Д.Лхагвасүрэн: Ам.долларын ханшийг тодорхойлоход хоёр зүйл нөлөөлж байгаа

Д.Тулга / Эдийн засаг

LhagwasurenЭдийн засагч Д.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

-Сүүлийн хоёр сарын турш ам.долларын ханш өсч 2000 төгрөгт хүрлээ. Энэ нь манай эдийн засагт сөргөөр нөлөөлж байна гэж яриад байдаг. Гэтэл ам.долларын ханшийн өсөлтийг эерэгээр ашиглах боломж бий юу?

-Тийм боломж их бий. Болдогсон бол, олон хүмүүст төгрөгийн ханш буурах нь бидэнд тийм муу эд биш шүү гэдгийг ойлгуулах хэрэгтэй байна.Дэлхийн эдийн засгийн өнөөгийн нөxцөлд бусад орнууд яагаад үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг бага байлгах сонирхолтой байна вэ гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Гэтэл манайд төгрөгийн ханш буурахаар уурлаж уцаарлаx хүмүүс их байдаг.Үүнээс болж бид бие даасан мөнгөний бодлоготой тусгаар улс гэдгээ умартан, Монголбанкны хийж болох ажлыг хийлгэхгүй байна.

Өнгөрөгч оны эхний зургаан сарын инфляци 7%-тай байсан. Харин одоо энэжил уг тоо 3% болтлоо буурчихсан байдаг. Ойрын жилүүдэд бид ийм бага инфляцтай байгаагүй. Ийм үед мөнгөний нийлүүлэлтийг нэмэх замаар, үйлдвэрлэлийг урамшуулах, хэрэглээ, үйлдвэрлэл үйлчилгээг богино хугацаанд тэлэх боломжтой. Гэтэл мөнгөний нийлүүлэлт өсөх биш буурсан байна. Ядаж л хүн амынхаа өсөлтийн хурдыг дагаад өсөх ёстой мөнгөний нийлүүлэлт, хүн амаасаа удаан өсч байгаа нь маш сонин.Долларын ханш гэж их ярьсаар, Монголбанк гэсэн мэргэжлийн байгууллагын ажлыг хийлгэдэггүй хүмүүс үүнийг ойлгох хэрэгтэй.

-Төсөв талаасаа юуг анхаарах ёстой вэ?

-Ийм үед төсвөө танаад байж болохгүй. Инфляци харьцангуй бага болсон байхад дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих бодлого буруу биш.Нэг жишээ хэлье. Дундаж өрхөд 100 мянган төгрөг өгөх, чинээлэг өрхөд 100 мянган төгрөг өгөх нь нягтлан бодох талаасаа адилхан мэт боловч эдийн засаг талаасаа том ялгаатай. 10 дундаж өрхөд 100 мянган төгрөг өгөхөд тэр мөнгө бараг бүхэлдээ мах, сүү, гурил гэх мэтээp дотоодын эдийн засаг руу эргээд ордог. Чинээлэг өрхөд өгсөн 1 сая төгрөг нь үнэтэй импортын бараанд шингэдэг. Тэгэхээр төсвийн мөнгийг танана гээд ня-бо аргаар асуудалд хандах ёстой биш, харин төсвийн мөнгө хаашаа явж байгаа гэдгийг сайн бодох хэрэгтэй.

-Ам.долларын ханшийн өсөлтийг ХАА-н салбарт эерэгээр ашиглах боломжтой гэж харж болох уу?

-Тийм ээ. Уул уурхайгаас хямд олддог сул доллар орж ирэхгүй байгаа тохиолдолд уул уурхайн бус салбарууд сэргэдэг. Tөгрөгийг хүчээр чангатгах юм бол манай улсын бүтээгдэхүүн гадны улсад үнэтэй, гадны бараа бүтээгдэхүүн манай улсад хямдхан болчихно. Одоо бол уул уурхайн том тоглолтууд татарчихсан үед эсрэгээрээ болж байна. Өөрөөр хэлбэл,бид нөгөө жигшээд байдаг Голланд өвчнөөсөө эдгэрч байна гэсэн үг.Одоо манай бараа бүтээгдэхүүн урд хөршид хямдхан, урд хөршийн бараа бүтээгдэхүүн манайд үнэтэй болсон цаг. Тэгэхээр Эрээнээс үнэтэй буйдан авахын оронд, дотооддоо хийсэн буйдан авах нь хэрэглэгчдэд илүү ойлгомжтой шийдэл. Гэх мэтээр, боловсруулах үйлдвэр, ХАА-н зарим үйлдвэрлэлийн хувьд гадаад нөхцөл маш сайн байгаа. Эдгээр салбаруудын экспорт сүүлийн жил хагасын дотор 20-60% хүртэл өссөн. Долларын ханшаар улс төр хийдэг хүмүүс энэ томтоог анзаардаггүй. Бид ирээдүйдээ итгэдэг тусгаар улс учир энэ тоогоороо илүү бахархах ёстой.

-Цаашид ам.долларын өсөлт үргэлжилнэ гэж та харж байна уу?

-Хятадад яг одоо баяр ёслолын үе таарч байна. Ирэх долоо хоногоос хөдөлгөөнд ороод ирэхээр хаашаа яаж хөдлөх вэ гэдэг чиглэл нь тодорхой болно. Ам.долларын ханшийн өсөлтийг тодорхойлоход хоёр том хүчин зүйл нөлөөлж байгаа. Нэгдүгээрт, Хятад улс манай түүхий эдийг хэр худалдаж авах вэ, хоёрдугаарт АНУ-д юу болж байна вэ гэдгийг харах хэрэгтэй.

Монголд эдийн засгийн байдал хэвээрээ үргэлжилсэн ч гэсэн АНУ-ын эдийн засаг чангараад ам.доллар чангарчих юм бол төгрөг сулрахаас аргагүй болно. Тэгэхээр ам.долларын ханш Монголд юу болж байна, гадаадад юу болж байна гэдэг хоёр хүчин зүйлээс хамаарна. АНУ-ын эдийн засаг эерэг талдаа байна. Хятадын эдийн засаг тийм ч эерэг биш байна. Хятадад аж үйлдвэрлэлийн салбар нь багагүй уналттай байна. Энэ нь түүхийн эдийн хэрэгцээ нь бага болж байна гэсэн үг. Тэгэхээр манайхаас авах хэрэгцээ нь доогуур харагдаж байгаа.

Гэхдээ АНУ-ын ажилгүйдэл нь буураад байгаа болохоор эдийн засгийн эрэлт нь өсч, Хятадаас бараа авах бололцоо нь нэмэгдсэнээр эргээд манайд эерэг үр дүн ирэх боломж бий. Тиймээс хоёр том гүрнийг ажиглах хэрэгтэй. Ам.долларын ханш дан ганц манай дотоодоос шийдэгдэх асуудал биш.

-Шанхайн хөрөнгийн бирж дээрх огцом уналт Европыг ч сандаргасан. Энэ нь хөрөнгө оруулагчдад томоохон болгоомжлол үүсгэчихлээ. Энэ нөхцөл байдал манайд хэрхэн нөлөөлөх бол?

-Ойрын хугацаанд сөргөөр нөлөөлнө. Дунд хугацаандаа бол эргээд сайжирна. Манай улсын эдийн засгийн нэг онцлог нь түүхий эдээ Хятад руу гаргадаг, маш олон төрлийн бүтээгдэхүүнийг Хятадаас авдаг. Тэгэхээр үйлдвэрлэгчээ, экспортлогчдоо бодох юм бол дунд хугацаандаа сайн.

Lhagwasuren

-Дэлхийн эдийн засаг саарч эхлээд байна. Гэтэл зэсийн ханш огцом буурлаа. Тэгэхээр манай улсын төсөвт дарамт ирж байна гэж харж болох уу?

-Сүүлийн хоёр жил орчим явсан гадаад дарамт үргэлжилж байнa. Дэлхийн эдийн засаг өсөлттэй байж байгаад дэлхий нийтээрээ бага өсөлтөд дасах цаг нь болсон. Хятад, АНУ, Европ гэлтгүй ерөнхийдөө зогсолттой байгаа энэ үед 2 хувийн өсөлтөнд дасах ёстой гэж зарим хүмүүс яриад байгаа нь ортой байх.

Гэхдээ бид шинэ мэдээ бүхэнд айж цочирдож болохгүй. Эдийн засаг нь өөрөө амьд тул шинэ орчинд дасан зохицохдоо сайн. Доллар чанга байсан сүүлийн жилүүдэд манай зарим экспорт огцом сайжирлаа шүү дээ.

-Монголын эдийн засаг хямралтай байна гэх яриа тасрахаа больсон. Үнэхээр эдийн засаг тэгтлээ туйлдсан хэрэг үү?

-Хямрал гэдэг үгийг хэлэх амархан. Яг тоогоор нь аваад үзэх юм бол 3%-ийн өсөлтийг хямрал гэх макро эдийн засагч байхгүй. 90-ээд оны дунд үеийн Өмнөд Солонгост юу болж байсныг хүмүүс амархан мартжээ. АНУ-д 3% гэдэг бол том өсөлт, том тоо.

Эдийн засагчдын, судлаачдын зүгээс энэ бүхнийг ресешн буюу эдийн засгийн өсөлт удааширсан үе гэж үздэг. Өөрөөр хэлбэл бид уул өөд мацаж байхдаа жижиг энхэл донхолыг давах ёстой гэсэн санаа. Гэхдээ эдийн засаг 3%-аар өсч байна гээд Америкийн тоотой харьцуулаад сууж болохгүй. Ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Манай 3%, Америкийн 3%-ийн хооронд ялгаа бий. Манай эдийн засгийн өсөлт өрхүүддээ наалдац багатай, гэхдээ сайжрах боломжууд нэмэгдэж байгаа.

-Эдийн засгийн удаашралтай энэ үед тэтгэвэр, тэтгэмж, халамж зэргийг буруулах хэрэгтэй хэмээн нэг хэсэг нь ярьдаг. Гэтэл таBloomberg-т өгсөн нэг ярилцлагадаа эдгээрийг танах нь буруу гэж хариулсан байсан. Үүнийг тайлбарлавал?

-Улс орнуудын туршлагаас харж болно л доо. Санхүүгийн хямралын дараа буюу 2009 он гэхэд Европ, Америк хоёулаа 10 хувийн ажилгүйдэлтэй байсан. АНУ маш хүчтэй төсвийн тэлэх бодлого явуулсан. Ажилгүй хүмүүстээ 26 долоо хоног тэтгэмж өгдөг байснаа түүнийгээ эдийн засгийн хүндрэлтэй үед 99 долоо хоног болтол сунгасан. Өөрөөр хэлбэл, хагас жилийн тэтгэмжийг хоёр жил болтол сунгасан гэсэн үг. Яагаад ажилгүй хүмүүстээ ийм хэмжээний мөнгө өгсөн бэ гэвэл, тэдгээр ажилгүйчүүдэд өгсөн мөнгө нь дотоодын эдийн засагтаа шууд ордогтой холбоотой. Өөрөөр хэлбэл ажилгүй хүмүүст өгсөн мөнгө эргээд эдийн засгийн эргэлтэд орж, эдийн засгаа, үйлдвэр аж ахуйгаа урамшуулж байсан. Энэ бүхний үр дүнд АНУ-д ажилгүйдэл өнөөдөр 5.2 хувиас доошоо буусан. Харин Европт бол 2009 онд ажилгүйдэл ямар байсан бараг тэр хэвээрээ байгаа. Энэ нь эдийн засаг суларсан үед тэлэх бодлого явуулах нь тэнэг зүйл биш гэдгийг харуулж байна.

Жишээлбэл, бид өнөөдөр нэгажилгүй хүндээ 100 мянган төгрөг өглөө гэж бодоход тэр мөнгө хаашаа орох вэ? Mах, сүү, гурил л болно. Тэр мөнгө Louis Vuitton буюy ямар нэгэн гаднын бүтээгдэхүүний тансаг хэрэглээ болохгүй. Тэгэхээр эдийн засгийг макро эдийн засаг талаас нь харах нь чухал. Түүнээс нягтлан бодох талаас нь хараад байвал хэрэг бага.

-Үүнтэй холбогдуулаад асуухад. Манайд долларын уналт, өсөлтөөс илүүтэй ажил эрхлэлтийн асуудал чухал байгаа. Энэ жилийн хувьд ажилгүйдэл өмнөх оныхоос буурсан тоон үзүүлэлттэй гарсан боловч бодит байдал дээр өөр байгаад байдаг?

-Энэ бол маш чухал ойлголт. Зөвхөн ажилгүйдлийн түвшинг хараад, сүүлийн хэдэн жил aжилгүйдлийн түвшин 8% дээрээ байсаар байгаа тул aжил эрхлэлт өөрчлөгдөөгүй юм шиг ойлгох хүмүүс зөндөө бий.

Гэтэл нэг сард шинээр ажилд орж байгаа хүмүүсийн тоо цөөрсөн,шинээр хөдөлмөрийн зах зээлд бүртгүүлж байгаа ажилгүй хүмүүсийн тоо өссөн байгаа. Тэгэхээр нэг хүний ажил олох магадлал нь хамаагүй буурсан гэсэн үг.

Ажилгүйдлийг манай улсад ерөөсөө тоохгүй байна. Улс төрд ч ажилгүйдлийн талаар итгэлтэй ярьж байгаа хүн ховор. Улс орнуудын хэвлэл мэдээлэлээс харвал ажилгүйдлийн тухай яриагүй эдийн засгийн мэдээ бараг үгүй. Эдийн засгийн өсөлт хүндээ хүрэх шилдэг арга бол ажил эрхлэлтийг сайжруулах.

-Эдийн засагчдын үзэж буйгаар манай одоогийн эдийн засгийн нөхцөл байдал бол туулж өнгөрөх ёстой нэг үе шат гэж тайлбарлаж байгаа. Монголын эдийн засгийн төлөв цаашид ямар байх дүр зураг ажиглагдаж байна?

-Хятад улс эдийн засгийн ерөнхий өсөлтөд их анхаарсан, харин одоо эдийн засгийнхаа дотоод агуулга, ялангуяа иргэдийнхээ хэрэглээ, салбаруудынхаа харьцааны хувьд илүү анхаарах хэрэгтэй болж байна. Өнгөрсөн хавар манайд айлчилсан Энэтхэгийн Ерөнхий сайд Моди бас л энэ тухай ярьж, Энэтхэгт ийм чиг баримжаа хэрэгтэй гэж байгаа. Хятадын эдийн засаг бүтцийнхээ хувьд томоохон шинэчлэл дундуур явах хэрэгтэй болж байна.

Энэ шинэчлэл нь Монголын эдийн засагт хэцүү хэцүү томсавлалт үүсгэхгүйгээр харьцангуй тогтвортой байдлаар явбал бидэнд илүү сайн. Хурдтай өөрчлөгдөж байгаа, том эдийн засагтай том хөршүүдээ бид хянамгай ажиглах ёстой.

Бидэнд малчин хүний эрдэмилүү сайн сургамжтай. Жинхэнэ малч хүн дараа жил миний мал өсөх үү, цөөрөх үү хэмээн шоо хаяж мэрэг тавьж суудаггүй. Харин, малч хүнцаг агаараа шинжин, болзошгүй ган, зудад яавал дээрийг тунгаан, ажил үйлсдээ шамдан малаа малладаг.

Ц.ТАМИР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.