ЧУУЛГАН: Харамсалтай нь, 30 жилийн гажуудлыг нэг өдөр өргөс авсан юм шиг засах боломж алга

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.06.23/ ээлжит бус нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр товлосон.

Ерөнхий сайд Г.Занданшатар хуралдааны эхэнд тус хуулийн төслийн талаар танилцуулга хийв. Засгийн газрын үйл ажиллагаа шуурхай, тасралтгүй байх зарчимд үндэслэн Засгийн газрын бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг хадгалах зорилгоор өмнөх Засгийн газрын бүтцийг зарчмын хувьд хэвээр үлдээж, бүрэлдэхүүний хувьд Ерөнхий сайд, Засгийн газрын 19 гишүүнтэй ажиллах нь зүйтэй гэж үзжээ.

УИХ-аас 2024 оны долдугаар сарын 10-ны өдөр баталсан Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах буюу тус хуулийн 1 дүгээр зүйлд заасан Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны даргатай холбоотой хэсгийг тус тус хүчингүй болгохоор хуулийн төсөлд тусгасан байна

Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахтай холбогдуулан Үндэсний баялгийн сангийн асуудал, төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах нэгдсэн бодлого, төрийн бүтээмж, нээлттэй засаглалын түншлэлийн асуудал, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих асуудлыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын, хууль тогтоомж,

Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих асуудлыг Монгол Улсын сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын, хилийн бүс дэх тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээг хөгжүүлэх, хилийн боомтын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хилийн боомтын болон стратегийн орд газрыг холбосон дэд бүтцийн бүтээн байгуулалт, шинэчлэлийн асуудлыг Сангийн сайдын,

хотын хэт төвлөрлийг сааруулах, нийгмийн үйлчилгээг 20 минутын дотор авах хүнд ээлтэй шинэ орчин, нөхцөлийг бүрдүүлэх бодлого зохицуулалт, авто замын түгжрэлийг бууруулах асуудлыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын эрхлэх асуудалд тус тус хамааруулахаар заасан.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Засгийн газрын зарим гишүүний эрхлэх асуудлын хүрээний нийцлийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газар дахь хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,

Монгол Улсын Хилийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг тус тус боловсруулсан байна.

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж чуулганы нэгдсэн хуралдааны үеэр тэтгэврийн зээлтэй холбоотой асуудлаар төв банкны ерөнхийлөгчийг мэдээлэл хийхийг хүсэв. Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногийн ням гаригт Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон Хаан банкны гүйцэтгэх захирал Мөнхтуяа нартай уулзахад тэтгэврийн зээлийг хуучнаар нь олгоод явна, энэ талаар өнөөдөр хэлэлийн хурал хийнэ гэж амласан. Гэтэл мэдээлэл хийсэнгүй.

Хэрвээ пүрэв гаригт мэдээлэл хийхгүй бол Баасан гаригаас жагсаал зохион байгуулна гэж уриална. Манай ахмадууд гараад ирнэ. 100 хувийн төлөлттэй зээлийг хаах ямар шаардлага байгаа юм бэ. Зээл авсан ахмад өнгөрлөө гэхэд ард нь батлан даагч хүүхэд нь төлдөг, ямар ч зээлийн эрсдэл гардаггүй.

Хэдэн төгрөгийн зээл аваад төлөх нь та нарт ямар хамаатай юм бэ. Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч, Хаан, Төрийн банкны захирлуудтай хамт гарч ирж зөв мэдээллээ өгч, доошоо журам дүрмээ хүргэх ажлыг хийгээрэй шаардаж байна" гэ.

УИХ-ын гишүүн Г.Ганбаатар "Хамгийн том ажил олгогч Засгийн газар боллоо гэж Ерөнхий сайд та хэлж байна. Бүтцийн хуулиа эхэлж оруулж ирээд дараа нь Засгийн газраа байгуулсан бол зүгээр байсан. Үндсэн хууль зөрчсөн эсэхийг цаг хугацаа харуулах биз. Хууль нь өмнөө орж ирсэн бол санал хэлэх гээд байсан юм. Цомхон, цаг үедээ зохицсон Засгийн газар байгуулахаар оруулж ирэх болов уу гэсэн хүлээлттэй байсан.

2015 онд Хятад улс Цахим худалдааны тухай хуулиа баталж байсан. Бид цахим худалдааг зохицуулах эрх зүйн орчингүй явж ирлээ. Худалдааны яам байгуулах байсан болов уу гэж боддог. Цахим орчинд худалдааны салбар хил хязгааргүй болж гадагшаа урсаж байгаа мөнгөн гүйлгээг яаж хянах вэ. Гаальтай каргогоос хэрхэн татвар авах вэ. Зохицуулалт байхгүйгээс үндэсний үйлдвэрлэгчээсээ илүү ашиг олдог орчинд амьдарч байна. Энэ асуудалд ямар байр суурь баримтлах вэ" гэж асуув.

Ерөнхий сайд Г.Занданшатар "Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн хэлэлцүүлэг дээр ямар нэг хуулийн зөрчил байхгүй. 2021 онд Засгийн газрын гишүүдээ томилоод Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахгүй явж байгаад жилийн дараа өөрчлөлт оруулж байсан жишиг бий. Хоёрдугаарт, тантай 100 хувь санал нэг байна.

Эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийхгүй бол худалдааг дэмждэг эдийн засаг болсон. Нэмүү өртөг нэмдэг үндэсний үйлдвэрлэлийн салбар хохиролтой, худалдааны бодлого алдагдсан. Худалдааны яам, Экспорт, импортын зөвлөл, хороо, Экспорт, импортын банк, гааль гэсэн цогц тогтолцоо байж худалдааны схем, худалдааны эрх зүйн орчин бүтэц тогтолцоо ажилладаг журамтай. Харамсалтай нь, 30 жилийн гажуудлыг нэг өдөр өргөс авсан юм шиг засах боломж алга.

Эдийн засаг хөгжлийн яамыг шинээр байгуулж, худалдааны бодлогоо зангидъя гэж төлөвлөж анх эдийн засгийн хөгжлийн бодлого тогтвортой байна гэсэн үндсэн санааг Үндсэн хуульд оруулсан.

Үсрэнгүй хөгжлийн загварыг цахим шилжилтээр хийх бололцоотой. Энэнд бид онцгой анхаарч ажиллана. Цахим худалдааны хуулийг өргөн барих ёстой гэсэн санаачлагыг дэмжиж ажиллана, хамтарч ажиллахыг хүсэж байна" гэлээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [66.181.182.9] 2025-06-23 20:56:05

Таны л гавьяа гадаадын хөрөнгө оруулалтыг хөөх хууль чинь энэ улсад үсрэнгүй хөгжилийг авчирсандаа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000