид эхнээс нь л үнэнээ хэлчих ёстой байсан юм. Худал хуурмагийн цаана л булхай явж байдаг. Ямар ч асуудалгүй гурван сарын нөөцтэй гэж байснаа л гуравхан хоногийн дараа нөөц байхгүй болоод хувирчихсан. Өнөөдөр бензин өгч байгаа газрууд нь 4960 төгрөгийн үнэтэй Евро-92 өгч байна. Энгийн АИ-92 алга. Шатахууны үнийг нэмээгүй гэж байгаа боловч үнэтэй евро-92 зарж байна.
-Харамсалтай нь тэр шатахуун нь яг евро-92 мөн үү гэдэг дээр хэн хяналт тавьж байгаа нь тодорхойгүй л байх шиг байх юм. Үүн дээр юу хэлэх вэ?
-Энэ асуудал дээр Б.Пүрэвдорж гишүүн маш их ажиллаад, биш байна гэхээр түүнийг нь үгүйсгээд л байгаа. Гэтэл үнэхээр тэр дамласан үнээр өгөөд байгааг нь евро-92 мөн эсэхэд яаж итгэх юм. Засгийн газар өнөөдөр хэлснээ, маргааш нь үгүйсгээд байна шүү дээ. Тиймээс л өөрчлөх юмаа яг хийгээд өгөөч гээд байгаа юм.
-Танай намаас ээлжит бус чуулган хуралдуулж, төсөвт тодотгол хийхийг шаардсан. Ямар ч байсан өнгөрсөн долоо хоногт тодотгол хийх асуудлаа Засгийн газраас өргөн барьчихлаа. Та бүхний хүссэн, шаардсан шиг тодотгол хийхээр байна уу?
-Ардчилсан намын гэхээсээ илүү ард түмний хүсэл байгаа юм. Тиймээс төсвийн тодотголыг ил болгоод ард түмэндээ харуулах хэрэгтэй. Бид хөргөгчиндөө хоолгүй хэрнээ брэндийн хувцсаар гангарч байгаа юм шиг олон жил яваад сурчихсан юм байна. Төрийн мөнгө уйлдаггүй гэдэг. Гэтэл улс гэдэг чинь айл өрхийн томсгосон л хэлбэр шүү дээ. Айл санхүүгээр хүндэрвэл тансаг хэрэглээгээ танаж, хоолоо идээд хуримтлал үүсгэдэг. Гэвч манай улсад ингэж байгаа юм алга. Иргэдийнхээ хоолыг багасгаад төр, засагт байгаа хэдэн хүмүүс хэрхэн мөнгө олж болох вэ арга хэмжээнүүдээ л нэмээд байна. Тиймээс үүнийгээ болиоч ээ. Төсвийг хоёр их наядаар танана гэж байгаа юм. Үүнээс ч илүүгээр танах боломжтой. Ирээдүйд хэзээ ч хэрэгжихгүй төсөл, арга хэмжээнд зарцуулаад байгаа мөнгөө болих ёстой. Төр нь өөрөө зөвшөөрөл өгсөн юм бол бизнес хийж байгаа хүмүүсээ хамгаалаач, Татварын хөнгөлөлт үзүүлээч. Ингэхгүйгээр ажил хийж байгаа хэдийнхээ нуруун дээр дараад ажил хийхгүй байгаа хүмүүстээ зориулдаг арга барилаа болих хэрэгтэй. Тиймээс төсвийн тодотгол дээр маш сайн сууна. Бидний хүссэн хэмжээнд тодотгоогүй гэж харж байгаа.
-Ээлжит бус чуулган хуралдуулах болов уу. Тэгэхгүй бол есдүгээр сарын 15-наас ирэх оны төсвөө хэлэлцэж эхлэх ёстой биз дээ?
-Цаг хугацаагаар тэгж барьж ажиллаад сурчихсан юм билээ л дээ. Тулгаад л, дараагийнх нь болохгүй гээд дайрчихдаг. Тэгээд хүчээр шийддэг байдал өнөөдөр хэрэгжээд байна. Уг нь есдүгээр сарын 15-наас өмнө ээлжит бус чуулган зарлаад, яг төсвийн тодотгол дээрээ суугаад хэлэлцчих хэрэгтэй. Харамсалтай нь ээлжит бус чуулган зарлах эсэх нь тодорхойгүй байна. Гишүүд маань тойрогтоо, COP17 гээд ажиллацгааж байгаа. Хэрвээ ээлжит бус чуулган зарлавал хуралдаа ирэхгүй гэх гишүүн гарахгүй байх аа.
-Засгийн газрыг бүтцээ багасга гэдэг зүйлийг ч танай нам ярьсан. Хэрэв ингэвэл төсөв, зардал хэмнэнэ гэж үзээд ийм шаардлага тавьж байгаа юм уу?
-Ерөөсөө төр данхар байна гэдэг л хамгийн буруу асуудал. Цомхон төр байх хэрэгтэй. Ингэж байж зардал, олон уулзалт, семинар багасна. Монгол хурал зөвлөгөөнөөр өнөөдөр дутаагүй. Тэр олон машиных нь хэрэглээ байхгүй болно. УИХ-ын гишүүд бүгдээрээ л хувийнхаа машинаа унаад болж л байна шүү дээ. Үүн шиг сайд нар нь ч гэсэн хувийнхаа машиныг уна л даа. Яам цөөхөн байх ёстой. Чиг үүргийн хувьд харин зөв тодорхойлох ёстой. Жишээ нь, Соёлын яам гэдэг чинь соёлын, гэгээрлийн яам байх ёстой. Гэтэл өнөөдөр олон нийтийн соёл ямар байна. Монголд таргалалт, өвчлөл ямар байгаа билээ. Гэтэл эрүүл мэндийн яам нь олигтой арга хэмжээ авдаггүй. Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсээ л эмчлэх гээд байгаа болохоос биш яаж эмнэлэгт хэвтэтлээ өвчлүүлэхгүй байх вэ гэдэг дээр анхаардаггүй. Үүн дээр ч гэсэн тэр Соёлын яам чинь хэрэгтэй. Яамд ер нь маш олон бүтэцтэй. Дээрээс нь тэнд ямар ч ажил хийдэггүй хүмүүс зөндөө байдаг. Үеийн үед л байсаар ирсэн. Тэднээс ямар ч үр дүн гардаггүй.
-Засгийн газарт хариуцлага тооцох АН-ын бичигт Ч.Лодойсамбуу гишүүн гарын үсэг зураагүй. Хариуцлага тооцно гэсэн байсан. Бас нэг зураагүй гишүүн нь таныг гэх юм. Та яагаад гарын үсгээ зураагүй юм бэ?
-Миний хувьд эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн чөлөөтэй байж байгаад ажилдаа өнөөдөр (өчигдөр) орж байна. Ажилдаа ирээд гарын үсгээ зурсан. Яагаад гэвэл энэ чинь намаас, бүлгээс гарсан шийдвэр. Харин Ч.Лодойсамбуу гишүүнийг буруутгах арга байхгүй. Ардаа маш олон сонгогч төлөөлж сууж байгаа УИХ-ын гишүүн хүн шүү дээ. Тэгэхээр гарын үсгээ зурах эсэх нь Ч.Лодойсамбуу гишүүний өөрийнх нь эрх. Ардчилсан нийгэм шүү дээ. Миний хувьд энэ бол Засгийн газрыг сайн ажиллаад өгөөч ээ гэсэн шаардлага. Түүнээс шууд унаад, буугаад, нураад өгөөч ээ гэсэн зүйл биш. Ажлаа олигтойхон хийгээч, амлалтуудаа биелүүлээч л гэсэн шаардлага юм. Ард түмэн тэр чигээрээ л шаардаж байна. Бензинээр ажилладаг цахилгаан саалтуураар үхрээ сааж чадахгүй, өвдсөн нэгийгээ мотоциклоороо сумын төв хүргээд өгч чадахгүй байгаа хүн бүр л шаардаж байна. Ардчилсан намыг засаг унагаах гэлээ л гээд байгаа юм. Тэгвэл муу засаг, ажил хийхгүй байгаа нөхдүүдийг солихгүй яах юм. Гэхдээ энэ нь нөгөө талдаа эрх баригч намынхны бас нэг тоглолтын арга хэрэгсэл болчих гээд байна. Эхний 20 сайдаа солилоо, дараагийн 20 нь хоолондоо ордог. Энэ байдлаар сонгогдсон бүх гишүүн нь сайд болчихоод бууж байгаа юм. Сайд болохоороо хэвлэлийн алба, төсөвтэй болчихдог. Түүгээрээ 2028 оныхоо сурталчилгааг л хийж байна. Түүнээс биш салбартаа хийж байгаа юм алга.
-Ардчилсан намын бүлэг өнгөрсөн долоо хоногт ээлжит бусаар хуралдсан. Таны хувьд оролцож амжсан уу. Яг ямар асуудал хэлэлцсэн юм бэ?
-Өнгөрсөн бүлгийн хуралдаа оролцож амжаагүй. Би эмнэлгийн чөлөөтэй, эмчилгээтэй байсан гэдгээ түрүүн хэлсэн. Гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл бол авсан. Түүнийхээ ч дагуу шаардлагын гарын үсэг цуглуулаад “Өөрчилье-Бүтээе” аяныг эхлүүлээд явж байна. Манай намын бүлэг харьцангуй шийдвэрээ дагаж байгаа. Харин бүлгийн шийдвэр Ардчилсан намын эрх ашгийн төлөө биш, ард иргэдийнхээ эрх ашгийн төлөө байгаасай л гэж би хүсдэг.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Т.ДАРХАНХӨВСГӨЛ




























































.jpg)








Сэтгэгдэл