УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2025.06.23/ ээлжит хуралдаанаар бүлгийн даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон учир шинээр бүлгийн даргыг томилох шаардлага үүссэн юм.
Хуралдааны танхимаас УИХ-ын гишүүн Жадамбын Бат-Эрдэнэ, УИХ гишүүн Лувсанцэрэнгийн Энх-Амгалан нар нэр дэвшиж, хуралдаанд оролцсон гишүүд саналаа нууцаар хураалган, Ж.Бат-Эрдэнэ сонгогдлоо. Ийнхүү өнөөдрөөс эхлэн УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллахаар болж байна.
Түүнчлэн, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах хууль, тогтоомжийн төслийн танилцуулгыг сонсож, холбогдох байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.
Засгийн газраас боловсруулж буй "Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл болон УИХ-ын гишүүн Б.Түвшин, Д.Батбаяр нарын өргөн мэдүүлсэн “Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслүүдийг хэлэлцэж тус хоёр хуулийн төслийг цаашид ажлын хэсэг гарган илүү нарийвчлах, хамтатган судлах шаардлагатай гэж МАН-ын бүлгийн гишүүд үзлээ.
Мөн “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслүүдийн танилцуулгуудыг сонслоо.
Сэтгэгдэл
Mongol [202.55.188.43] 2025-06-23 18:20:10
МАН сүйрлээ!